ЕХ-ны сонгууль Нидерландаас эхэлж Ирланд, Мальтад үргэлжилж байна

Европын холбооны 27 орон пүрэв гарагаас /2024.06.06/ ням гарагийн хооронд /2024.06.09/ Европын парламентад суух төлөөлөгчдөө сонгоно.
Хойд талаасаа Финланд, өмнөдөөс Кипр, баруунаас Ирланд болон зүүнээс Болгар хүртэл оршин суудаг 373 сая орчим иргэн санаал өгөх боломжтой.
Тус сонгуулийн санал хураалт пүрэв гарагт Нидерланд улсаас эхэлсэн байна. Энэхүү сонгуульд европчууд хэрхэн санал өгөх нь Европын холбооны ирэх таван жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлт, цагаачид гэх мэт томоохон асуудлууд дээр ямар бодлого баримтлахыг шийдвэрлэнэ.
Сүүлийн үед европын орнуудад улс төрийн барууны үзэлтэй намуудыг дэмжих хүмүүс ихэссэн. Энэ өөрчлөлт нь одоо тодрох Европын парламентаас ажиглагдах төлөвтэй байна.
Тухайлбал Итали, Франц, Бельги, Герман, Нидерландад улс төрийн барууны үзэл баримталдаг намууд ихээхэн амжилт үзүүлэх магадлалтай байгаа юм.
Санал хураалт пүрэв гарагт Нидерландад явагдсан бол өнөөдөр Ирланд, Мальтад эхэлж бямба гарагт Латви, Словакт болох юм. Үлдсэн Европын холбооны орнууд ням гарагт саналаа өгнө.
Тус холбооны ихэнх орнуудад сонгууль өгөхийн тулд 18 нас хүрсэн байх ёстой байдаг. Гэхдээ Герман, Австри, Бельги, Мальта зэрэг орнуудад 16 настай бол сонгууль өгч болдог юм.
Зургаадугаар сарын 9 гэхэд Европын парламентын 720 суудал аль аль намд очсон нь тодорхой болно.
Гишүүн улс бүрд оногдох парламентын суудлын хэмжээ хүн амын тоотой пропорциональ холбоотой байдаг. Европын холбооны хамгийн их хүн амтай Германд 96, Францад 81, Италид 76 суудал оногдох боломжтой юм.
Швед, Португал, Чехэд 21 харин Мальта, Люксембург, Кипрт зургаан суудал оногдоно.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.