Хорт хавдрыг ялан дийлэгч О.Хулан: Нарны туяа хүртэл хэчнээн гоё харагддаг гэж санана

Хорт хавдар гэх хүнд өвчнийг ялан дийлэх, ард нь гарах хүч тэнхээ энэ өвчнөөр өвдсөн хүн бүрт бий шүү гэдэг урам зоригийг бид зочноосоо олж харсан юм.
Eguur News агентлаг энэ удаад хорт хавдар гэх аюулт өвчнийг бие сэтгэлээрээ даван туулсан О.Хулантай ярилцлаа. Түүний хувьд "Минут тутам хэн нэгэн энэ өвчнөөр оношлогдож, минут тутамд хэн нэгэн үхэж байгаа. Өнөөдөр амьд байгаaдаа талархаарай. Эмчилгээ эхэлсэн бол та бүр азтай. Эдгэрсэн бол та баатар. Харах өнцөг гэдэг өөрийгөө өрөвдөлтэй хэн нэгэн болгох уу? Эсвэл баатар болгох уу гэдгийг шийднэ. Амьдралаа болон өвчнөө "гартаа авч", удирд" хэмээн ярина. Ингээд түүнийг уншигч тантай уулзуулж байна.

-Ямар ч хүн өөрийгөө хорт хавдраар өвчилнө гэж боддоггүй байх. Таны хувьд анх хорт хавдартай хэрхэн нүүр тулж байв?
-Би хорт хавдар гэдэг зүйлийг мэдэхгүй шахуу хүн байсан. Миний ойр орчимд ч энэ өвчнөөр өвдсөн хүн байгаагүй. Тэгэхээр би хөхний хорт хавдар гэдэг зүйлийг хальт сонссоноос л биш ямар ч мэдээ мэдээлэлгүй байлаа. Тэр ч утгаараа хөхний хорт хавдартай гэж оношлуулахдаа бусдын л адил цочирдож, бас айсан.
Хамгийн анх манай нөхөр "эмэгтэй хүн сар болгон хөхөө шалгах хэрэгтэй байдаг юм байна. Чи шалгаж байгаарай” гэдэг байсан. Тэгээд нээх ч удалгүй би усанд орж байхдаа гараа дээш өргөн, сугаа угаахдаа хөхөнд хатуу зүйл байгааг мэдсэн. Мэдсэн даруйдаа л эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэж явсаар миний хавдар оношлогдсон.
Япон улсын иргэд шууд том эмнэлэг рүү явж үзүүлдэггүй. Манайхаар бол эхлээд дүүргийн эмнэлэгтээ ханддаг. Хавдартай гэдгээ хамгийн түрүүнд нөхөртөө хэлсэн болохоор хамт үзүүлэхээр явж байсан л даа. Очоод үзүүлтэл “Зүгээр байна аа. Залуу эмэгтэй хүнд ийм юм үүсдэг юм. Биеийн чинь ирэхээр дааврын өөрчлөлтөөр алга болчихно. Чи санаа зовж байвал цаашаа үзүүлж болно шүү. Санаа зовохгүй бол зургаан сарын дараа хүрээд ир” гэсэн. Тэгээд л нөхөртэйгөө зөвлөлдөж байгаад цаашаа үзүүлэхээр болоод том нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Гэтэл үзүүлсэн эмч хөхний эхогоор хараад “энэ хэлбэр нь эвгүй юм байна. Хортой байх магадлалтай. Шинжилгээгээр үзэх хэрэгтэй” гээд эсийн шинжилгээ өгөх ёстой болов. Ингээд хоёр долоо хоногийн дараа хариу нь иртэл эхний ээлжид эс нь өөрчлөлттэй гэж гарсан. Цаашлаад нарийн шинжилгээ өгөх шаардлагатай болоод өгтөл хөхний хорт хавдар.
Хавдар илэрсний дараагаар хамгийн түрүүнд хаана эмчлүүлэх вэ гэдэг асуудал тулгарсан. Манай улс бол ганцхан эмнэлэгтэй. Тэр нь оочир дараалал гэж барагдахгүй шүү дээ. Харин Японд аймаг, дүүргээрээ өөр өөр сонголтуудтай байсан. Их сургуулийн эмнэлгүүд тэр дундаа хамгийн сайн эмнэлэгтээ ордог. Тийм учраас миний хувьд Японд байсан болохоор ямар нэгэн эмчилгээний зовлон гэж байгаагүй нь аз болсон.
