Биткойны ханш 94 мянган ам.доллар давав

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын Truth Social платформын компани крипто арилжааны “Bakkt” фирмийг худалдан авахаар хэлэлцэж байгаа гэх мэдээ гарсны дараа Биткойны ханш 94,982 ам.доллар хүрч шинэ рекорд тогтоожээ. “The Financial Times” мэдээлэхдээ “Trump Media and Technology Group” нь “Bakkt” компанийн бүх хувьцааг худалдан авахад ойрхон байгаа гэсэн юм. Тэрхүү худалдааг Нью Йоркийн хөрөнгийн биржийг эзэмшигч “Intercontinental Exchange” компани дэмжиж буй.

Дэлхийн хамгийн том криптовалют болох Биткойны ханш энэ он гарснаас хойш хоёр дахин нэмэгдээд буй. Хамгийн сүүлийн үеийн байдлаар тус криптовалютын ханш 93,689 ам.доллар байгаа юм. Арваннэгдүгээр сарын тавны өдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ялалт байгуулсны дараа Биткойны ханш 40 гаруй хувиар өссөн. Арилжаачид Трампын криптовалютыг дэмжинэ гэсэн амлалт нь салбарын зохицуулалтыг багасгаж, ханшийг дээшлүүлнэ гэж таамаглаж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.