Top StoriesБид МонголдооСурвалжилга

Бид Монголдоо #2: Өвс иддэг, хоёр жилд 5 тооройлдог ноостой гахайн аж ахуйгаас

Eguur News агентлаг эх орондоо сайхан амьдрах боломжийг өөртөө олж нээсэн, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж тодорхой амжилтад хүрсэн иргэн болоод өрхийн үйлдвэрлэгч, ААН-ийг дэмжиж олон нийтэд таниулан үзүүлж, уншуулах зорилгоор "Бид Монголдоо" тогтмол контентыг эхлүүлээд байгаа билээ.

Цуврал контентынхоо хоёр дахь дугаарыг бэлтгэхээр Монголд анх удаа мангалица буюу хонин гахайг оруулж ирж, үржүүлж байгаа Э.Энххөлөгийн аж ахуйг зорилоо. Түүний аж ахуй хотоос 200 км, Говьсүмбэр аймгийн Баян талд бий. Энэхүү гахай нь хонь шиг ноостой бөгөөд өвлийн ямар ч хүйтэн нөхцөлд даардаггүй, хорогддоггүй, гадаа амьдардаг. Мөн бэлчээрлэж өвсөөр хооллодог, хоньтой адил учир хөрс сүйтгэдэггүй.

Нэг тооройлохдоо хамгийн ихдээ 16, багадаа долоон тоорой гаргана. Хоёр жилд таван удаа тооройлдог. Мах нь энгийн гахайных шиг цайвар биш улаан өнгөтэйгөөс гадна үхэр, хониных шиг алаг, амттай аж.

Түүний хувьд анх гурван жилийн өмнө долоон тоорой оруулж ирж, ийн үржүүлж эхэлжээ.

-Энэ жил 150 тоорой гарсан-

-Мангалица буюу ноостой гахай гэхээр шинэ, сонин байна. Монголд анх хэзээ оруулж ирэв?

-Анх гурван жилийн өмнө сонирхлынхоо дагуу арваад тоорой авч ирж үржүүлсэн. Сүүлд нэмж 40 тоорой авсан. Үүнийгээ гурван аж ахуй хувааж аваад үржүүлж байгаа. Энэ жил 140-150 тоорой гарснаас зарагдаад 80-аад нь үлдсэн. Үүнээс гадна үндсэн 20 мэгж, таван бодон бий.

-Оруулж ирэх болсон шалтгаан сонин байна?

-Миний хувьд зургаадугаар ангиасаа эхлээд өрхийн хэмжээнд гахай тэжээж эхэлсэн. Тухайн үедээ 10 гахай авч байлаа. Олон жил гахай тэжээж байгаа учир аж ахуйн хэмжээнд хүргэе, ашиг олъё гэж зорих нь мэдээж. Сонирхол маань давхар нөлөөлсөн. Ингэхдээ хувиараа 100, 500, 1000 гээд олон тоогоор нь тэжээж, аж ахуйн зориулалтаар гурван үүлдрийн фермийн гахай үржүүлж байгаад зардал өндөр, ашиг бага байсан тул больсон. Ингээд энэ мангалица гэх гахайг оруулж ирэхээр шийдсэн. Өөрөөр хэлбэл, энэ гахайг оруулаад ирвэл зардал бага гарна, дулаан байрны шаардлагагүй, энгийн гахайг бодвол байгальд бэлчээрээр хооллодог учраас мах нь эрүүл байх юм байна гэдэг давуу талуудыг нь олж харсан. Фермийн гахайны хувьд байнгын чийгтэй байранд байдаг болохоор дархлааны тогтолцоо муу байдаг. Нядалсны дараа фермийн гахайны махны өнгө цайвар цонхигор байдаг бол хонин гахайны мах хонь, үхрийн махтай адил улаан өнгөтэй, алагласан махтай. Тиймээс хүмүүс түлхүү сонирхдог. 