Миний хорт хавдар эхний үе буюу хоёр см-аас жижиг хавдар байсан учраас химийн эмчилгээнд явсан. Мөн бай эмчилгээнд давхар явж, хагалгаанд орсон. Одоо гормоныг дарангуйлах эм ууж байна.
-Хүмүүс хавдрыг нэг өдөр өвдчихдөг ханиад шиг төсөөлдөг. Гэтэл тэр хавдар гэдэг зүйл дор хаяж 10 жилийн өмнө хүний биед үүсчихсэн байдаг-

-Өндөр хөгжилтэй оронд яг юунаас болж залуу насандаа хөхний хорт хавдартай болов гэдгийг тодорхойлох боломж байдаг юм болов уу. Та судалж үзсэн үү?
-Хөхний хорт хавдар юм уу, ямар нэгэн хавдрыг одоогоор яг юунаас болж үүсдэгийг тодорхойлох боломжгүй байдаг. Хүн бүрийн эс, амьдралын хэв маяг өөр болохоор хавдар өөр өөр зүйлээс болж үүсдэг юм билээ. Шинжлэх ухааны үндэслэлтэй нэг зүйл нь би генийн мутацитай болж таарсан. Тэр хромосомын төрөлдөө очно. Тэгэхээр миний хөхний болон өндгөвчний бүх эс өөрчлөлттэй гэсэн үг. Энэ нь нийт хөхний хорт хавдартай хүмүүсийн 5-10 хувьд нь л тохиолддог. Эрсдэлт хүчин зүйлүүд гэж бий. Жишээлбэл, сарын тэмдэг ирэх, хожуу цэвэрших, дааврын гаралтай эм бэлдмэлийг урт хугацаанд хэрэглэх хийгээд архи, тамхины хэрэглээ хамгийн өндөр эрсдэлт хүчин зүйлд ордог юм билээ. Эмэгтэйчүүдийн хувьд хөхний хорт хавдар настай их холбоотой. Дэлхийд 55-65 нас, Монголд 45-60 насанд өвчлөл их байгаа нь харагддаг. Дэлхийн стандартаар 55-65 нас буюу цэвэршилтийн үед хөхний хавдрын өвчлөлд өртөх магадлал өндөр байдаг.
-Хүмүүс хорт хавдраар нэг л өдөр өвчилдөг гэсэн ташаа ойлголттой байгаад байдаг шүү дээ?
-Манайхны айгаад байгаа зүйл бол энэ өвчин гэнэт л нэг өдөр өвдчихдөг ханиад шиг зүйлээр төсөөлөөд байдаг. Гэтэл үгүй. Дор хаяж тэр эс чинь 10 жилийн өмнө үүсчихсэн хүний биед явж байдаг. Тэгэхээр тэр 10 жилийн дотор илрүүлж чадахгүй байна гэдэг бол хугацаа алдаж байгаагийн л нэг шинж. Иймд ерөөсөө нэг хавдар үүсчхээд тэгээд яваад л байна.Тэр эс 10 тэрбум болж байж 1 грамм хавдар үүсгэдэг. Цаашлаад тэр хавдар нь геометрийн аргаар үүсээд хурдацтай томроод явчихдаг юм билээ. Тийм учраас хавдрыг нэг өдөр үүсдэггүй гэдгийг Япон эмч нар хэлдэг. Яагаад настай хүмүүс хорт хавдраар илүү өвдөөд байна вэ гэхээр олон жилийн өмнөөс л тухайн хүний биед олон тооны хорт эсүүд үүсээд өвчлөөд явж байна аа л гэж ойлгож болно. Харин яагаад залуу хүмүүс эрт өвдөөд байгаа вэ гэхээр дээр дурдсанчлан амьдралын буруу хэв маяг, хооллолт зэргээс шалтгаалаад өвдөөд байгаа гэсэн үг.
