Гадаад мэдээГео-ТоймДЭЛХИЙ

Путин Шойгуг сольсныхоо дараа батлан хамгаалахын салбарт цэвэрлэгээ эхлүүллээ

Товч агуулга: Владимир Путин тавдугаар сард Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг өөр албан тушаалд томилж түүний оронд эдийн засагч Андрей Белоусовыг томилсон. Үүний дараа ОХУ-ын хэд хэдэн томоохон батлан хамгаалахын албан тушаалтнуудыг авлигын хэргээр баривчлагдав. Эдгээр баривчилгааны учир юу вэ?


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын эхээр засгийн газрынхаа бүрэн бүрэлдэхүүнд өөрчлөлт хийсэн. Томоохон албан тушаалуудын ихэнх нь хэвээр үлдсэн ч Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг сольсон билээ.

Тэрбээр Шойгугийн оронд эдийн засагч мэргэжилтэй Андрей Белоусовыг Батлан хамгаалахын сайдаар томилсон юм. Гэхдээ Путин Шойгуг дэргэдээ авч үлдэн, түүнийг Аюулгүй байдлын зөвлөлийн дарга болгосон.

Засгийн газрын бүрэлдэхүүн солигдохоос өмнө ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд 48 настай Тимур Иванов хахууль авсан хэргээр баривчилж, ажлаас нь чөлөөлсөн юм. Ивановыг 1 сая рублийн (36.5 сая төгрөг) хахууль авсан гэж сэжиглэж байгаа хэмээн ТАСС агентлаг тухайн үедээ мэдээлж байв.

Тимур Иванов, зургийн эх сурвалж: Bloomberg

Тэрбээр гэм буруутай нь тогтоогдвол 15 хүртэлх хорих ял сонсож магадгүй. Шойгуг сольсноос төд удалгүй батлан хамгаалахын хэд хэдэн томоохон албан тушаалтан авлигын хэргээр нэмж баривчлагдсан юм.

ОХУ-ын авлигын асуудал

“Transparency” сайт жил бүр дэлхийн орнуудын авлигын индексийг тооцоолж, улс орнуудыг жагсаадаг. Өнгөрсөн жилийн жагсаалтаас харвал 180 гаруй орноос ОХУ нь 141-т орж 2022 оноос даруй 26 байр ухарчээ.

ОХУ-д дээд албан тушаалтнууд авлигын томоохон хэрэгт буруутгагдсан хэрэг олон арван жилийн турш гарч ирсэн. Европын бодлогын шинжилгээний төвийн “Democratic Resilience” агентлагийн дарга Сэм Грин ОХУ-д хээл хахуулийг хүмүүсийг хяналтад байлгах хэрэгсэл болгон ашигладаг гэсэн байна.

Харин аюулгүй байдлын мэргэжилтэн Марк Галеотти хэлэхдээ Путин хүн бүрийн булхайг мэдэхийг хүсдэг гэжээ. Хэрвээ төрийн удирдлагууд томоохон албан тушаалтнуудын талаарх ноцтой баримт олж авч чадвал хэнийг онилж ажиллахаа сонгох боломжтой юм.

Лондон дахь Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн ахлах ажилтан Найжел Гоулд-Дэвис авлига бол ОХУ-ын тогтолцооны мөн чанар гэжээ.

Украинд болж буй дайны улмаас ОХУ батлан хамгаалахын салбарын төсвөө эрс нэмэгдүүлсэн. Энэ нь авлигын гэмт хэрэг үйлдэх боломжийг ихээхэн нэмэгдүүлсэн байна.

Хэн хэн баривчлагдав

Одоогийн байдлаар Батлан хамгаалахын таван албан тушаалтныг баривчлаад байгаа. Тэдний хамгийн өндөр албан тушаалтай нь дэд сайд асан Иванов. Тэрбээр зэвсэгт хүчинтэй холбоо бүхий томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг удирдан ажиллаж байсан юм.

Сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальныйн баг Иванов болон түүний гэр бүл тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө эзэмшиж, тансаг үдэшлэг зохион Украины дайн эхэлсний дараа ч гэсэн гадаадад аялдаг байсан гэж мэдээлжээ.

Ивановоос хойш Батлан хамгаалах яамны боловсон хүчний газрын дарга, дэслэгч генерал Юрий Кузнецов, Украины дайны дээд командлагчаар ажиллаж байсан хошууч генерал Иван Попов, Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал Вадим Шамарив нарыг баривчилсан байна.

Вадим Шамарив, зургийн эх сурвалж: Associated Press

Шамарив бол Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимовын орлогч билээ. Хамгийн сүүлд тавдугаар сарын 23-нд Батлан хамгаалахын хангамжийн хэлтсийн албан тушаалтан Владимир Вертелецкий баривчлагдсан.

ОХУ-ын Мөрдөн байцаах хороо Вертелецкийг албан тушаалаа урвуулан ашиглан Батлан хамгаалах яамд 70 сая гаруй рублийн хохирол учруулсан гэж буруутгажээ.

Яагаад баривчилгаа явуулж эхэлсэн бэ

Авлигын хэргээр баривчилгаа явуулж, засгийн газрын бүрэлдэхүүндээ өөрчлөлт гаргах Путиний цагийн сонголт сонирхол татаж байгаа юм. Украины талбарт гурав гаруй жилийн турш тааруухан амжилт гаргасны эцэст ОХУ саяхнаас илүүрхэж эхэлсэн.