Товчоор энэхүү гахайг өрх болоод сумын хэмжээнд тэжээвэл эрүүл мах идэх боломж бүрдэнэ. Мөн өрхийн хэмжээнд нитритгүй хиам, зайдас үйлдвэрлэх боломжтой. Фермийн илүү нугаламтай гахайг бодвол амьдын жингээр 5-10 кг ын доор үзүүлэлттэй. Энэ нь гадаа байж, хүйтэнд өвөлжиж энерги их зарцуулдагтай холбоотой. Мөн дархлааны тогтолцоо маш өндөртэй, вакцин ч хийх шаардлагагүй гэж үздэг. Мангалицаг ч гэсэн харьцангуй нөмөр газар байлгаад, тэжээвэл өсөлтийн хурд жингийн хувьд адил байх боломжтой. 

-Бусад гахайнаас өвс иддэг, гадаа өвөлждөг гэдгээрээ давуу талтай гэлээ. Өвснөөс гадна тэжээл өгдөг үү?

-Интернэтээр судлаад үзсэн ч өвсөн тэжээлтэй гахай гэж явдаг. Хаврын ямар ч хавсарга, өвлийн аль ч хүйтэнд дулаан байр хэрэггүй. Харин төллөх үеэр нь тооройг нь дааруулахгүйн тулд саравчинд байлгах шаардлагатай. Гахай болон үхэр тэжээж байгаа хүмүүсийг харж байхад үнэгүй, чанаргүй, уургийн агууламжгүй хаягдал хоол өгдөг. Үүнээс үүдээд өвчлөл их гардаг. Тиймээс шар буурцаг, вандуй, царгас, эрдэнэ шиш өгөөд явбал мал аж ахуйгаас авах ашиг шим өндөр.  

Гахай витамин, уургаар томордог. Гэхдээ тэр хоолыг нь манайхан өгдөггүй. Аль болох үнэгүй хаягдлаар хооллох гээд байх нь буруу. Ялангуяа энэ гахайг нядалгааны сар дээр нь цагаан арвай, эрдэнэ шиш, шар буурцаг, вандуй зэрэг ийм тэжээлээр хоолловол махыг нь гоё, өвөрмөц амттай, зөөлөн, алагласан болгож өгдөг. Гахайг тэжээхдээ эхээс салсан тооройны тэжээл, өсвөрийн тэжээл, бордооны тэжээл, хөхүүлийн тэжээл, бодонгийн тэжээл гээд тав ангилаад хооллож байх ёстой. Зарим хүмүүст энэ ойлголт байхгүй учраас нэг л хоолоо өгөөд байдаг. Хэрэв зөв технологийнх нь дагуу тэжээж чадвал сүр бүр тогтмол орлоготой байх боломжтой. Одоогоор манай гахайны тоо толгой цөөн байгаа учраас тогтмол хангаж чадахгүй байна. Хэрэв 20-30 ферм тус бүр ийм 500 гахайтай болчихвол Улаанбаатарын ресторанууд руу тогтмол мах нийлүүлээд дотоод зах зээлээ хангаад байх боломжтой. Одоогийн байдлаар манайх цөм сүргээ бүрдүүлж байгаа учраас мах нийлүүлэхгүй байгаа. 

-Арчилгаа, цэвэрлэгээ шаардахгүй, өөрсдөө хол бэлчээрт явахгүй хүрээд ирдэг, хурдан өсдөг-

-Гурван жилийн өмнө долоон тоорой оруулж ирсэн гэсэн. Үржлийн тухайд хэр хурдан бол?

-Зургаан сартайгаасаа үржилд орох нас нь гүйцдэг. Зургаан сартайгаасаа хээлтэндээ ороод 10 сартайдаа тооройлдог. Тоорой эхтэйгээ 45 хоног байна. Энэ хугацаанаас 3-14 хоногт дахиад хээлээ тээдэг. Жилд 2.4 тооройлдог. Хоёр жилд тав тооройлно гэсэн үг. Нэг тооройлохдоо биеийнхээ хэмжээнээс хамаараад 7-10 тоорой гаргадаг. Харин хоёр, гурав дахь тооройлолтоосоо 12-14 хүртэл гарах боломжтой. Бүр сайн тэжээлтэй бол 16 ч гарах боломжтой. 