Мөн хавдар болгон өөр шалтгаантай. Би жишээлбэл генийн мутацитай гэдэг ч юм уу. Өөр нэг хүн болохоор хүүхдээ хөхүүлж байгаад хөхөө гэмтээчихсэн байж болно. Өөр нэг нь 50 гараад цэвэршчихсэн чинь дааврын их бага хэмжээ савлаад түүнээсээ болоод хавдар ургачихсан гээд их олон хүчин зүйлээс болдог байж таарсан. Тэгэхээр хүн болгоны тохиолдол өөр байдаг учраас эмч нар яг юунаас болоод хорт хавдар үүсээд байгаа дээр хэлэх зүйл олддоггүй.
Хавдрын хамгийн гол аюултай юм чинь над руу хүмүүс “хөх өвдөөд байна” гээд бичээд байдаг. Гэтэл хөх өвдөнө гэдэг нь хавдрын шинж тэмдэг биш л дээ. Хавдар бол өвддөггүй. Тэрүүгээрээ л их аюултай. Хүний хөхнөөс цус гарах юм бол ямар нэгэн зүйл буруу болсныг мэдэж болно. Гэхдээ над шиг зүв зүгээр байж байгаад хавдартайгаа мэдвэл үнэхээр сонин бас гайхмаар.
-Япон 120 сая хүнтэй гэхэд 60 сая хүн хорт хавдраар өвчилдөг. Гэхдээ тэдний хамгийн давуу тал нь эрт оношилгоо бас даатгал-

-Япон улсын тухайд хорт хавдраараа дээгүүрт жагсдаг ч гэсэн хүмүүс нь урт наслаад байдаг шүү дээ. Энэ юуных вэ?
-Японд 9 эмэгтэй хүн тутмын 1 нь хөхний хорт хавдраар өвддөг гэсэн судалгаа байдаг. Тэр бүү хэл эмэгтэйчүүдийн хорт хавдраар Азидаа нэгт ордог юм билээ. Нийт хүн амынхаа хорт хавдраар ходоод, нарийн бүдүүн гэдэсний хорт хавдар нэгт явдаг. Японы мэдээгээр нь гарсан баттай эх сурвалжаас үзэхэд одоо л бол хоёр хүн тутмын нэг нь хортой хавдраар өвддөг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр Япон 120 сая хүнтэй гэхэд 60 сая хүн хорт хавдраар өвчилдөг гэсэн үг. Гэтэл яагаад энэ хүмүүс урт наслаад байна вэ гэхээр эрт илрүүлэг. Ерөөсөө л тэд нар эрт шинжлүүлээд, тууштай эмчилгээ хийлгэснээр эдгэрчихдэг. Хэдий хүн болгон нэг удаа өвддөг ч гэсэн эрт илрүүлгийн ачаар хурдан мэдээд эмчлүүлчихдэг.
Манай орны тухайд мэдлэг мэдээлэл хомс, улсаас нэгдсэн даатгал гэдэг зүйл байдаггүй болохоор айдас маш их байдаг. Харин Японд бол хүмүүс нь хавдраар өвдөх нь тодорхой асуудал мэт. Гэхдээ тэнд хүн ажлын байранд гараад ирэхээр хавдрын даатгалд хамрагдчихдаг. Хавдрын даатгал нь нас залуу байх тусам хямдхан, 40-50 гараад ирэхээр арай илүү төлбөртэй байдаг. Тийм учраас хүмүүсийн хэрэгцээ шаардлагаар даатгалыг хөгжүүлэх хэрэгтэй. Цаашлаад эрт илрүүлэг гэдэг зүйлийг зайлшгүй эрчимжүүлэх хэрэгтэй. Тэгээд мэдлэг, мэдээлэл гэдэг зүйлийг ерөөсөө л өгөх хэрэгтэй.
Одоо ийм нэг муухай юм байдаг л даа. Үйлийн үрээсээ болоод өвдчихсөн. Эсвэл би хавдрын тухай юм үзээд байгаа болохоор өвдчихлөө гэх мэт балар эртний хүнд хэлэхэд хүртэл ичмээр зүйлийг манайхан яриад байдаг. Энэ бол маш буруу. Яагаад гэвэл энэ бол их нийтлэг өвчин болчихсон. Гэтэл хүмүүс хамгийн эцсийн шатандаа л мэдээд байгаа нь мэдлэггүйн шинж байгаа юм. Шинж тэмдэг илрээд л яваад байдаг гэтэл мэдэхгүй хэдэн арван жил алдчихсан байгаад байдаг. Хэн ч нэг өдрийн дотор хавдартай болоод маргааш нь үхдэггүй.
