С.Саран: Эсгий дээлээ ямар ч оёдол, нэхээсгүй зулж, эсгийрүүлэн баримлын аргаар бүтээдэг

Монголын үндэсний нүүдэлчин эсгийчдийн холбоо, Монголын үндэсний авангард дизайн урлалын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, зураач, урлаг судлаач, “UJIN” брэндийг үүсгэн байгуулагч С.Сарантай ярилцлаа.
-Эсгийгээр монгол дээл, чөлөөт, өдөр тутмын бүх хувцсаа хийж өмсөх боломжтой-
-Сүхбаатарын талбайд эхлээд буй Азийн гар урлалын их наадмаас таны бүтээсэн “Он цаг” нэртэй эсгий дээл олны анхаарлыг татаж байна. Оёдолгүй, нэхээсгүй, зураг чимэглэл бүхнийг нэг бүрслэн гар ажиллагаагаар бүтээсэн тухай сонсоод тантай уулзахыг зорьсон юм. Ярианы эхэнд өөрийгөө танилцуулах ерөнхий мэдээлэл өгөөч?
-Би зураач, урлаг судлаач мэргэжилтэй. 2002 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн цагаасаа эхлэн өдийг хүртэл эсгий урлаг буюу эсгий хувцас, эсгий уран зураг, эсгийн урлалын сургалт гэх мэтээр өв соёл сурсан мэдсэн зүйлээ бусдад түгээх, өвлүүлэх үйл ажиллагааг хийгээд явж байна.
Эсгий хувцас бүтээнэ гэдэг хүний хэрэглээний урлагийг бидэнд өвлөгдөж, уламжлагдаж ирсэн энэ өв соёлтой яаж холбох вэ гээд арга ухаан юм. Эсгий бол эдэлж хэрэглэх, арчлахад хялбар, хөнгөн, дааруулахгүй, халууцуулахгүй, эрүүл мэндэд олон эерэг нөлөөтэй зөвхөн гар ажиллагаагаар хийж бүтээдэг онцлогтой монголын өөрийн бахархалтай материал. Хүннү гүрний үеийн 1924 онд олдсон ханын гоёл бол монголчууд эрт дээр үеэс эсгийгээр бүтээл туурвидаг байсны нотолгоо. Тэгэхээр бид энэ бахархалт өв соёлоо цаашдаа маш сайн хөгжүүлж, өдөр тутамдаа эдэлж хэрэглэх ёстой.
Би ДУДС-ийг 2002 онд төгсөхдөө эсгий хувцсаар дипломоо хамгаалж, ямар ч оёдолгүй, хүний биед маш сайн сууж өгсөн, бариу даашинзууд анх хийсэн. Үүнээсээ эсгий хувцас эдэлж хэрэглэх хамгийн тохиромжтой эд гэдгийг ойлгосон. Монголын энэ халуун, хүйтэн, салхитай, бүгчим эрс тэс уур амьсгалд тохиромжтой өмсөж, эдэлж хэрэглэх боломжтой материал нь бол эсгий. Хүмүүс одоохондоо эсгий оймс, таавчик, гутлаас бусдыг нь эдэлж хэрэглэж сайн сураагүй байна. Цаашдаа эсгий монгол дээл, чөлөөт хувцас, өдөр тутмын хувцас хийх бүх боломж нь байна.
Монголын ноос бүх төрлийн хувцсаа хийгээд 4 улирал өмсөх шинж чанарыг агуулсан. Халуун, хүйтнийг нэвтрүүлэхгүй, биеийг хатгаж, халууцуулахгүй, дааруулахгүй, бөөр нуруу, үе мөчний өвчлөлд ач тустай. Хүмүүс яаж угааж цэвэрлэж, арчлах вэ гэдэг. Монголчууд ноос, ноолуур нэхмэл хувцаараа алдартай. Тэрийгээ эдэлж хэрэглээд сурчихсан. Яг л үүнтэй ижил технологиор угаагаад цэвэрлээд эдэлж, хэрэглэнэ. Эсгийний нэг гол онцлог чанар нь угаасны дараа буцаад шинэ мэт анхны хэвэндээ орчихдог гайхамшигтай материал.
