УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН доторх жижиг ХҮН

Улс төрийн хоёр нам ээлжлэн засаглаж ирсэн Монголын улс төрд нэн шинэ салхи сэвэлзэж байсан нь саяхан. 2020 оны УИХ-ын сонгуульд 29 тойрогт 53 хүн нэр дэвшүүлсэн  ХҮН намаас 29-р тойрогт буюу Хан-Уулд Т.Доржханд мандат авч гарч ирсэн юм. Т

ухайн үед 24 мянга 449 сонгогчийн саналыг авч УИХ-д суудал авсан нь ХҮН намын хувьд томоохон үсрэлт болсон гэхэд болно. ХҮН намыг дэмжигч, сонгогчид шинэ, залуу намд итгэл хүлээлгэж, АН, МАН-ын засаглал, улс төрийн бодлого шийдвэрт хөндлөнгөөс оночтой хяналт хийх боломжоор хангаж өгсөн. Ерөөс аз, эз байгаагүй. Цэвэр сонголтын үр дүн. Гэвч энэ үр дүнг хөсөрдүүлж, улс төрийн тоглолтууд дунд төөрөлдсөөр байгаа нь харамсалтай. МАН-ын хөлд чирэгдэж, хаа нэгхэн улс төрийн акц зохиож явдаг ялихгүй нам болж хувирах зураглал ажиглагдсаар.

УИХ-д сонгогдсон эхэн үедээ улс төрийн хууччуулыг шүүмжилж, төсөв, эдийн засгийн бодлогууд дээр эрүүл санал дүгнэлт хэлж байсан Т.Доржхандын дуу өнөөдөр МАН дотроос л цуурайтдаг болсон байна. ХҮН нам улс төрийн намын зүүний үзэл баримтлалаас баруун төвийн үзэл баримтлалтай болж, дэмжигч болон намын гишүүдийнхээ дунд эргэлзээтэй олон асуултын эхлэлийг тавьсан нь энэ нам “нялх” байгааг харуулж буй.

2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН нам 8 суудал авсан нь үндсэндээ уг намд итгэл хүлээлгэж буй гэхээс илүүтэй АН, МАН-д итгэн сонгогчдын санал буурч байгаатай холбоотой. Нэг талд хүч алдаж буй хөгшин намын нөхцөл байдал дээр ХҮН нам жижиг шан хайж, тоглолт хийж орж ирнэ гэж сэтгэдэг нь үнэхээр томоогүй алхам. Алс хэтээ бодвол, ХҮН намд улс төрийн манлайллыг олж авах амбиц бус “хурган дарга”, “гар барих”, сайдын суудлын ашиг сонирхол төдий ялихгүй эрх ашиг байгаа нь харамсалтай.

Боловсролын салбарт боловсролтой сайд оруулж ирлээ гэх нэрийдлээр өмнөх намуудын алдааг давтсан хэд хэдэн шийдвэр гаргаж байгаа нь бодлого дутуугийн үр дагавар. Сайдын тамга атгаснаасаа хойш П.Наранбаяр яамныхаа шилэн дансыг хөтлөөгүй нь ам, ажил хоёр нь зөрдгийн тод жишээ болчихлоо.

Орон нутгийн сонгууль дээр ч мөн улиг болсон имиж бүрдүүлэв. “Эрх баригч нам мөнгөтэй, хүчтэй байна” гэж гомдоллов. Үзэл баримтлал илүү хүчтэй, ардчилсан улс дахь шинэ намаас гарахааргүй хоцрогдсон дүр.

Улс төрийн орчин дахь урьдын түүхүүдийг харвал том намууд албан тушаал, ашиг сонирхолд нь дөрөөлж жижиг намыг өгөөшөө болгодог. Яг ийм жишээ ХҮН нам дээр давтагдаж байгаа нь өнөөдөр илүү тодорч байна.

Томоохон асуудлууд дээр ил шүүмжилж, далд гар барьж явсаар байвал ХҮН нам цаашид АН-ын алдааг давтаж, улс төрийн түүхэн дэх хамгийн богино настай улс төрийн нам болж хувирах вий.  

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button