Тодруулбал Оросын арми тавдугаар сарын эхээр Харьков мужид гэнэтийн довтолгоо хийж шинэ фронт үүсгэн хэд хэдэн тосгоныг хяналтдаа авсан. Мөн зүүн фронтод Донбасс мужид мөн ахиц гаргасан билээ.

Путин сонгуульд ялалт байгуулсныхаа дараа батлан хамгаалахын салбарт өөрчлөлт хийхээр хүлээж байсан бололтой.

Лондон дахь “Royal United Services Institute”-ийн Оросын эдийн засаг судлаач Ричард Конноли хэлэхдээ ОХУ-ын Батлан хамгаалахын яам дахь авлигыг цаашид тэвчихгүй гэдгийг эдгээр баривчилгаа харууллаа гэжээ.

Өнгөрсөн жил учир битүүлэг онгоцны ослын улмаас амьсгал хураасан Вагнер бүлгийн ахлагч агсан Евгений Пригожин Батлан хамгаалахын салбарын удирдлагаа шүүмжилж, богино хугацаанд үргэлжилсэн бослого гаргаж байсан.

Тэрээр Батлан хамгаалах яамны томчуудыг дайныг буруу удирдаж, Вагнер бүлэгт зэвсэг, сум өгөхөөс татгалзсан гэж буруутгасан байдаг.

Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн ахлах ажилтан Гоулд-Дэвис хэлэхдээ Батлан хамгаалахын сайдаар эдийн засагч томилсон нь Пригожиний дэлгэсэн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй гэдгээ Кремль дурамжхан хүлээн зөвшөөрч байгаа явдал хэмээжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны төв байр, зургийн эх сурвалж: Sputnik Russia

Зэвсэгт хүчний салбар дахь авлигыг тэвчихгүй гэдгийг харуулсан өөр нэгэн зүйл бол Путин тавдугаар сарын 20-нд Олег Савельевыг Батлан хамгаалахын дэд сайдаар томилсон явдал байв.

58 настай Савельев өмнө нь Эдийн засгийн хөгжлийн дэд сайд, Аудитын танхимд аудитораар ажиллаж байсан юм. Кремль ямар нэгэн байдлын цэвэрлэгээ явуулж байгаа гэдгийг үгүйсгэсэн ч “Democratic Resilience” агентлагийн дарга Грин “Хэрвээ Путин эдгээр баривчилгаа явагдахыг хүсээгүй бол болохгүй байх байсан” хэмээжээ.

Путиний хувьд Украины дайнд ялалт байгуулах нь их чухал. Тэрхүү ялалтыг авчрахад Батлан хамгаалахын яам гол үүрэгтэй. Мөн ОХУ-ын эдийн засаг дайнтай нягт холбоотой болсон. Ийм учраас Кремлийн хувьд батлан хамгаалахын салбарын зардал, авлигыг шаардлагатай хэмжээнээс хэтрүүлэлгүй барих нь чухал юм.

Шинжээчид Оросын батлан хамгаалах салбарт нэмэлт баривчилгаа явагдаж явагдаж магадгүй гэж таамаглаж байгаа юм. Гэхдээ бүхэл тогтолцоо нь авлига дээр суурилсан байдаг тул хэт хүчтэй дайралт хийх нь тогтолцоог нуран унахад хүргэж магадгүй гэж Грин хэлсэн байна.

Эх сурвалж: Associated Press, Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 7, 2024 09:41

Монгол дуурайх биз дээ

Зочин
Зочин
6 сар 7, 2024 10:48
Reply to  Зочин

Үгүй. Манай Хулхисүр Путин шиг эх оронч биш.

Зочин
Зочин
6 сар 7, 2024 21:53
Reply to  Зочин

путлёр золбинг хэн оронч гээд бгаан

МАН маань Женкогийн кармаанд орчихлоо
МАН маань Женкогийн кармаанд орчихлоо
6 сар 7, 2024 19:49

Путин Шойгугаа жийж бна, урьд нь хоёулаа нийлээд Карелингаа жийсэншүү дээ. Тимур Иванов нь 1сая рублийн хахууль авсан гэнээ, энэ бол ёстой шүдний завсрын шүлс үүгээр да лим хийж бгаа хэрэг.
Путин чинь өөрөө Санкт Петрбургийн хүн амын хэдэн жилийн хүнсний төсвийг хусаад Ита лид орд шилтгээн бариад зараад хусчихсан эр шүү дээ !
Хөөрхий муу Тыва өвгөн хэдхээн хоноод онгоцны ослоор ч юмуу яваад өгнө дөө. Гаргасан төрүүлсэн эхийнхээ ЭХ ОРНЫГ цус нулмис, үнс чандруунд хутга сан хүнд ч өөр зам байхгүй л дээ !

ZZOCHIN
ZZOCHIN
6 сар 7, 2024 20:37

36 SAY TUGRUG GESEN UU MANAI AVILGACHIDIIN DERGED HYLHAARAA BNASHDEE....

Гахай генералын шавь Путин багшийг солиход болноо
Гахай генералын шавь Путин багшийг солиход болноо
6 сар 7, 2024 20:37

Гахай генер�##�ын шавь Путин багшийг солиход болноо

Холбоотой мэдээ

Back to top button