-Чингис хааны иш хөргийг эсгий уран зураг аргаар хоёр удаа бүтээсэн-

-Эсгий уран зураг гэхээр бас л ямар ч ойлголт алга?
-Эсгий уран зургийг бүтээхэд ноос өөрөө маш гоё өвөрмөц материал болж чаддаг. Ноосны ширхэг, эрчилсэн буржгар хөдөлгөөн дотоод сэтгэлийн өнгө аяс, бодол, ур ухаанаа шавхаж гаргахад төгс нийцдэг. Хүмүүс эсгий уран зураг гэхээр гайхдаг. Бас л маш гоё онцлогтой, гайхалтай ажиллагаатай. Бийр будаг барихгүй, зурахгүй нооснуудаа тус тусад нь өнгө оруулж болно. Эсвэл байгалийн натурал өнгөөр нь бүтээх нь ч олонтаа. Маш олон төрлийн эмх цэгцгүй ноосуудыг цэгцэнд оруулж бүтээл туурвина гэдэг бол ажиллагаа ихтэй ч хийгээд дууссаны дараа дулаахан гоё энерги ялгаруулдаг шидтэй гэмээр бүтээл болдог.
Эсгий уран зураг дуу чимээ хязгаарлах, галд тэсвэртэй гээд маш олон давуу өвөрмөц шинж чанартай.
-Анх хэрхэн эхэлсэн. Бэрхшээл нь юу байв?
-1997 онд торгон зураг гээд орсон чинь эсгий урлал, зээгт наамал гэсэн хос мэргэжилтэй төгсгөдөг анги байсныг мэдээгүй. Гэхдээ л надад маш сонирхолтой санагдсан. 17, 18 настай хүүхдүүдийн хувьд хамгийн хэцүү нь юу вэ гэхээр тухайн үед ийм сайхан цэвэрхэн ноос байгаагүй. Өтөг бууц, хувалз, бохиртойгоо ноосыг өөрсдөө воктой усаар угааж, савж сэмлэн самнаад эцсийн бүтээгдэхүүнээ хийнэ. Гар аргаар боловсруулж байгаа учраас нарийн сайн цэвэрлэгддэггүй. Ингэж л анх эхэлсэн.
Одоо 27 дахь жилдээ эсгий урлалын болон өөрийн нэрийн бүтээгдэхүүний “Үжин” брэндээ байгуулж эсгийгээр хийж болох бүх зүйлийг бүтээгээд явж байна. Ингэхдээ цаг тутам шинж чанарыг нь яаж бат бөх болгох, эдэлгээнд хэрэгтэй технологи боловсруулах тал руу илүү ажиллалаа. Урлаг өөрөө инноваци, технологийг боловсруулж өгч чаддаг. Эсгий уран зураг, товоймол, чимэглэл гэх мэтээр анхны санаануудыг ихээр үйлдвэрлэж, туршилт их хийсэн. 3D алслалтай уран зургийг хүний нүдэнд бодитой харагддагаар бүтээж улмаар үүнийгээ ашиглан эсгий гэрэлтдэг торон сарфанчикийг хийсэн.
Миний хамгийн хөнгөн эсгий дээл 450 грамм жинтэй. Хагас кг сахараас хөнгөн гэсэн үг. Монгол дээлний үндсэн загвараар хийсэн уг бүтээлийг Германд сурдаг нэг шавь маань худалдаж авсан. Тэр цагаас хойш эсгий дээлүүдийг өнгө өнгөөр хийж туршихад биед маш хөнгөн, хөдөлгөөнд ямар ч саадгүй, эрүүл мэндэд тустай, дөрвөн улиралд өмсөх угааж цэвэрлэхэд хялбар зэрэг нь нотлогдсон. Миний туршилтуудын үр дүнд маш сайн бүтээгдэхүүн гараад байдаг юм /инээв/.
-Эсгий хувцас гэхээр мэдэхгүй хүнд бол биеийг хатгах, хүнд оргих гэх мэт таагүй төсөөлөл төрдөг. Түүхий эдийнхээ амин чанар, давуу талыг танилцуулаад өгөөч?
