Дэлхийн орнуудад хүүхэд хамгааллыг сайжруулахыг уриалж байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Сүүлийн үед дэлхийн улс орнуудад хүүхэд хамгааллыг сайжруулахыг уриалж, өөрчлөлт хийхийг уриалах болжээ. Ийм уриалга явсан хэд хэдэн орнуудын жишээг харцгаая.
Унгар
Өнгөрсөн сарын сүүлээр сөрөг хүчний удирдагч, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны өрсөлдөгч Питер Магяар хүүхэд хамгааллын тогтолцоог чангатгахыг шаардсан жагсаалыг удирдан явуулжээ.
Тус жагсаалд олон мянган хүн оролцсон юм. Жагсагчид Будапешт дахь Унгарын Дотоод хэргийн яамны гадаа цугларч, Дотоод хэргийн сайд Шандор Пинтерийг төрийн байгууллагуудад гарч буй хүүхэд хүчирхийллийн тохиолдлуудыг сэргийлж чадаагүй учир огцрохыг шаардсан байна.
Унгарын Ерөнхийлөгч Каталин Новак 2023 оны дөрөвдүгээр сард төрийн өмчит хүүхдийн асрамжийн газарт гарсан хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хэргийг нуун дарагдуулсан хүнд ерөнхийлөгчийн өршөөл өгсөн нь энэ жилийн эхээр илэрсэн юм.
Үүний дараа Новак ажлаа хүлээлгэн өгч, олон арван мянган унгарчууд Будапештийн төв талбайд цугларч хүүхэд хамгааллын тогтолцоонд жинхэнэ шинэчлэл хийхийг уриалсан байна.
Тайвань
Дөрөвдүгээр сарын сүүлээр Тайванийн нийслэл Тайпейд хүүхдийн эрхийг системчилсэн байдлаар хамгаалахыг уриалж жагсжээ. 2023 оны сүүлээр асрамжийн газар байхдаа бие махбодын хүчирхийлэлд өртөж нэг настай хүү нас барсан харамсалтай хэрэг тус улсад гарсан байна.
Ийм учраас Тайванийн Хүүхдийн эрхийг хамгаалах нийгэмлэг (TCRA) тус жагсаалыг зохион байгуулжээ. Жагсагчид “Системийг шинэчил”, “Хүүхдийг идэвхтэй хамгаалъя” гэх мэт уриа лоозон барьсан байв.
“TCRA”-ийн үүсгэн байгуулагч Анжела Ванг тус жагсаалын үеэр бүхэл тогтолцоонд өөрчлөлт оруулах хэрэгтэй дөрвөн томоохон шаардлагыг тавьжээ.
Тэрбээр хүүхдийг хүчирхийллээс хамгаалах тогтолцоо нь хүүхдийн халамж, эцэг эхийн дэмжлэг, хүүхдийн нийгмийн хамгаалал гэх мэт олон салбарт хангалтгүй байна хэмээсэн юм. Ийм учраас Ванг засгийн газрын түвшинд тогтолцооны шинэчил хийхийг уриалсан байна.
Европын Холбоо
Дөрөвдүгээр сарын 23-нд Европын Комисс хүүхдийн эрхийн үүднээс хүүхэд хамгааллын нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, бэхжүүлэх зөвлөмжийг баталсан юм. Энэхүү зөвлөмж нь тус холбооны гишүүн улсуудаас гадна “нийт нийгэм”-д зориулсан аж.
Европын Холбоонд 80 сая гаруй хүүхэд амьдардаг, Европын Комисс хүүхдэд илүү их хамгаалалт шаардлагатай гэж үзжээ.
Хүүхэд хамгааллыг сайжруулахын тулд: Бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх, технологийн аюулгүй хэрэглээг түгээн дэлгэрүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дээрэлхэлттэй (цахим дээрэлхэлт) тэмцэх гэх мэт арга хэмжээ авч болно гэж тус зөвлөмжид бичсэн байна.
Мөн Европын Комисс орон нутгаас эхлэн бусад шатлалуудад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх замаар хүүхэд хамгаалалтай холбогдох салбар болон эрх баригчдын хоорондын хамтын ажиллагааг сайжруулахыг уриалжээ.
Эх сурвалж: Associated Press, EU News, Focus Taiwan
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.