-Нэг удаадаа 10-16 тоорой гаргана гэхээр харьцангуй олон санагдаж байна. Эдгээрээс эндэх тохиолдол элбэг үү эсвэл бүгд амьдрах боломжтой байдаг уу?

-Хоол, тэжээл сайтай бол бүх тооройгоо амьдруулах чадалтай. Учир нь мэгж буюу эх гахай өөрөө сүү сайтай. Тэжээл сайн бол хурдан том болдог.  Мөн тооройгоо маш сайн халамжилдаг, гишгэдэггүй, дардаггүй. Фермийн гахай заавал төрөх оронд төрдөг бол энэ гахайны хувьд тийм биш. Манайхаас гахай авсан хүмүүс их ам сайтай байдаг. Өдөрт ус, хоолыг нь тавиад өгчихвөл өөр арчилгаа, цэвэрлэгээ шаардахгүй амар. Өөрсдөө хол бэлчээрт явахгүй хүрээд ирдэг, хурдан өсдөг юм байна гэх зэргээр давуу талуудыг нь олж хараад байнга хэлдэг. 

-Энэ хугацаанд хэдэн тооны тоорой зарсан бол. Тэдгээр тооройг Монгол орны хаана хаана үржүүлж байна?

-Төв аймгийн Алтанбулагт нэг таньдаг ах маань 60-аад ийм гахай үржүүлж байгаа. Мөн Сэлэнгэ, Дорнод, Дархан, Дундговь, Өмнөговьт бий. Энэ жил манайх 160 тоорой аваад хавраас хойш 80-аад тоорой зарсан. Хүмүүс авахдаа томчлоод эр эмээр нь холиод авдаг. 100 тоорой гарлаа гэж бодоход тал нь эр, тал нь эм байдаг.  Үржүүлэхээс гадна махны чиглэлээр хамтарч ажиллах уу, зөвхөн манайд махаа нийлүүлэх үү гэж хандаж байгаа европ ресторанууд олон байгаа.

-Эхлээд үнэтэй оруулж ирсэн ч айхтар ашиг хараад яах вэ гэж боддог-

-Одоогоор үржүүлээд тооройгоо зарах байдлаар ашиг олж байна шүү дээ. Нэг тооройг хэдээр үнэлдэг юм бол?

-Анх нэгээс хоёр сартай тооройг 1.5 сая төгрөгөөр зарж байсан. Харин одоо зуны улирал, тэжээгээд байх нэг их шаардлагагүй учраас хямдруулаад 1-2 сартай тооройгоо сая, таван сартай тооройгоо 1.5 сая болгочихсон байгаа. Эхлээд үнэтэй оруулж ирж байсан ч айхтар ашиг хараад яах вэ гэж боддог.

-Анх хэдэн төгрөгөөр оруулж ирж байсан бэ?

-Нэг тооройг 2-2.5 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Цаад авч байгаа фермийнхээ бичигтэй үгүйгээс хамаараад үнэ нь өөр өөр. Эрхүү, Хиагтаас очоод авбал зэрлэг гахайтай эрлийзжүүлчихсэн тоорой нь монгол мөнгөөр 500 мянга гэдэг. Миний авсан бол Москвагийн ойролцоох фермүүдээс шилсэн буюу эрлийзжүүлээгүй гэсэн үг.

-Өвсөөр хооллодог учраас өдрийн цагаар бэлчээрт гарах байх. Өдөр хэр удаан бэлчээдэг вэ?