-Микрон маш бага бүдүүн ширхэгтэй, хялгас ихтэй учраас хувцас хийнэ гэхээр хүмүүс гайхдаг. Гэхдээ монгол хонины ноос чинь дотроо янз бүр бий. Уртын ноос, ахрын ноос дээрээс нь нутаг орон, үүлдэр угсаагаараа шинж чанар нь өөр. Ерөнхийдөө намар авсан ахрын ноос бол бүтээгдэхүүн хийхэд илүү тохиромжтой. Орхон, мярнуус зэрэг үүлдэрийн уртын ноос ч нарийн ширхэгтэй. Өнөөдөр үйлдвэрийн аргаар цэвэрлэж самнаад гаргаад ирдэг үйлдвэрүүд олон болсон нь талархууштай.
Эсгий хувцас хийх аргачлал бас өөр, өөр. Хавтгай эсгий хийгээд үүнийгээ эсгэж оёдог, бэлэн эсгий ашиглаж хувцас хийдэг уран бүтээлчид, хувь хүмүүс бий. Миний хувьд боловсруулсан ноосыг цэгцэнд оруулж маш нимгэн тор, торгон материалтай хольж барьцалдуулж эсгийрүүлэн мөн дээр нь ноосоороо зураг зурж, баримлын аргаар бүтээдэг. Ямар нэг оёдол орохгүй, нэхээс хийхгүй гараараа агшааж хүний биед суулгаж өгнө. Тэгэхээр энэ бол яалт ч үгүй хийж байгаа хүний арга техник, мэдрэмж ур чадвараас хамаарна. Бас ноосны ширхэгийн чанар, материалаа зөв сонгох их чухал.
-Эсгий уран зураг болон хувцасны зураг чимэглэлийг хэрхэн хийдэг вэ?
-Чимэглэлийн тухайд увцсан дээрээ өнгө өнгийн ноос, торгон утас, торон материалаар зохиомжлон мөн л гар ажиллагаагаар оёдолгүй урладаг. Эсгий уран зургийг өнгө өнгийн ноосыг тусад нь эхэлж самнаж зулаад барьцалдуулна. Ноосоо хольж нэлээд самнаж байж өнгөө гаргадаг. Зураачид бийрний үзүүрээр будгаа хольж хүссэн өнгөө гаргаж авдагтай адилхан өнгө өнгийн ноосоо хольж самнасаар байгаад хүссэн өнгөө гаргаж авна гэх мэтээр гар ажиллагаа их ордог.
Эсгий уран зураг оюуны ажлаас гадна гарын ур чадвар ихээхэн хэрэгтэй төрөл. Би Чингис хааны иш хөргийг хоёр удаа хийсэн. Тайваны зураачийн бүтээлээр хүн бүр мэддэг болсон тэр царай төрхийг ноосоор ширхэг болгоныг нь гэрэл сүүдэр гаргаж зулж хийнэ л гэсэн үг. Зулсан ноос маань барьцалдаж хөдөлгөөнгүй болгохын тулд царай өөрчлөгдөх магадлалтай. Яагаад гэхээр ноос болгоны өнгийг зулсны дараа гарын хөдөлгөөнөөр өөрчлөгдөх боломжтой учраас хөрөг зураг их хэцүү. Барьцалдуулсны дараа агшаахад нүүр далийх, нүд дээр болох эрсдэлтэй учраас маш өндөр хяналтад байн байн үзэж бэлэн болтлоо байнгын засвартай нарийн ажиллагаагаар бүтээдэг.
-Иш хөрөгөө хэр удаан хугацаанд бүтээв, энэ мэт сонин бүтээл юу, юу хийж байв?