Хамгийн гол нь эрт илрүүлэгт жил болгон орох. Тэгээд дээрээс нь мэдлэг мэдээлэлтэй болох. Энэ тал дээр эрчимтэй юм хийхгүй бол хавдрын сүүлийн шатанд нь оношлоод байдаг, эмчилгээндээ орохдоо цаг хугацаа алдаад байдаг. Би хувьдаа бол энэ өвчнөө эмчээс ялгаагүй А-Я хүртэл судалсан.
Бас нэг асуудал бол хүмүүс Япон эмч нарыг бүх өвчтөндөө бүх зүйлийг тайлбарлаад, зөвлөөд явдаг гэж ойлгодог. Гэтэл эмч нар юмаа мэддэг хүнтэй л ярьдаг. Эсрэгээрээ юу ч мэдэхгүй хүнд “аан ингэдэг юм аа” гээд тайлбарлаад суух зав байдаггүй. Миний хувьд гэрийн даалгавраа сайн хийдэг. Ерөөсөө гэртээ уншаад, судлаад эмчээсээ асуух асуултуудаа бэлдээд ордог байсан даа.
-Ингэхэд та ямар мэргэжилтэй юм бэ. Хорт хавдраа даван туулсны дараагаар эрүүл мэндийн чиглэлээр ажиллах хүсэлтэй байгааг тань сонсож байсан?
-Ахлах сургуулиа төгсөөд би Мандах их сургуульд нягтлан бодогч мэргэжлээр дөрвөн жил сурсан. Зөвлөх хүнгүй болохоор нягтлан гэж ямар мэргэжил байдгийг нь ч мэдэхгүйгээр сонгож сурсан даа. Төгсөөд мэргэжлийнхээ ажлыг хийж, тусдаа гарч байр түрээслэн амьдарч эхэлсэн. Цалин минь амьдарлаа авч явахад огт хүрэлцэхгүй, энэ маягаар үргэлжлүүлэх хэцүү гэж бодсоноор гадаад явах шийдвэрт хүрсэн. Тэгээд Япон руу гэрээгээр ажиллахаар ирсэн дээ. Хүнтэй сууснаасаа хойш хувийн карьераа анхаараагүй хэсэг явсан. Харин хорт хавдар тусаад даван туулж байх явцдаа эрүүл мэндийн салбарыг сонирхож эхэлсэн. Энэ чиглэл дээр хүн хүч дутмаг байдгийг мэдээд суралцах шаардлагатай юм байна гэж бодсон.
Гэхдээ сүүлийн үед ажиглагдаад байгаа зүйл гэвэл манайхан дунд энэ хорт хавдар гэх сэдэв бол цаг нь болоогүй юм байна. Тэгээд ч наашаа хандаж байгаа хүмүүсийн хувьд багаар ажиллахаас илүү ганц нэгээрээ холбогдох сонирхолтой байдаг юм билээ. Саяхан нэг эвент зохион байгуулахад зарим хүмүүс “Би очмооргүй байна. би ичээд байна. Би өвчтэй байгаагаа хүмүүст харуулмааргүй байна” гэхчлэн хандлага гаргаж байсан. Тийм ч учраас энэ салбарт орох эсэх цаг хугацааны л асуудал болоод байна.
-Өвдсөн үед хүний зан танигддаг гэдэг. Энэ хэр үнэний ортой үг вэ?
-Өвдсөн байгаа үед гэр бүл ойр дотнын хүмүүсийн дэмжлэг маш чухал. Ялангуяа хагалгаа болон эмчилгээний дараа сэтгэлээр хямрах үе байдаг. Зүйрлэвэл төрсний дараах хямрал гэдэг шиг сэтгэл санаагаар унаж депресст автах тохиолдол бий. Яагаад гэвэл ажиллаж байгаад эмчилгээний үеэр түр больсон бол өөрийгөө юу ч чаддаггүй болсон мэтээр мэдрэх, ганцаардах зэрэг хүндрэл үүсдэг. Мөн эмчилгээний үед анхаарал хандуулж, халамжилж байсан хүмүүс анхаарахаа болиход энэ хүндрэл нэмэгддэг.
