ДЭЛХИЙ

Олон улсад: Папиллома вирусийн вакцины аюулгүй байдал, үр дүн

2006 онд нэвтрүүлсэн ХПВ буюу папиллома вирусийн вакцин нь хүний ​​хөхөнцөр вирусээр үүсгэгддэг хорт хавдраас урьдчилан сэргийлэх шинэ туршлага юм. Гардасил гэсэн нэрээр анх АНУ-д нэвтрүүлж зөвшөөрөгдсөнөөс хойш, тус вакциныг өдгөө 125 (өнөөдрийн байдлаар 144 болсон) гаруй оронд өргөн хэрэглэж байгаа бөгөөд үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрийн шоллох вакцины тоонд ордог байна. Үүний гол зорилго нь умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ч шулуун гэдэс, хоолой, шодойн хорт хавдраас блон ХПВ-тэй холбоотой бусад өвчний эрсдлийг ч мөн эрс бууруулдаг нь шинжлэх ухааны туршилтуудаар нотлогджээ.

Хэдийгээр ХПВ вакцин нь нийгмийн эрүүл мэндэд амжилттай явж байсан ч, 2010 оны эхээр Японд архаг өвдөлтийн талаар баталгаажаагүй мэдээлэл түгсэнээс болж уг вакциныг сурталчлахаа түр зогсоосон байна.

Шинжлэх ухааны нарийвчилсан судалгаа хийж вакцины аюулгүй байдлыг баталгаажуулсныхаа дараа Япон улс 2021 онд зөвлөмжөө сэргээсэн. Эдгээр тохиолдлууд нь шинжлэх ухааны нотолгоо, мэдээллээр ташаа мэдээллийг няцаах боломжтойг харуулсан юм.

Аюулгүй байдал ба төөрөгдөл яриа

Хүмүүсийн дунд ХПВ-ийн вакцин аюултай, сөрөг нөлөө ихтэй гэсэн төөрөгдөл яриа байдаг. ХПВ-ийн вакцин батлагдахаасаа өмнө эмнэлзүйн хатуу, нарийн туршилт, шинжилгээнд хамрагдсан бөгөөд хэрэглээнд нэвтэрснийхээ дараагаар ч гэсэн үргэлжлүүлэн хянасаар буй. Олон сая тарилга хамарсан судалгаагаар аюулгүй байдлын өндөр үзүүлэлт, үр дүнтэй болохыг баталсан байна. Уг вакцинтай холбоотой үүсэж болох сөрөг үр дагавар нь тариулсан газраа бага зэрэг өвдөх, улайх мөн түр зуурын ядаргаа зэрэг гаж нөлөө үзүүлж болох талаар эрүүл мэндийн байгууллагууд зөвлөмж өгчээ.

Төөрөгдөл 1: ХПВ-ийн вакцин нь үргүйдэл үүсгэдэг

ХПВ-ийн вакцин нь үргүйдэл үүсгэдэг гэсэн яриа гарч, олон нийтийн дунд эхний төөрөгдлийг бий болгожээ. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл энэ вакциныг судалсан олон мянган судалгааны аль нь ч энэ яриаг баталж байгаагүй буюу харин ч эсрэгээрээ үгүйсгэдэг. Саяхан хийгдсэн 200 мянга гаруй эмэгтэйг оролцуулсан судалгаагаар ХПВ вакцин болон өндгөвчний анхдагч дутагдал хоёрт ямар ч хамаарал байхгүйг тогтоосон байна. Шинжлэх ухааны Pediatrics сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү том хэмжээний дүн шинжилгээтэй судалгаа нь, вакциныг нөхөн үржихүйд нөлөөлдөггүйг харуулж, вакцины аюулгүй байдлыг батлажээ. Харин эсрэгээрээ ХПВ-ийн вакцин нь үргүйдэлд хүргэдэг умайн хүзүүний хорт хавдрын вирусаас сэргийлдэг байна.

Төөрөгдөл 2: Хөвгүүдэд ХПВ-ийн вакцин хийх шаардлагагүй

Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилготой гэж олон нийтэд танигдсан учир зарим хүмүүс эрэгтэйчүүдэд хэрэггүй гэж үздэг. Гэвч ХПВ-ийн вакцин нь эрэгтэй эмэгтэй гэлтгүй адилхан нөлөөлж, өөр бусад хавдар буюу хоолой, шодой, шулуун гэдэсний хорт хавдраас хамгаалдаг. Нэмж дурдахад, хөвгүүдийг вакцинжуулах нь ХПВ-ийн нийт тархалтыг бууруулж, сүргийн дархлаа болон нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмэр оруулдаг.

Төөрөгдөл 3: ХПВ-ийн вакцин нь гаж сөрөг нөлөөг ихэсгэдэг

Өнөөдрийг хүртэл хийсэн олон мянган судалгаагаар дараах хардалт нотлогдож байгаагүй. Вакцины аюулгүй байдлын талаар АНУ-ын Өвчний хяналт, урьдчилсан сэргийлэх төвүүд (CDC) болон Хавдар Судлалын Үндэсний хүрээлэн (NCI) гэх мэт судалгаа шинжилгээний байгууллагуудаас гаргасан томоохон хэмжээний дүн шинжилгээнүүдээс харахад маш хүнд гаж нөлөө саяд нэгээс бага байдаг гэсэн байна.

Дэлхий нийтэд үзүүлэх нөлөө ба ХПВ-ийн вакцин чухал уу

Вакцинжуулалтын түвшин өндөр байгаа улс орнууд аль хэдийн мэдэгдэхүйц үр дүн үзүүлжээ. Тухайлбал, ХПВ вакциныг хамгийн түрүүнд нэвтрүүлсэн орнуудын нэг Австрали улс вакцинжуулалтын өргөн хүрээтэй хөтөлбөрийнхөө ачаар, вакцинд хамрагдах боломжтой хүмүүсийн 80 хувь нь хамрагдаж, умайн хүзүүний хорт хавдар үлэмж хэмжээгээр багассан бөгөөд ойрын арван жилийн дотор умайн хүзүүний хорт хавдрыг нийгмийн эрүүл мэндийн асуудлаас хасах төлөв рүү орсон байна. Вакцинжуулалтыг эрчимтэй явуулж буй бусад улсуудад ч мөн адил зураглал бий болжээ.

Орчуулсан: Т.БАТСҮРЭН

Эх сурвалж:

Naleway, A. L., et al. (2018). Primary ovarian insufficiency and adolescent vaccination.

Centers for Disease Control and Prevention (CDC)

National Cancer Institute (NCI)

World Health Organization

Society of Behavioral Medicine:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button