-Анхны иш хөргөө сар гаруй хийсэн. Эсгий урлагийн хамгийн хүнд төрлөөр хүн болгоны мэддэг дүр төрхийг алдагдуулахгүй гаргахын тулд маш их судалгаа хийж хичээсэн. 20 грамм ноосоор 80Х60 хэмжээтэй хөрөг болж олон орны үзэсгэлэнд оролцсон доо. Ази, Европоо тойроод ирсэн тэр зургандаа би их хайртай, гэртээ өлгөх зорилготой байсан ч "Нүүдэлчин" фестивалийн үеэр нэг хүн ихэд сонирхоод худалдаж авсан. Тэр хүн өөрөө адис авч, намайг мөн зурагнаасаа адис аваарай гэсэн нь их сайхан хүндэтгэлтэй санагдсан. Дараагийн Чингис хааны иш хөргийг сая Франц улсад болсон их хааны үзэсгэлэн дээр худалдаж авсан байна лаа.
Хамгийн анх 3D уран зургаар нэлээд хүч шаардсан бүтээл хийж байсан. Урчуудын эвлэлийн хорооны "Хавар" үзэсгэлэнгийн үеэр болсон уралдаанд "Он цагийн хэлхээ" зургаараа оролцож түрүүлсэн. Яаж бүтээсэн бэ гэхээр зураг гэхээр заавал хавтгай байх албагүй гэж сэтгэж ажиллагаа оруулаад торон болгоод яг мөрөөдөл хүслээрээ хийсэн. 2024 онд монголын үндэсний авангард загварын хувцасны уралдаанд эсгий монгол дээлээрээ тэргүүн байрын шагнал хүртсэн.
-Эсгий монгол дээлийн тухайд яаж хийсэн юм бол гэж гайхширсан шүү?
-Эсгий монгол дээл хийхэд гар ажиллагаа л голчилно. Хэдийгэээр цэвэрлэсэн сайн ноос авч байгаа ч тэрийгээ дахиад боловсруулна. Нимгэлж, самнаад өнгө зохиомж зураг чимэглэл гээд бэлтгэл ажил 10 гаруй хоног болно. 50-60 ширхэг нимгэн өнгө өнгийн ноос самнаж бэлдээд зулж хийнэ. Савантай усаар норгож барьцалдуулдаг. Оёж байна гэсэн л үг. Савантай устай удаан байлгавал шарлаж магадгүй учраас удаан хадгалах боломжгүй. Тийм учраас 2-3 хоногт гарнана. Дараа нь товч шилбэ, чимэглэл гээд ер нь бол хагас сард гарчихна. Олноор хийж масс үйлдвэрлэх боломжгүй. Ширхэг бүрийг гараараа зулж хийдэг учраас цөөн хийдэг. Гэхдээ л би эсгий пальто, цамцыг бол маш ихээр хийсэн дээ. Яг л дээл шигээ оёдолгүй, нэхээсгүй.
-2002 оноос хойш эсгий урлагийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэгдээгүй-
-Сургалтаа хэдээнээс ямар зорилгоор эхэлсэн бэ?
-Эсгий урлагт бусдыг сургах ажлыг сургуулиа төгссөн цагаасаа эхэлсэн. Залуучууд эсгий урлалыг сонирхоосой дэлгэрч хөгжөөсэй гэсэндээ би сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Үндсэн мэргэжил маань болохоор сургалтаар бусдад түгээж байна. Боловсролын байгууллагууд цаашид эсгий уран зураач, эсгий хувцас дизайнер, эсгий урлагийн багш гэсэн мэргэжлүүд гарах хэрэгтэй.
Өмнө нь эсгий ширмэл, зулмал урлагаа танхимаар сурья гэсэн хүн миний урлан дээр ирэхэд нээлттэй байдаг байсан. Тэгээд ковидын үед онлайн сургалтаа эхэлсэн. Эсгий ширмэлээр эхэлж, Хүннү олдворын эх хувилбарыг үндсэн хэмжээнээс дөрөв дахин жижигрүүлсэн бэлдэц гаргаж өгөөд оёхыг нь заасан. Ан амьтан, нарийн хээ, дүрслэлийг нь яаж ширж зээгэлж оёх арга технологи дээрээс өнгө зохиомж алслалыг цогцоор нь зааж өгсөн. Дараа нь эсгий гутлын төрлүүд, нумтай хийх арга, эдэлгээ уртасгасан технологийг нь заасан. Маш нимгэн эсгий оймсоо ч заасан. Олбог оёхыг орчин үеийн загвар технологиор сургаж бэлдэцийг нь гаргаж өгсөн. Одоо эсгий уран зураг руу орж байна. Гэх мэт бүтээгдэхүүнүүдэд инноваци хийж илүү сайжруулж чадварыг нь нэмэгдүүлэхийн тулд аргачлал зааж сургалтаа явуулдаг. Манай суралцагчдын нэг онцлог нь бол эсгий урлагаар ажилладаг үндсэн технологио мэдсэн хүмүүс илүү сайжруулья гэж орж ирдэг. Чадвараа хөгжүүлье гэсэн брэнд үүсгэн байгуулагчид багш нар ч орж ирнэ.
