“44 сорьцын хариу сөрөг гарсан. Үлдсэн дөрвийг лаборатори үргэлжлүүлэн шинжилж байна”
Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Допингийн эсрэг үндэсний төв хамтран мэдээлэл хийлээ.
Энэ үеэр комиссын дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар:
"Шинжилгээ авах үйл ажиллагааг Допингийн эсрэг үндэсний төв буюу МОНАДА зохион байгуулсан. ХБНГУ-ын Дрезден хотын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж, дүнг ирүүлсэн байна.
Тамичдыг олон улсад хориглодог допингийн бодисоос урьдчилан сэргийлэх үүргийн дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо жил бүр ажилладаг гэдгийг ташрамд хэлмээр байна.
Хороо допингийн шинжилгээ авах үйл явцад оролцдоггүй" гэлээ.

Дараа нь Допингийн эсрэг үндэсний төвийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа:
"Манай байгууллага сорьц цуглуулагчаар ажилласан. Сорьцыг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, хүргүүлэх ажлыг ДЭҮТ эрхлэн ажилласан. Тусгай чиг үүргийн байгууллагуудын хяналт дор явагдсан. Сорьцыг аливаа зөрчилгүй цуглуулсан. Битүүмжилж, тухайн өдрөө Үндэсний бөхийн салбар хороонд хадгалуулсан. Энэ жил 48 цагийн дотор эхний үр дүнг гаргуулахаар ажилласан.
Сорьцыг лабораторид 2024.07.14-ний өглөөний 02.00 цагт хүргүүлсэн байна. Лаборатори 2024.07.15-ны 22.30 цагт 44 шинжилгээний хариуг гаргаж, ирүүлсэн. Дөрвөн сорьцын хариу одоогоор ирээгүй байна.
Дөрвөн сорьцын нэмэлт шинжилгээний хариу хэзээ ирэх нь тодорхойгүй байна.
Энэ дөрвөн сорьц эерэг гарсан нь допинг илэрчихлээ гэсэн үг биш. Магадална гэсэн үг.
Хэрэв зөрчил гарвал тухайн тамирчинд мэдэгдсэнээс хойш нэрсийг зарладаг хуулийн зохицуулалттай" гэлээ.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Энэ дөрвөн сорьц нь бөх үү, харваач уу?
-Бид 48 сорьц явуулсан. 44 хариу ирсэн. Энэ нь бөх, энэ нь харваач гэж ялгах боломж алга. Тэгэхээр хэлж мэдэхгүй. Хоёрт, тэр дөрвөн сорьцоос илэрсэн, илрээгүй гэж хэлж хэлэх эрт байна.
-Яагаад тэр дөрвөн сорьцыг нарийвчлан шинжилж байгаа юм бэ?
-Тэр дөрвөн сорьцод нэмэлт шинжилгээ хийх шаардлага гарсан гэсэн үг. Зарим бодис бүх цаг үед хориглогдсон байдаг. Зарим бодис хүний биед өөрөө үүссэн байж болно. Эдгээрийг эргэлзээ, маргаангүй тайлах ёстой. Энэ ажлыг бид биш лаборатори хийнэ.
-Хэзээ нарийвчлан шинжилж дуусах вэ?
-14-21 хоног хүртэл сунжрах магадлал бий. Аль болох хурдан шинжилж өгөөч гэдэг хүсэлтээ тавьсан байгаа.
-Шинжилгээ нь хэвийн гарсан 44 тамирчин хариугаа мэдсэн үү?
-Бүгдээрээ мэдэхгүй байгаа.
-Яагаад хариу ирчхээд байхад хоёр өдөр дарж, хардлага төрүүлж байгаа юм бэ. 48 цагийн дараа ирсэн дор нь мэдээлэл хийж болоогүй юм уу. Өнөөдөр хариу зарлана гэсэн шүү дээ. Гэтэл зарласангүй. Монголд л хариу цувж ирдэг асуудал гарах юм?
-Өмнө нь БНСУ-д шинжлүүлдэг байсан. Энэ дарааллаас болж сунжирдаг байсан. Иймд энэ жил аль болох богино хугацаанд гаргуулахаар ХБНГУ-ыг сонгосон. Сорьцыг хүлээж авснаас хойш 48 цагт багтааж, эхний эерэг байна уу, сөрөг байна уу, нарийвчлан шалгах шаардлагатай юу гэдгийг гаргаж өгөх боломжтой лаборатори юм. Энэ хариуг өнөөдөр та бүхэнд танилцуулж байна. Нэргүй, кодоор ирж байгаа. 44 нь ирсэн. Дөрвийнх нь шинжилгээ эцэслэгдээгүй байна гэдэг хариу ирлээ. Энэ бол хэлэхгүй, нууж байна гэсэн үг биш. Угаас ирсэн хариу нь ийм байна.
Дөрвөн хүний шинжилгээний хариу эцэслэгдсэн тохиолдолд үр дүнгийн удирдлага хэрэгжүүлэх стандартын дагуу, тэр бөхчүүдтэй уулзаж, ямар зөрчил илэрснийг нь танилцуулна. Б сорьцоо өгөх үү, үгүй юу гэдэг зарчмаараа явна. Өөрөө хүлээн зөвшөөрвөл нэр нь тодорхой болж, зарлагдана.
-44 сорьцоос илрээгүй гэсэн бол тэдний нэрийг зарлах боломжтой юм биш үү. Энэ хугацаанд солигдчих вий гэсэн хардлага байна шүү дээ?
-Энэ стандартын дагуу явж буй ажил. 44-ийг нь зарлачихаар, үлдсэн дөрөв нь тодорхой болчихно. Тэгэхээр хувь хүний нууцыг хамгаалах олон улсын стандартаа зөрчдөг. Үнэхээр зөрчилтэй юу, үгүй юу гэдэг нь хэлэхэд эрт байгаа тул болохгүй байна.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Заавал бүгдийнх нь шинжилгээний хариу ирсэний дараа зарлана гэж байга бол Солонгосоос ямар байна. Бас л нэг сарын ажил болох юм байна. Магадгүй бүр удна тэгээд жонхуураад өнгөрнө гэсэн үг байна
4 doping
Сурчин, бөхчинг иэдэхгүй гэчихээд, сүүлдээ 4 бөх гээд зарлав
Үндэсний сур харваач допинг хэрэглэвэл харин ч байгаа онохгүй гэгэлзээд...
Shaadag alnuud