-Гахай гэдэг амьтан маань өөрөө идэх зуршил маш өндөртэй. Тийм учраас аль болох эрт гаргаад явуулж л байвал сайн, цаг хамаагүй. Шөнө ч байсан хамаагүй идэж л байдаг. Товчхондоо идэж, өдрийн цагаар тайван унтаж л байвал жин сайн нэмдэг. 

Өдрийн халуунд гүйж ирээд саравч руугаа ороод унтаад өгнө. Орой болоод жаахан сэрүүсээд ирэхээр буцаад бэлчиж явж байгаад харанхуй болохоос өмнө өөрсдөө ирээд саравчиндаа унтчихна. Тийм болохоор хариулга бараг шаардагдахгүй. Өөрөөр хэлбэл их ухаантай. Маллаад үзсэн хүмүүс сайн мэднэ.

-Энэ гахайг хөдөө аваачаад тэжээхээр бэлчээр сүйтгээд, ухаад, сэндийчээд хаячих юм биш үү гэж их асуудаг ч тийм биш-

-Өвсөөр хооллож байгаа амьтан тэжээж байгаа учир хувьд бэлчээрийн гарц, тухайн бүс нутгийн ургамлын онцлог зэрэг чухал байж таарна. Энэ газрыг та зүгээр ч нэг сонгоогүй байх? 

-Энэ газар говийн бүсэд хамаардаг учраас таана, хөмүүл их ургадаг. Эдгээр ургамлыг идсэн хонь малын мах амттай байдаг шүү дээ. Яг л түүнтэй адил гахайгаа энэ бэлчээрт бэлчээвэл мах нь илүү амттай болох учраас сонгосон. Энд газрын гарц ч их сайн. Нөгөө талаас хүмүүс энэ гахайг хөдөө аваачаад тэжээхээр бэлчээр сүйтгээд, ухаад, сэндийчээд хаячих юм биш үү гэж их асуудаг ч тийм биш. Яг л хоньтой адилхан цавчиж иддэг. Тийм учраас өвсөн тэжээлтэй гэж тодотгоод байгаа юм. Говийн буюу халуун бүсэд тэжээх бол сэрүүцэх шавхай, усыг нь бэлдчихсэн байхад л болно. Мангалица гахайны хувьд ямар ч халуун, хүйтэн, ган, зуднаар хоргодохгүй. Мөн ихээр нь үржүүлсэн тохиолдолд жилийн дөрвөн улирлын аль ч үед нядлаад, зараад мөнгө олох бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, мал шиг намар тарга хүч авахаар нь гэж хүлээх шаардлагагүй. 

-Махны амт чанарын тухайд тодотговол?

-Надад өөрт мөнгө, төгрөгөө зараад оруулаад иртэл бусдаасаа ялгаагүй байх вий дээ гэдэг айдас тухайн үед байсан. Тэгтэл нэг гахайны маань хөл гэмтээд гаргахаас өөр аргагүй болов оо. Тэгээд гэдсийг нь яраад үзтэл яах аргагүй алаглаад илт өөр байсан. Амт нь ч их гоё. Яасан ч нүүр улайхааргүй л юм билээ. 

-Гурван жилийн хугаанд долоон тооройг зуу гаруй болтол өсгөжээ. Мэдээж зарсан тооройнуудаа нэмбэл их тоо гарах байх. Таны анх оруулж ирсэн гол зорилго юу вэ. Зорилгодоо хэзээ ойртож, хүрэхээр байна?

-Хоёр жилийн дотор 500-д хүргэчихлээ гэж бодоход хүссэн циклдээ орчихно. Хэрэв ингэж чадвал тогтмол мах нийлүүлээд, үржлийн сүрэг зараад явчих бүрэн боломжтой гэсэн үг. Харин одоогийн хувьд нэг хүн ирээд надаас 100 тоорой авъя гэхэд л байхгүй байна. Тийм учраас энэ боломжоо бий болгохын төлөө зорьж байна. Нөгөө талаас хөдөө орон нутгийн малчдыг туслах аж ахуй дээрээ аваад тэжээгээсэй, орлоготой болоосой гэж хүсдэг. Энэ миний гол зорилго. Би ганцаараа эндээс ашиг хүртээд явах боломжтой ч надад сонин биш. Тиймээс аль болох олон хүн тэжээгээсэй л гэж хүсдэг дээ. Миний хувьд энэ тал дээр хэнд ч нээлттэй. 

ВИДЕО:

-Монголд ховор, өндөр ашиг өгөх, анхдагч гэж хэлж болох амаргүй зүйлийг эхлүүлчхээд бусад хүмүүсээс харамлахгүй гэж байгаа нь их таалагдаж байна. Ингэснээр та юутай болох юм, гарах өөрчлөлт?

-Надаас авсан зүйлээрээ ашиг олоод, амьдрал ахуй нь дээшлээд, амжилттай явж л байвал болоо шүү дээ. Миний хувьд энэ бол кайф. Зарим газрууд ховор үүлдрийн хонь, үхэр ч юм уу оруулж ирсэн бол зөвхөн өөрсдөө тэжээгээд, ашиг олоод, зарсан ч зөвхөн эрийг нь л зардаг. Иймэрхүү хандлагатай хүмүүсийг ойлгодоггүй. Нэгэнт л улсаас дэмжүүлээд, зөвшөөрөл аваад оруулаад ирсэн бол бусдадаа түгээх л ёстой. Тэгж байж урагшилж, салбараараа хөгжинө шүү дээ. Олон байх тусам өрсөлдөөн бий болно, үнэ тогтворжино, дагаад чанар яригдана, стандарт тогтоно. Бодлого хэрэгжүүлж чадвал дотоодод ч, гадаадад ч том зах зээл байна. Гэтэл бид дотооддоо махны үнээ ч барьж чадахгүй өсгөж байна. Хавар нэг кг махыг 18 мянган төгрөгөөр авч иддэг. Ингэхдээ дандаа шинэ, нойтон биш зоорины мах идэж байгаа. Хагас эрчимжүүлсэн болон эрчимжүүлсэн аж ахуйнуудыг хөгжүүлчихвэл  бид махаа нойтноор нь, шинээр нь, тарганаар нь иднэ. 

Ер нь дангаараа, ганцаараа яваад нэг их урагшилж чадахгүй гэж би боддог. Ялангуяа хавар, өвөл хүнд болдог болсон энэ цаг үед аль болох айл бүлээрээ, хоршоолоод, нэгдээд хадлан тэжээлээ сайн авдаг байх чухал байна. Эрчимжүүлсэн аж ахуйг өшөө илүү хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэгж байж гадаад, дотоод руу мах нийлүүлнэ. Үүнийгээ дагаад хүмүүсийн амьдрал ч дээшлэх байх л гэж боддог. Энэ салбарт хийж, бүтээж чадаж байгаа маш олон залуучууд бий. Тэдэнд төрийн бодлого, дэмжлэг л дутагдаад байх шиг санагддаг. 

Нөгөө талд манайхаас яагаад том, том улс орнууд мал импортоор авахгүй байна вэ гэдэг асуудал яригддаг. Үр ашиг муутай, амьдын жин дарахгүй учраас авахгүй байгаа. Малчид ийм ашиг муутай мал тэжээж байгаа учраас амьдрал нь дээшлэхгүй, бизнес хийж, үнэд хүргэж чадахгүй байгаа юм. Миний харж байгаагаар малчид маань өвс тэжээл авах, хүүхдүүдийн сургалтын төлбөр төлөх, хотод байр авахаас хэтэрч чадахгүй байна. Иймд салбарын яамнаас нь туслаад, нэгдсэн бодлого хэрэгжүүлээд, гаднаас сайн чанарын мал авахад нь туслах байдлаар ч юм уу дэм болоод өгвөл малчдад их хэрэгтэй байна байх. 

