Конгресс яаралтай арга хэмжээ авахгүй бол өнөөдөр АНУ-ын засгийн газар төсөвгүй бол зогсоно

Конгресс яаралтай арга хэмжээ авахгүй бол өнөөдөр АНУ-ын засгийн газар төсөвгүй бол зогсоно АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын дэмжсэн төсвийн тухай хуулийн төслийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим дэмжсэнгүй. Бүгд найрамдах намын удирдлагууд яарч сандран тэрхүү хуулийн төслийг Трампын шаардлагад тааруулж боловсруулсан ч Төлөөлөгчдийн танхим 174:235 харьцаатай дэмжээгүй байна. Бүгд найрамдах намын 38 гишүүн тус хуулийн төслийн эсрэг санал өгчээ. Лхагва гарагт /2024.12.18/ хоёр намын гаргасан төсвийн хуулийн төслийг Трамп, Илон Маск хоёр эсэргүүцсэний улмаас хэлэлцээ нь унасан юм. Одоо Конгресс яаралтай арга хэмжээ авахгүй бол орон нутгийн цагаар өнөөдрийн /2024.12.20/ шөнө дунд гэхэд АНУ-ын засгийн газар төсөвгүй болж үйл ажиллагаа нь зогсоно.
Төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсон санал хураалт бүтэлгүйтсэний дараа сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ “Бид өөр шийдэлд хүрэх болно” хэмээжээ. Нэгдүгээр сарын 20-нд албан тушаалаа хүлээн авахаасаа өмнө Трамп амжуулаагүй байгаа зүйлсийг гүйцээхийг хууль тогтоогчдод шахаж буй. Гэхдээ Бүгд найрамдах намын зарим гишүүн засгийн газрын 36 их наяд ам.долларын өр дээр олон их наяд ам.доллар дахин нэмэх төсвийг батлахаас татгалзсан байна. Трампын дэмжсэн төсвийн эсрэг санал өгсөн Бүгд найрамдах намын 38 хууль тогтоогчдын нэг болох Чип Рой “Төсвийн хариуцлагын талаар кампанит ажил явуулдаг намд би үнэхээр сэтгэл дундуур байна” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.