Энэтхэг: Хэт халсны улмаас 56 хүн нас барж, 25 мянган хүн наранд цохиулжээ

Энэтхэг улсад гурваас тавдугаар сарын хооронд хэт халсны улмаас 56 хүн нас барж, 25 мянган хүн наранд цохиулсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Тавдугаар сард хамгийн их халж, тус улсын нийслэл Дели болон ойролцоох Ражастан мужид агаарын температур 50 градус цельс хүрсэн байна.
Тэгтэл Энэтхэгийн зүүн бүсэд Ремал хар салхины улмаас шуурч байгаа аж. Мөн өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагаас /2024.05.28/ хойш зүүн хойд бүсийн Ассам мужид хүчтэй аадар бороо орсны улмаас 14 хүн амь үрэгджээ.
Халууны улмаас бүртгэгдсэн нас баралтын 33 нь өнгөрсөн баасан гарагт /2024.05.31/ сонгууль нь дууссан Уттар Прадеш, Одиша, Бихар мужуудад бүртгэгдсэн байна.
“The Hindu” сайт мэдээлснээр хэрвээ халууны улмаас нас барсан байж магадгүй тохиолдлуудыг оруулбал амь үрэгдсэн хүмүүсийн тоо 80-д хүрч магадгүй юм.
Энэтхэгийн цаг уурын алба лхагва гараг /2024.06.05/ хүртэл халалтын давлагаа харьцангуй намдана гэж мэдэгдсэн байна. Керала мужид борооны улирал харьцангуй эрт буюу өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн нь халууныг бууруулахад тусална гэж тус алба таамаглажээ.
Азийн улсуудад зун хэт халж эхэлж байна. Тухайлбал баруун бүсэд Палестин, Ливан, Сири зүүн бүсэд Мьянмар, Тайланд, Вьетнам Филиппин зэрэг Азийн орнуудад олон өдрийн турш 40 градус хүрч халсан юм.

Хэт халалтын улмаас Филиппин, Бангладеш гэх мэт улсуудад дөрөвдүгээр сард сургуулиудыг цахимаар хичээллүүлсэн байна.
Үүнээс гадна зарим улсуудад хүчтэй бороо орж, их хэмжээний үер буусан байна. Шри Ланкад борооны улирал эхэлж үер бууж, хөрсний гулгалт болсны улмаас 15 хүн нас барсан гэж тус улсын Гамшгаас сэргийлэх төв (DMC) ням гарагт /2024.06.02/ мэдэгджээ.
Зун хэт халж, хүчтэй бороо үер гэх мэт цаг уурын онц ноцтой үзэгдлийн тохиолдол нэмэгдэж байгаа нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой гэж эрдэмтэд тайлбарлаж буй.
Цаг уурын өөрчлөлт хүний нөлөөтэй ажиллагааны улмаас илүү хурдтай явагдаж байгаа эрдэмтэд мэдэгдсээр байгаа юм.
Эх сурвалж: Reuters, World Weather Attribution
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.