Лос Анжелесийн түймрүүдийн улмаас арван хүн амь үрэгдэж, арван мянган байгууламж шатжээ

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотыг тойрон гарч буй хэд хэдэн томоохон түймрүүдийн улмаас арван хүн амь үрэгдэж, арван мянга гаруй байгууламж шатсан байна.
Лос Анжелесийн шүүх эмнэлгийн шинжээч мэдэгдэл хийхдээ амь үрэгдэгсдийн арав хүрсэн гэжээ. Шериф Роберт Луна түүнээс өмнө нь мэдэгдэл хийхдээ “Атомын бөмбөг хаясан юм шиг л харагдаж байна. Сайн мэдээ дуулдана гэж бодохгүй байгаа бөгөөд амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай” хэмээсэн юм.
“AccuWeather” сайт түймрүүдийн улмаас учирсан хохирол эдийн засгийн алдагдлыг 130-150 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ. Лос Анжелесийн амбан захирагч Карен Басс мэдэгдэл хийхдээ “Бид Лос Анжелесийг хурдтайгаар нөхөн сэргээх ажлыг аль хэдийн төлөвлөж байна” гэсэн юм. АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп болон Бүгд найрамдах намын бусад хууль тогтоогчид Бассыг түймрийн эсрэг арга хэмжээ муу авсан гэж шүүмжлээд буй.
Палисад дүүрэг дэх галтай тэмцэхэд учирсан томоохон асуудлуудын нэг нь галын цорго огт усгүй болсон явдал байв. Лос Анжелесийн Ус, эрчим хүчний газар гүний усыг ашиглаад ч галын цоргонуудыг усаар хангаж чадаагүй юм. Ийм учир Трамп болон бусад Бүгд найрамдах намын хууль тогтоогчид Басс, Калифорни мужийн амбан захирагч Гавин Ньюсомыг шүүмжилжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийхдээ ирэх 180 хоногийн нөхөн сэргээлтийн зардлыг 100 хувь олгоно гэжээ. Мөн аюултай бодисыг зайлуулах, түр хоргодох байр, анхны тусламж үзүүлэгчдийн цалинг холбооны засгийн газраас гаргана гэж тэр мэдэгдсэн юм.
Түймэр гарч буй Палисад дүүргийн оршин суугч, 65 настай Жон Карр нүүн суурьших тушаалыг зөрчиж байшингаа амжилттай галаас хамгаалжээ. Тэрбээр “Энэ байшинг 1960 онд аав, ээж хоёр маань барьсан. Би бүх насаараа энд амьдарсан болохоор энэ байшин маш их дурсамжтай. Ийм учир би энэ гэрийг хамгаалахын тулд чадах бүхнээ хийх өртэй гэж боддог” гэжээ. Каррын хэлснээр ойролцоох гэрүүдийг түймрээс хамгаалахад гал сөнөөгчид огт туслаагүй байна.
Эх сурвалж: Reuters, AP
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Агуу том Америк улс энэ түймрийг зогсоож чадахгүй бна гэхээр монгол яах болоо