Ер нь л хагалгаа хийлгээд хими болон бай эмчилгээ үргэлжилж байх үедээ сэтгэл санаагаа маш өөдрөг байлгах хэрэгтэй. Үгүй бол биеийн дархлаа багасаж хавдар дахих магадлалтай. Хүний дархлааны эсүүд хавдрын эсийг устгах үүрэг гүйцэтгэдэг юм. Харин дархлааны эсийн хүч сул, бүр байхгүй болбол хавдрын эсийг дарангуйлах зүйл байхгүй болно гэсэн үг. Тиймээс их дархлаатай байхын тулд сэтгэл санаагаар хямарч болохгүй. Хамгийн талархмаар зүйл бол миний эргэн тойронд их олон сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Тийм ч учраас надад их сайхан байсан. Яахав өмнө нь харилцаа холбоотой байсан зарим хүмүүс холбоогүй алга болсон. Гэхдээ энэ бол тийм ч хүнд зүйл санагдаагүй. Явах нь явдаг, ирэх ирдэг гэдэг шүү дээ.
-Хорт хавдраа даван туулах явцдаа 12 улсын 20 гаруй хотоор аялсан байна-
-Та гадны улсуудаар ганцаараа аялсан влог хийдэг шүү дээ. Тэгэхээр аялах хүсэл хорт хавдраа даван туулсны дараагаар эхэлсэн үү?
-Би багаасаа л аялах дуртай хүүхэд байсан. Манай ээж намайг бага байхад их хүндээр өвдсөн. Тухайн үед эмнэлэгт ээжтэй минь хамт хэвтэж байсан хүн охин нь Швейцарт байдаг, хүүхэд дээрээ очоод ирсэн гээд л их гоё аяллын тэмдэглэлээ ярьж өгсөн юм билээ. Тэгээд нэг өдөр ээжийгээ эргээд очиход ээж минь надад “миний охин гадаад, дотоодоор их аялаарай” гэж хэлж байсан. Түүнээс хойш би дотроо гадагшаа явна, олон гоё зүйл үзнэ гэсэн бодол тээж эхэлсэн. Тэгээд л томрох тусмаа хэлээ сайжруулаад жуулчдад хөтөч хийдэг, сайн дурынхантай ажилладаг байсан. Том болоод явсан ч гэсэн би цаашлаад европоор ганцаараа аялна гээд бодоод л явдаг байлаа. Гэхдээ амьдрал санаснаар болохгүй шүү дээ. Мөнгө санхүүгээс эхлээд л. Түүндээ хүлэгдээд л хараахан явж чаддаггүй байсан.
Харин өвчнөө даван туулж байх үед нөхөр минь “одоо чи ажил хийхгүй байгаа дээрээ өөрийнхөө хүслээр гадагшаа явах хэрэгтэй юм байна” гэж хэлснээр би олон жил мөрөөдсөн аялалдаа гарсан байдаг юм. Тэгээд л эрүүл мэндийн салбарт орно гэж бодож явсан хүн чинь аяллын салбарт илүү татагдаад эхэлсэн. Хүмүүс ч надаас энэ тал дээр их мэдээлэл авах сонирхолтой юм байна гэдгийг анзаарсан.
-Саяхан аяллын групп нээсэн байсан нь ийм учиртай байжээ?
-Хоёр хоногийн өмнө аяллын талаар сонирхох хүн байна уу гээд зар тавьсан чинь 80 гаруй хүн цугласан. Эвент хийсэн газарт маань багтахгүй шатаар нь хүртэл зогсчихсон байсан. Тэгээд л уулзалт дууссаны дараа ирсэн хүмүүс “чи аяллын групп нээчих. Түүндээ мэдээлэл оруулж байгаарай. Бид нар ч асуух зүйлээ асуугаад явахад амар юм биш үү” гэсэн санал тавьсны үндсэн дээр группээ нээсэн.
-Одоогоор хэчнээн улсаар аялаад байгаа вэ?
-Би гурван сарын хугацаанд 12 улсын 20 гаруй хотоор аялсан байна. Мөн үүнээс гадна монголынхоо 2-3 аймаг руу аялаад ирсэн.
-Ингээд л ганцаараа олон улс, хотуудаар явж байхад айдастай, баяртай олон мэдрэмж төрсөн байх?
