Цээж тооллын олон улсын тэмцээний аварга Б.Батмөнх: Шантардаг ч гэсэн тасралтгүй бэлтгэлээ хийдэг

Оюуны спортоор хүч сорьдог дэлхийн ой тогтоолтын 10 төрөл байдаг. Түүнээс бага насны ангилалд цээж тооллын төрөлд тэргүүн байр эзэлсэн найман настай Б.Батмөнх хүүтэй ярилцлаа.
Тэрбээр, "Цээж тооллын дэлхийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн" -д оролцож аваргын алтан цомыг өргөсөн юм. Таван зуу орчим хүүхдүүдтэй өрсөлдөж хоёр оронтой тоог нэг оронтой тоог соробан сампин ашиглан эсвэл гараараа түргэн боддог аж.
Ийнхүү Б.Батмөнх хүү таван зуу гаруй тамирчнаас цээж тооллын хурдаараа нэгдүгээрт бичигджээ.
-Сайн байна уу. Бидэнд өөрийгөө танилцуулбал?
-Намайг Б.Баянмөнх гэдэг. Оюуны Тулга сургуулийн 3-1 ангид суралцдаг.
-Ой тооллоор хичээллээд хэр удаж байгаа вэ?
-Анх таван настай байхдаа цээж бодолт, ой тооллоор хичээллэж эхэлсэн. Одоогоор нийтдээ гурван жил хичээллэж байна.
-Яагаад хичээллэх болсон бэ?
-Анх аав, ээж хоёр маань намайг Toyo академид бүртгүүлж байсан. Toyo академид оросноосоо хойш багш нараараа соробан сампин анзан заалгасан.
-Анзаны талаар тайлбарлаад өгч болох уу?
Анзан нь математикын ухааны нэгэн арга бөгөөд санаандаа тооцоолол хийх, өөрөөр хэлбэл, цаас, харандаа болон тооны машин ашиглахгүйгээр бодол дотроо бодохыг хэлнэ.
Энэ арга нь соробан сампин дээр суурилсан тооцооллын техникүүдийг ашиглан бодол дотроо хурдан бодох чадварыг нэмэгдүүлдэг.
-Хэдий хэр хугацаанд хичээллэсний дараа сампингийн оролцоогүйгээр шууд цээжээр тоо боддог вэ?
-Би сайн хэлж мэдэхгүй байна аа. Гэхдээ эхнлээд сампингаа маш сайн оролдоод сурчихсан байхад, цаашаагаа төсөөлөөд бодоод эхэлдэг. Би заримдаа гараа оруулж боддог. Гарны нэг хөдөлгөөн нь ямар нэгэн тоог илэрхийлдэг учраас үржүүлж, хуваахад их амархан санагддаг.
-Хоёулаа оролцсон тэмцээнийх нь талаар ярилцъя?
-Миний хамгийн аснхны тэмцээн Малайз улсад болсон. 20 гаруй орны таван мянган хүүхэд оролцсон тэмцээнээс тэргүүн байр эзэлсэн. Дараад нь энэтхэг улсад ucmas тэмцээнд арванхоёрдугаар сарын 13-нд орсон. Хэдэн орны хүүхэд орсныг нь одоо сайн санадаггүй ээ. Ямартай ч зөндөө их байсан.
Харин сүүлд нэгдүгээр сард АНУ-д зохиогдсон тэмцээнд аваргын цомыг нь өргөөгүй ч тэргүүн байр эзэлсэн. Тэр тэмцээнд 20 гаруй орны хүүхдүүд оролцсон.
-Ер нь тэмцээний үеэр хамгийн хүчтэй өрсөлдөгчид аль улсын тамирчид байдаг вэ?
- Швед, Герман, Хятад, АНУ-ын тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөгчид байдаг.
-Тэргүүн байрны шагналын эзэн болоод нэрээ дуудуулах чамд ямар санагддаг вэ?
-Дандаа гоё санагддаг. Бас их сандардаг.
-Хичээлийнхээ хажуугаар оюуны спортоор хичээллэж амжилтад хүрэхэд шаргуу хөдөлмөр, тэвчээртэй байдал, уйгагүй бэлтгэл, сургуулилт их шаарддаг байх. Бэлтгэл хэр их хийдэг вэ?
-Өдөрт 4-5 цагийг бэлтгэлдээ зарцуулдаг. Заримдаа цаг хэд болчихсон байгааг ч анзаардаггүй. Анх би тоо сурч байхдаа чадахгүй зөндөө уйлж байсан. Аав, ээж хоёр "Чадахгүй байвал, орхичих оо миний хүү" гэж хэлэхээр нь зөрүүдлээд "Та хоёр намайг хожигд гэж байгаа юм уу" гээд уурладаг байсан. Өглөө эрт бэлтгэлдээ орчхоод, хичээлдээ суугаад, гэртээ харьсныхаа дараа ч бэлтгэлээ хийдэг.
