Гадаад мэдээДЭЛХИЙ

Нобел 2024: Нихон Хиданкёо цөмийн зэвсгийг халах ажлынхаа төлөө энх тайвны шагнал хүртлээ

Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналыг Японы атомын бөмбөгийн хохирогчдын үндэсний байгууллага болох Нихон Хиданкёо цөмийн зэвсэггүй дэлхий бүтээх зорилгынхоо төлөө авсан байна. Норвегийн Нобелийн хороо тус байгууллагыг “цөмийн зэвсгийг дахин хэзээ ч ашиглаж болохгүй гэдгийг гэрчүүдийн мэдүүлгээр батлан харуулж байгаа” хэмээсэн юм.

Өөрөөр Хибакуша гэж нэрлэгддэг тус байгууллагыг нь 1945 онд Хирошима, Нагасакид цөмийн бөмбөг хаясны дараа амь гарсан хохирогчид үүсгэн байгуулсан. Нобелийн хороо баасан гарагт /2024.10.11/ тэдэнд шагналыг гардуулахдаа “Нэг л өдөр Хирошима, Нагасакийн атомын бөмбөгийн хохирогчид тэнгэрт одож, түүхийн гэрч байхаа болино. Өнгөрсөнд болсон зүйлийг санах соёл болон тасралтгүй хүчин чармайлтаар шинэ үеийнхэн Японд тэдний түүхийг үргэлжлүүлэн авч явах болно” гэжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр, 1945 оны наймдугаар сарын зургаанд АНУ Хирошима хот дээр цөмийн бөмбөг хаяхад 80 мянган хүн газар дээрээ амь үрэгдсэн. Гурван өдрийн дараа АНУ Нагасаки дээр цөмийн бөмбөг хаясны улмаас 70 мянган хүн шууд нас барсан. Бөмбөг хаяснаас олон арван жилийн дараа олон мянган хүн хүн цацрагийн хордлогын улмаас амиа алдаж байсан юм.

Стокхолмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн (SIPRI) захирал Дан Смит “CNN” агентлагт хэлэхдээ Хибакуша энэ жилийн энх тайвны шагналыг хүртсэнд маш их баяртай байна хэмээжээ. Смит нэмж хэлэхдээ “1985 онд ЗХУ болон АНУ-ын удирдагчид Горбачёв, Рейган нар хэлэхдээ, цөмийн дайн аль нэг тал нь ялалт байгуулах боломжгүй, ийм дайн хэзээ ч гарах ёсгүй гэдгийг хэлж байсан. Хибакуша бидэнд үүнийг өдөр бүр сануулдаг. Нагасакид ингэж хэлдэг: Нагасакид хаягдсан бөмбөг нь цөмийн зэвсгийг дайнд хоёр дахь удаагаа ашигласан явдал байсан: Үүнийг сүүлчийнх нь болгоё!” гэсэн байна.

Нобелын хороо Хиданкёог цөмийн зэвсэг хэрэглэхийн эсрэг сөрөг үзэл бодлыг хадгалахыг тусалж байгааг нь магтаж, хүн төрөлхтний энх тайван ирээдүйн урьдач нөхцөл хэмээжээ. Ийнхүү энх тайвны шагналыг тус байгууллагад өгч байгаа нь сүүлийн 80 гаруй жилд цөмийн зэвсэг ашиглаагүй гэдгийг онцлох зорилготой гэсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button