-Энэ сайхан бүтээлүүд ихэвчлэн хаана хэрхэн төрдөг вэ?
-Бүтээл хийхдээ ихэвчлэн ганцаараа бясалгаж дотроо ургуулж хийх дуртай. Бүтээл хийх болохоор зургаа бүтээхдээ хөгжим сонсоод ганцаараа байхыг чухалчилдаг. 2022 онд Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр үзэсгэлэн гаргасан. Жилд 30-40 зураг гаргах шаардлага үүссэн учраас маш хэцүү юм билээ. Өөрийгөө хүчээр хөглөх хэрэгтэй болсон. Байгальд гарна зураг дарна эрэлхийлэлд гарсан. Хавар цас бороо орсны дараах байгаль үүлний хөдөлгөөн гээд нөлөөлнө. Заримдаа цагийн дотор сайхан бүтээл төрөх ч бий. Янз янз даа.
-Өнөөдөр та эсгий урлагийн хөгжлийг хэрхэн харж байгаа вэ?
-Хөгжиж байгаа ч урлаг талаас нь харахад учир дутагдалтай. 2002 онд эсгий урлагаар 15 оюутан төгссөн тэр цагаас хойш мэргэжлийн уран бүтээлчид гараагүй байна. хувиараа сурсан уран бүтээлчид олон. Энэ тоог нэмэх хэрэгтэй. Эсгий хэрэглэхгэдүүн урлаг бүтээгдэхүүн талаасаа эсгий гутал малгай их хөгжиж байна. Өөрсдөө зрхиоэн бүтээе нэгнээ дуурайгаад байгаа. Инноваци хийж хөгжүүлж өрсөлдөх шаардлагатай. Би шавь нартаа санаа аваад өөрсдөө зохион бүтээ гээд зураг өнгө бүгд дээр нт ажиллаад л явж байна. Мэргэжлийн хүмүүс олноор гараад ирвэл огт өөр болно_ Хүннү гүрний үеэс өвлөгдөөд ирсэн энэ өв соёл одооны бидэн дээр өвлөгдөөд ирсэн байна. Азтай хэрэг шүү. Эрс тэс уур амьсгалтай цэвдэг ихтэй учраас олдвор олдоод байна. Тэрүүгээрээ бид нар ханын чимэг ширмэл ширдэг гэдгээрээ алдаршсан. Тэрийг бүтээсэн уран яруу гаргасныг харахад өнөөдөр бид нар хөгжүүлэх л хэрэгтэй. Ноосоор юу ч хийж болно. Ханын уран үураг баримал хувцас хөрөг зураг ширмэл уран зураг төрөл бүрийн хувцас хуримын даашинз хийж болохгүй юм байхгүй ш тээ. Манай улсыг эсгийгээр нь таньдаг эсгий туургатан нэрээрээ алдаршсан ард түмэн.
-Ярилцсанд баярлалаа.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bayrlalaa, ymar mundag ymbe
Гоё юм аа
mundag emegtei
Уран бүтээлийн арвин их сантай шилдэг уран бүтээлчдээ. Өв соёлоо хөгжүүлэн түгээн дэлгэрүүлэх их үйлсд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.
Уран бүтээл нь түүх соёлын хөгжилд хувь нэмрээ оруулсан сайхан бүтээл байдаг даа ???? Урлагийн өндөр амжилт хүсье ????????