Заримдаа тэмцээн дөхсөн үед хичээлээсээ чөлөө аваад, бэлтгэлээ хийдэг.
-Өдөрт таван цагийн бэлтгэл хийдэг, дээрээс нь хичээлдээ суух хэрэгтэй. Бусад хүүхдүүдтэй адил тоглож наадах хөгжилдөх цаг чамд ховор юм аа. Яаж ингэж тууштай хичээж, тэвчээртэй бэлтгэлээ хийж чаддаг юм бэ?
-Ямар ч хөдөлгөөнгүй удаан суугаад юм цээжилнэ гэдэг бас тийм амар зүйл биш л дээ. Хааяа нуруу чилнэ, бусад хүүхдүүдтэй адил тоглож, наадмаар санагдана. Гэхдээ анзан үнэхээр гоё, би өөрөө дуртай болохоор орхиж чаддаггүй.
-Дэлхийн гурван улсад очиж үзсэн байна. Хамгийн гоё таалагдсан улс нь аль нь вэ?
-Бид нар багаараа тэмцээнд явахдаа, хажуугаар нь өөр улсуудаар аялдаг. Надад энэ удаа хамгийн их таалагдсан нь АНУ. Яагаад ч юм их гоё байсан. Дараад нь Малайз руу явах замдаа Тайланд орж байсан. Тайландын амьтны хүрээлэн маш гоё санагдсан.
-Тэмцээнд орохын өмнө сандардаг уу, сандралаа давахын тулд юу хийдэг вэ?
-Сандрал бага. Гэхдээ юу ч бодохгүй байхыг хичээдэг. Олон юм бодохоор толгойнд эргэлдээд их хэцүү. Тийм болохоор юу ч бодохгүй, сандрахгүй байж байгаад л тэмцээндээ ордог.
-Математикаар хичээллэхээс гадна өөр юу хийх дуртай вэ?
-Дүүгээ жаахан том болонгуут нь анзан зааж өгнө гэж боддог-

-Би зургийн хичээлдээ дуртай. Тийм болохоор зураг их зурдаг. Заримдаа бэлгэлтэй үед найзуудтайгаа тоглох зав гардаггүй юм. Гэхдээ байнга бэлтгэлээ хийгээд байлгүй "Тархиа амраа" гээд манай аав, ээж хоёр дандаа хэлдэг.
-Ирээдүйдээ ямар хүн болно гэж боддог вэ?
-Одоогоор бодоогүй л байна. Ямартай ч сайн сурна. Бас дүүдээ сайн тоо зааж өгнө гэж бодож байна.
-Дүү нь хэдэн настай вэ?
-Манай дүү одоо дөрвөн настай. Гэхдээ аав, ээж хоёр дүүд тоо заагаад өгчихсөн. Би дүүгээ жаахан том болонгуут нь тоо зааж өгнө гэж боддог. Одоо зааж өгнө гэхээр манай дүү арай жаахан байна аа. \инээв\
-Анх сампингаар хичээллэж байгаа үеийнхэндээ хандаж юу гэж хэлмээр байна?
-Эхэндээ жаахан л хэцүү санагдана. Сайн хичээгээд учрыг нь олчихвол их амархан гоё шүү. Анзанаараа хурдан бодож сурах дээрээ сайн анхаараарай. Хэрвээ анзанд үнэхээр дуртай болвол, гэрийнхээсээ зөрүүдлээд ч хамаагүй бэлтгэлээ хийгээрэй. Эсвэл дуртай зүйлээ хараахан олоогүй бол тууштай хайгаарай. Хайгаад олсон бол тууштай хичээгээрэй. Маргааш гэж битгий хойшлуулаарай.
-Мэдээж чиний ард аав, ээж, багш гээд тусалж, дэмждэг хүмүүс зөндөө байдаг байх. Тэр хүмүүстээ хандаад мөн үеийнхээ найзуудад юу гэж хэлэх вэ?
-Аав, ээж хоёр маань намайг бага байхаас бие даалгаж сургасан. Миний өмнө сонголт гарах бүрт өөрөө сонголтоо хий гэж хэлдэг. Тэрийг сонго, энийг сонго гэж өөрсдийнхөө үзэл бодлыг тулгадаггүй. Сая хэлсэнчлэн чадахгүй уйлах үед "Хэцүү байвал орхичих оо, битгий өөрийгөө хүчил. Миний хүү унтаж, амар" гэж хэлдэг. Гэсэн хэдий ч би зөрүүдлээд юмаа хийсээр л байдаг. Тэгэхээр аав, ээж хоёр маань намайг хэцүү байна, энэ спортыг орхилоо гэхэд хэзээ ч загнаж зэмлэхгүй. Харин ч миний талд орох хүмүүүс. Тэр нь надад их таалагддаг. Аав, ээждээ, гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна.
Мөн Toyo академийн багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Бид нарыг бэлтгэж, зөндөө гоё их юм зааж өгсөнд баярлалаа гэж хэлэх гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе