Саналын хуудас тоолж байна: 1.4 тэрбум энэтхэгчүүдийг хэн удирдах вэ

Дэлхийн хамгийн их хүн амтай, тав дахь хамгийн том эдийн засагтай Энэтхэг улсад парламентын доод танхимын сонгууль бямба гарагт /2024.06.01/ явагдаж дууссан.
Хэдэн зуун сая хүн зургаан долоо хоногийн турш саналаа өгч, нэр дэвшигчид олон тэрбум ам.доллар зарцуулсан энэхүү сонгуулиар доод танхим буюу Лоб Сабхагийн 543 гишүүн тодорно.
Саналын хуудас тоололт өнөө өглөө /2024.06.04/ эхлэв. Олон улс дахь хамгийн том гэгдээд буй энэхүү сонгуульд нийтдээ 640 сая хүн саналаа өгчээ. Дэлхийн хүн амын 10 гаруй хувь буюу 970 сая орчим энэтхэгчүүд санал өгөх боломжтой байсан.
Албан ёсны мэдээллээс харвал санал хураалтын долоон үе шатад ирц дунджаар 66 хувьд хүрчээ.
Лоб Сабхагийн сонгуульд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модийн Бхаратия Жаната нам ялалт байгуулна гэж шинжээчид үзэж буй. Ингэснээр Моди гурав дахь удаагаа ерөнхий сайдаар ажиллах юм.
Хэрвээ 73 настай Моди ялалт байгуулбал тэрбээр Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавахарлал Неругээс хойш гурав дахь удаа дарааллан удирдагчийн байр сууринд сонгогдсон анхны хүн болно.
Модийн Бхаратия Жаната намын эсрэг Энэтхэгийн Үндэсний Хөгжлийн Нэгдсэн Холбоо (INDIA) нэртэй 28 намын нэгдэл өрсөлдөнө. “INDIA”-г сөрөг хүчний гол нам болох Энэтхэгийн Үндэсний Конгресс (INC) ахалж байгаа.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.