-Анх ганцаараа аялсан болохоор мэдээж айдас байсан. Хамгийн наад зах нь гэхэд аялалынхаа бүх мөнгийг бэлнээр аваад явж байгаа эмэгтэй хүн гэхээр дээрэмдүүлэх вий гэсэн айдастай. Харин яван явсаар байгаад би ер нь болох юм байна, хүнд төвөг удахгүй мөрөөрөө явах юм бол энэ бүгд асуудалгүй болох юм байна гэдэг итгэлтэй болсон. Ингэснээр их олон зүйлд санаа зовохоо болидог юм билээ.
-Өвөөгийнхөө буянаар хүнд дээрэлхүүлж, эд зүйлсээр дутаж үзээгүй сэтгэл тэнэгэр өссөн дөө-

-Таны яриаг сонсоод байхад багаасаа амьдралын мөн чанарыг таньчихсан нөгөө талаараа хат суусан хүн шиг санагдлаа. Тэгэхээр таны бага нас хэрхэн яаж өнгөрч байв?
-Би өвөө эмээгийн хүүхэд байсан. Ээжийгээ алдчихаад өвөөтэйгөө хэсэг амьдарч байсан юм. Өвөө тэтгэвэрт гарсан хэрнээ ажил хийх шаардлагатай байсан тул хуучнаар “Ард кино” театрт манаач хийдэг байлаа. 24 цаг ажиллаад, 48 цаг амарна. Гараатай өдөр нь би ганцаараа гэртээ үлддэг байсан. Нагац ах маань их "шоуддаг". Архи дарсанд дуртай залуу байсан болохоор гэрээр янз бүрийн найзууд гэх хүмүүс цуглуулна.
Заримдаа би ганцаараа хонох шаардлагатай үеүд ч гарна. Шөнө болохоор айгаад өвөө рүүгээ хэд хэд залгана. Ийм байдал хэдэн сар үргэлжилсэн болохоор өвөө маань "Ингэж байхаар охиноо дулаан байртай, хоолтой газар, ижил хүүхдүүдтэй нь хамт байлгая" гэж одоогийн Өнөр бүл төвд өгч байсан юм. Төрсний гэрчилгээ дээр ч аавын нэр байдаггүй тул шууд л бүтэн өнчин гэсэн ангилалд орсон.
Гэхдээ тэнд хүргэж өгөхөөс өмнө өвөө минь надтай ярилцсан. Дээрх шалтгааны улмаас чамайг тэнд хүргэж өгөх нь хамгийн зөв шийдэл гэж хэлсэн. Мөн их сургуульд ороход чинь сургалтын төлбөрийг нь улсаас шийдэх юм байна гэх мэт зүйлийг ярьсан. Аливаа чухал шийдвэрүүдийн өмнө надтай том хүн шиг ярилцаж байсан нь миний бодож байгаа зүйл бусдад чухал байдаг юм байдаг гэж мэдрэмжийг төрүүлж, хүндэлдэг байсан. Энэ нь миний хүмүүжил, төлөвшилд сайн суурь болсон. Одоо эргээд бодоход маш том хичээл байсан байгаа юм. Миний харилцах чадварт маш сайнаар нөлөөлсөн. Асрах төвд 100 гаруй хүүхэдтэй харилцдаг. Хүн бүрд өөрийнхөө санал бодлыг зөвөөр илэрхийлэх, хэнээс болгоомжлох уу гэх зэрэг асуудал тулгамддаг. Тэр бүрд ийм хүнтэй ингэж харьцана, тийм хүнтэй тэгж харьцвал зүгээр эсвэл хол явсан нь дээр гэдэг ч юм уу энэ мэт чухал зүйлсийг өвөө минь надад сургасан.
Өвөө маань манаачийн ажлаа тараад бямба гарагт ирж, гэртээ хонуулаад ням гарагт буцаагаад төвд маань авч ирнэ. Бид хоёр Офицерын эцсээс хоёр дугаарын троллейбусанд суугаад Ханын материалын 21-р хороолол хүртэл явдаг байсан. Өвөөг намайг авахаар ирэхэд нь үзэмтэй талх захидаг байсан юм. Троллейбусанд суунгуутаа л өнөө захиж авчруулсан талхаа би ганцаараа идчихдэг байсан. Яагаад ч нормын хоолондоо дасахгүй, их л өлсдөг байснаа санаж байна. Гэхдээ би өвөөгийнхөө буянаар хүнд дээрхлүүлэлгүй, эд зүйлсээр дуталгүй сэтгэл тэнэгэр өссөн дөө.

