БНХАУ: Үйлдвэрийн гарц тааруухан үр дүн үзүүлж, үл хөдлөхийн салбар сэргэх шинж алга

БНХАУ-ын 5-р сарын аж үйлдвэрийн гарц шинжээчдийн хүлээлтээс доогуур үр дүн үзүүлж, үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжих бодлого явуулсан ч нөхцөл байдал сайжрах шинж тэмдэг илэрсэнгүй.
Бүх нийтийн амралтын үеэр ахицтай үр дүн үзүүлсэн ч даваа гарагт /2024.06.17/ БНХАУ-ын Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэл ихээхэн тааруухан байв.
Энэ нь дэлхийн хоёр дахь хамгийн том эдийн засгийн сэргэлтийн явц хүндхэн үргэлжилж байгааг харууллаа.
Тавдугаар сард аж үйлдвэрлэлийн гарц өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар өссөн байна. Харин дөрөвдүгээр сард үйлдвэрлэлийн гарц 6.7 хувиар өссөн билээ.
Өнгөрсөн сарын гарц дөрөвдүгээр сараас буурснаас гадна шинжээчдийн таамаглаж байснаас муу үр дүн үзүүлэв.
“Reuters” агентлагийн санал асуулга явуулсан эдийн засагчид тавдугаар сард БНХАУ-ын үйлдвэрлэлийн гарц 6 хувиар өснө гэж таамаглаж байсан юм.
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэгээс тавдугаар сард 0.1 хувиар өссөн нь эхний дөрвөн сарын 0.3 хувийн өсөлтөөс буурсан үзүүлэлт байв. Харьцуулахад төрийн хэвшлийн хөрөнгө оруулалт 7.1 хувиар эхний таван сард өсжээ.
Энэ нь БНХАУ-ын хувийн бизнест итгэх итгэл сул байгааг харуулав. Хятадын албан тушаалтнууд гаднын хөрөнгө оруулагчдыг эргэн татахаар ажиллаж байгаа ч энэ нь үр дүн муу үзүүллээ.
Тус улсын ДНБ-ий томоохон хэсгийг бүрдүүлдэг үл хөдлөхийн салбар сэргэх шинж сул байна.
Тухайлбал нэгээс тавдугаар сард үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар буурчээ. Шинэ орон сууцны үнэ дөрөвдүгээр сард тавдугаар сартай харьцуулахад 0.7 хувиар багассан юм.
Ингэснээр 11 дэх сар дараалж БНХАУ-д шинэ орон сууцны үнэ буурав. Мөн “Reuters” агентлаг тооцоолсны дагуу 2014 оны дөрөвдүгээр сараас хойш үзэгдээгүй хэмжээгээр шинэ орон сууцны үнэ тавдугаар сард буурсан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.