Сицили: Живсэн хувийн хөлгийн хайгуулаас таван хүний цогцсыг илрүүлсэн

Даваа гарагт /2024.08.19/ Сицилийн ойролцоо хувийн хөлөг живсний улмаас нэг хүн амь үрэгдэж зургаан хүн сураггүй болсон юм.
Алга болсон хүмүүсийн дунд Британи гаралтай технологийн бизнес эрхлэгч Майк Линч болон түүний охин байгаа талаар гадаадын хэвлэлүүд мэдээлсэн.
Италийн албаныхан мэдэгдсэнээр сураггүй болсон хүмүүсийг хайх ажлын хүрээнд таван хүний цогцсыг илрүүлсэн гэжээ.
Сицилийн иргэний хамгаалалтын албаны дарга Сальваторе Кочина лхагва гарагт /2024.08.21/ мэдэгдэхдээ тав дахь цогцос дарвуулт онгоцны сэг дээр олдсон ч гаргаж аваагүй, хэн гэдгийг нь тогтоогоогүй хэмээсэн юм.
Онгоц живэх үедээ 22 хүн тээвэрлэж явсан. Тэдний 15 нь аврагджээ. Аврагдсан хүмүүсийн нэг нь Линчийн эхнэр Анжела Баркарес юм. Тэрбээр Италийн “La Repubblica” сонинд хэлэхдээ үүрийн 04:00 минутын орчим завь хазайх үед сэрсэн гэжээ.
Мэргэжилтнүүд ямар үзэгдлийн улмаас онгоц живснийг тодорхой мэдэхгүй байгаа ч Газар дундын тэнгист үүссэн усан хуй хөлгийг живүүлсэн гэж таамаглаж байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.