-Одоо Өнөр бүлийнхэнтэйгээ эргэх холбоотой байдаг вэ?
-Ер нь холбоотой байдаг. Манайхан чинь өөрсдөө групп чаттай. Дүү нартайгаа бол ирхээрээ уулздаг. Одоо би энэ 10 сард дүү нараа очиж эргэх хэрэгтэй байгаа. Би өнгөрсөн найман сард цэцэрлэгийнхэн дээр очсон.
-Сүүлийн асуулт. Анх асуудал далайн хэмжээний том байсан. Хувь тавилантайгаа эвлэрээд эхлэхээр жижгэрээд гол, горхи шиг жижгэрчээ. Ингээд л та алхаад давчихаж шүү дээ. Одоо та яамаар байна, цаашид хэрхэн амьдармаар байна. Юу хиймээр байна?
-Би хийх бүтээх хүсэл тэмүүлэлээр дүүрэн байна. Цаашид нийгмийн эрүүл мэндийн төлөө, өөрийн мөрөөддөг байсан газруудаа аялах чин их хүсэлтэй байгаа. Бас хүмүүст хэрэгтэй эд зүйлсийг зарж, улам өргөжүүлэх зэргээгр энгийн нэгэн хүний сайхан амьдралын хэмнэлийг л хүсэж байна даа.
Мөн эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд, бид өөрсдөдөө хайртай байх хэрэгтэй. Хайртай байна гэдэг нь жил бүр хөх, өндгөвч болон савны шинжилгээнд зайлшгүй хамрагдах хэрэгтэй. 40-өөс дээш насны эмэгтэйчүүд бүр илүү анхааралтай байх ёстой. Охиддоо сар бүр хөхөө шалгаж байхыг захих хэрэгтэй. Өөрөө усанд орж байхдаа гараа өргөөд, эсвэл гараа ташаандаа аваад, толинд харж байгаад хөхөө шалгаж сурах нь зүйтэй. Ээжүүд охиддоо хөхөө шалгахыг зааж сургаасай. Эрүүл энх л байвал бусад бүх зүйлс боломжтой. Тиймээс бүгдээрээ эрүүл энх байцгаая.
-Ярилцсанд баярлалаа.
ВИДЕО:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хортой гээд байгаа өвчний уг ш�##�тнаан нь сэтгэлзүйтэй шууд холбоотой. Энэ бүсгүйд амжилт хүсье. Сэтгэл зүйтэй холбоотй гэдэгээ мэдээгүй цагт хэзээ нэг өдөр хавдар нь дахиад л гараад ирдэг. Энэ сэтгэлзүйн ш�##�тгаанаа олж илрүүлээд эмчлүүчихэд энэ хавдар нь эдгэхээс гадна дахин өвчин гэдэг зүйлийг дурсахаа болих юм билээ. Монголд маш олон хүн хүнд өвчнүүдээсээ эдгээд эхэлсэн.
UNDUR HUGJULTEI YPON OROND ERT UEDEE ONOSHOO ZUV OLJ EDGERSEN N AZSHUU... JINHENE HORT HAVDAR BOL OLON ERHTEND N HALDVARLAAD USERHIILJ GESEN UGLDEE... EDGESHGUI BOLDOGLDOO TIIMEES HUN ER N URGELJID UURIIGUU HYNAH NLSHUUDEE.UNENDEE BOL HORT HAVDRIIG YLSAN HUN ODOOHONDOO BHGUISHUU....ERT ILRUULVEL L ENE EMEGTEI SHIG EDGERDEG CH URGELJ OTOJ BDAG UVCHIN. USERHIILSEN L BOL HUNIIG UHUULJ BJ L....
HAMGIIN TOM AMID JISH EE BOL STIV BNASHDEE... MUNGU BOL .....
Эрүүл энх, аз жарг�##� хүсье.
Баяр хүргэе, Мундаг охинд
Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Олон сайхан хүмүүсийн ерөөл бат оршиг