-Анх 6, 7 дугаар ангид байхдаа 50 мянгаар таван тоорой авч тэжээгээд 40 тооройтой болж байсан-

-Таны хувьд энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн хүн үү эсвэл цэвэр сонирхол уу?

-Яг мэргэжил гээд байх юм байхгүй. Аав, ээж маань ажил хийдэг байсан ч мөнгө нэхэж авч чаддаггүй тийм хүүхэд байлаа. Анх 6, 7 дугаар ангид байхдаа 50 мянган төгрөгөөр билүү дээ таван тоорой авч тэжээгээд 40 тооройтой болсон. 40 тооройгоо нэгийг нь 100 мянгаар зараад тухайн үед дөрвөн сая төгрөгтэй болж байв. Үүнээсээ урамшаад аав ээжээсээ мөнгө авахгүйгээр хувцсаа аваад, сургуулийн төлбөрөө өөрөө төлөөд байж болох юм байна гэж мэдрээд тэжээдэг болсон.

Ингэснээрээ алдаагүй гэж боддог. Би одоо мал амьтны хоол тэжээл, дагалдах хэрэгсэл, эм тарианы дэлгүүр давхар ажиллуулдаг. Мөн жижигхэн тэжээлийн үйлдвэртэй. Энэ бүхнийг гахай тэжээсэн орлогоосоо бий болгоод явж байна. 

-Энэ гахайг орос айлууд ой дунд ихээр тэжээдэг, өрхийн хэмжээнд үржүүлдэг гэж та хэлж байсан. Тэд энэ гахайны юуг нь давуу тал гэж харж, ашигладаг вэ, тантай адилхан уу?

-Гахайг тэжээхэд эхний хөрөнгө оруулалт өндөр гардаг. Байр барина, халаалт шийднэ, тусгай тоног төхөөрөмжтэй, төрөх ортой, хүндийн шалтай, агааржуулалтын болон усалгааны системтэй байх ёстой гэдэг ч юм уу.  Тийм учраас  энэ гахайнд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдахгүй. Зүгээр хаягдал мод, банзаар саравч бариад, 5-10 гахайгаар өрхийн хэмжээнд эхлүүлээд фермтэй болох бүрэн боломжтой. Оросууд мөн адил энэ давуу талыг нь харж байгаа гэсэн үг. Наад зах нь гаднаас мах авахгүйгээр өрхийн хэрэгцээгээ бүрэн хангачхаж байгаа юм. Мангалицагийн махаар 60-аад төрлийн хоол хийдэг. 

Нэг үеэ бодвол манайхан гахайн махыг хүнсэндээ хэрэглээд дадчихлаа. Гэрийнх нь доор дэлгүүрүүдэд төрөл төрлийн гахайн мах зарж байгаа. Гэхдээ тэдгээр мах ихэнх нь гаднын улсаас орж ирдэг. Монголд энэ чиглэлээр үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа хоёр, гуравхан газар л байна. Ихэнх нь хоол тэжээл үнэтэй, ажиллах хүч байхгүй, зардал өндөртэй байна гэдэг шалтгаанаар замын дундаас больчихдог. 

-Хонин гахайны тухайд өвсөөр хооллодог учраас тэжээл бага ордог байх. Энэ нь зардал хэмнэх гол шалтгаан болж байна гэж харлаа?

-Би нэг томоохон компанийн охин компанид энэ чиглэлээр хоёр жил гүйцэтгэх захирал хийж байсан. Энэ туршлагаас харахад 400-500 гахайтай байхад сарын зарлага нь 40 сая төгрөг болж байсан. Үүнд халаалт, тог цахилгаан, ажилчдын цалин, хоол тэжээл багтсан. Тиймээс л энэ төрлийн зардал гарахгүй мангалицаг оруулж ирсэн. Жилд 40 орчим хүн гахай тэжээхээр шийдээд машин, байраа зарчихлаа гээд орж ирдэг. Удалгүй бүгд дампуурдаг. Энэ их зардлыг тооцоолоогүй байдаг гэсэн үг. Монголд яг фермийн цэвэр үржлийн гахай байхгүй. Бүгд эрлийзчихсэн.

Гахай эрлийз байх тусмаа үр ашиггүй, мэгж нь сүүгүй, тоорой нь амьдрах чадваргүй болчихдог. Иймд бид одоо гаднаас цэвэр үржлийн сүрэг оруулж ирэж энэ салбарыг шинэчилж босгохгүй л бол манайд 100 хувь цэвэр гахай байхгүй. Тиймээс шинээр ийшээ хөл тавьж байгаа хүмүүс маань өвчтэй, муу, цус ойртсон гахай л авч байна гэсэн үг. Энэ бас анхаарах ёстой чухал асуудал шүү. Цаашлаад дотооддоо тэжээлээ өөрсдөө тарьдаг болох хэрэгтэй. Вандуй, царгас, эрдэнэ шиш зэрэг уургийн агууламж өндөртэй тэжээлүүд. Ингэж чадвал зардал тэр хэмжээгээрээ буурна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
42 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинvv
Зочинvv
8 сар 19, 2024 09:31

amjilt shuu. yostoi zugeer gahai ba

Zochin
Zochin
8 сар 19, 2024 11:14

sain bna u ene huntei holbogdoh dugaar bna u 88005033

Ард
Ард
8 сар 19, 2024 11:27

Өөдрөг, �##�сыг харсан зөв з�##�уу байна. Ажлын амжилт хүсье.

Зочин
Зочин
8 сар 19, 2024 11:41

Манлайл�##� байна. Туршлага байна. Алсын хараа бна. Амжилт

Зочин
Зочин
8 сар 19, 2024 12:07

Их зөв сурв�##�ж байна. Улсаас дэмжээд, нөгөө хоршоо төслөөрөө олон аймагт хөгжүүлэээсэй билээ...

Зочин
Зочин
8 сар 19, 2024 13:33

Ноостой гахай гэнгүүт л элэг хөшчихлөө. Үнэхээр сонин байна. Амжилт!

Зочин
Зочин
8 сар 19, 2024 23:11
Reply to  Зочин

Tooroi abax gesiin xolbogdox dygaar bnyy

Зочин
Зочин
8 сар 19, 2024 14:09

Өвс иддэг гахай буюу хонь гахай хоёрын эрлийз юм уу, жинхэнэ "эрлийз" чинь энэ дээ !

Tumruu
Tumruu
8 сар 19, 2024 14:53

Mundag bna, ajliin amjilt husiy

Зочин
Зочин
8 сар 19, 2024 15:17

Ёстой л өлгөөд авмаар санаа байна. Сэтгүүлчид баярл�##�аа

Бат
Бат
8 сар 19, 2024 15:38

Сонирхоё хэдийг худ�##�даж авая 94110184

Зочин
Зочин
8 сар 19, 2024 16:03

Цэвэрхэн юм байна. Хаагуур зардаг юм болдоо. Онцгой нэр өгч зарв�##� зүгээр байна.

Зочин
Зочин
8 сар 19, 2024 16:24

Mongolchuud bol hyatad gahai sain hariulna mongolchuud hyatad uchir

Ө Батмөнх
Ө Батмөнх
8 сар 19, 2024 20:45

Сайн байна уу ажилсаг з�##�уу юмаа гахай худ�##�даж авах сонирхолтой болчлоо

Anhbayar
Anhbayar
8 сар 19, 2024 22:02

Taalagdaj bna ene huntei holboo barih bolomj bnuu dugaar ni hed be

Зочин
Зочин
8 сар 19, 2024 22:08

Гахай шиг бэлчээр сүйтгэдэг амьтан байхгүй аймаар юм бн�##�ээ

Зочин
Зочин
8 сар 19, 2024 22:56

Харамгүй сайхан сэтгэлтэй ажилсаг з�##�ууд а жилт ерөөе

Зочин
Зочин
8 сар 19, 2024 23:09
Reply to  Зочин

Xolbogdox dygaar bnyy 91500506

Зочин
Зочин
8 сар 19, 2024 23:29

Goe bn mundag dugaaraa vldeenvv ta

Д.Хүрэлбаатар
Д.Хүрэлбаатар
8 сар 20, 2024 00:10

Маш таатаа байна

Д.Хүрэлбаатар
Д.Хүрэлбаатар
8 сар 20, 2024 00:11

Та�##�агдаж байна 88805652

Зочин
Зочин
8 сар 20, 2024 02:22

Холбоо барих дугаар нь байна уу?

Зочин
Зочин
8 сар 20, 2024 07:31

⁸9

Зочин
Зочин
8 сар 20, 2024 10:09

Хонин гахай гэж энэ насандаа анх удаа сонслоо, уншлаа. Зургийг нь харлаа. Ийм амьтан үржүүлдэг тухай ТВ-ийн нэвтрүүлэг хийгээч!

Зочин
Зочин
8 сар 20, 2024 21:04

МОНГОЛЧУУД ГАХАЙ ХАРИУЛТЛАА ДОРОЙТЖЭЭ ХӨӨРХИЙ ЧААВААС!!!

Wow
Wow
1 сар 11, 2025 04:19
Reply to  Зочин

Hasag nowsh

Зочин
Зочин
8 сар 20, 2024 21:11

Yu dutlaa gej iim gaj mutatslagdsan amitan oruulj irdeg bnaa m#lalmaar baival honiol m#llana biz

Munhjin
Munhjin
8 сар 20, 2024 22:52

ene hvntei yaj holbogdhuu medeelel bna uu

Зочин
Зочин
8 сар 22, 2024 14:38

Ene hvnii dugaar bnu

Зочин
Зочин
8 сар 24, 2024 09:17
Reply to  Зочин

Дугаараа гахай худ�##�даж авий

Зочин
Зочин
8 сар 24, 2024 12:17

Setguulch sain yum. Goy goy sonin zuil gargaad bdag zaluu mun baina amjilt shuu

Хүрэлбаатар
Хүрэлбаатар
9 сар 1, 2024 17:08

Амжилт хүсье.Сонин сайхан юм сонслоо дугаар бна уу

Зочин
Зочин
9 сар 3, 2024 14:42

Дугаар өгөөч гахай авая

Зочин
Зочин
9 сар 7, 2024 15:57

Холбогдох дугаар байна уу

Saruul
Saruul
12 сар 20, 2024 00:10

Холбогдох дугаар байна уу

Зочин
Зочин
1 сар 10, 2025 11:54

ӨВӨРМОНГОЛЫГ ХУЖЖАА НАР ӨМХИЙ ГАХАЙГААР ДҮҮРГЭСЭН

Wow
Wow
1 сар 11, 2025 04:19
Reply to  Зочин

Erguu ork oros troll

Зочин
Зочин
1 сар 10, 2025 13:27

Зурагтаар нэвтрүүлэг хийж үзүүл.
Наад ярилцлагыг чинь цөөхөн хүн олж угшина

Wow
Wow
1 сар 11, 2025 04:18

Ene chin harin mongoliin tsag agaart yag tohiromjtoi gahai yum bishuu

Oюу
Oюу
1 сар 11, 2025 04:41

Сайн бна, амжилт. Жинхэнэ аж ахуйч санаачлага

zochin
zochin
1 сар 11, 2025 11:22

Amjilt . Tuushtai baigaarai

Зочин
Зочин
1 сар 11, 2025 17:17

САЙН БАЙНА УУ. ДҮҮРГИЙН АЖИЛ ХӨДӨЛМӨРТ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН МЭНД

Ч

Холбоотой мэдээ

Back to top button