Тодруулга: Допинг илэрсэн тамирчдад Б сорьцоо шинжлүүлэх, нэмэлт тайлбар өгөх хугацааг сэргээж өгсөн

Бодибилдингийн АШТ-д оролцсон таван монгол тамирчнаас допингийн төрлийн хориотой бодис илрээд байгаа. Тэмцээн өнгөрсөн жилийн долдугаар сард болсон ч хариуг энэ сард зарлаж буй нь ихээхэн маргаан дагуулсан. Нөгөө талаар, Б.Сугарсан тэргүүтэй зарим тамирчин шинжилгээний хариутай маргаж, дотоодын арбитрын шүүхэд хандана гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Энэ асуудлаар WADA-гийн Монгол дахь албан ёсны салбар болох MonADA (Допингийн эсрэг байгууллага)-ийн Гадаад харилцааны албаны дарга С.Зүчээс тодрууллаа.
-Бодибилдингийн АШТ-ий үеэр шинжилгээ авах үүрэг танай байгууллагад хэрхэн өгөгдсөн бэ?
-2024 оны долдугаар сарын 5-8-нд Буянт ухаа спорт цогцолборт Ази тивийн бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Тус тэмцээнийг Олон улсын фитнесс, бодибилдингийн холбоо буюу IFBB зохион байгуулсан. Хамтран зохион байгуулагчаар Монголын бодибилдинг, фитнессийн хөгжлийн холбоо оролцсон.
IFBB бол анхнаасаа допингийн эсрэг байсан холбоо. Харин 2022 онд зарим алдаа дутагдал гарч, WADA-гаас хасагдсан байсан. Харин өнгөрсөн жилээс эргээд WADA-гийн гарын үсэг зурагч тал болох зорилт тавьж, тусгай хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байгаа. Улмаар бусад оронд болж буй тэмцээндээ допингийн хяналт хэрэгжүүлсэн. Өнгөрсөн жил 24 оронд тэмцээн зохион байгуулсан, бүгдэд нь хяналт хэрэгжүүлсэн юм билээ.
Энэ хүрээнд IFBB холбоогийн WADA-тай зурсан гэрээний дагуу Монголд болсон тухайн тэмцээнд бид допингийн хяналт хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн гэсэн үг.
Улмаар гадаад, дотоодын 20 тамирчнаас 26 сорьц цуглуулсан. 20 нь шээс, зургаа нь цусны сорьц юм.
Захиалагч тал нь өөрөө үр дүнгийн удирдлагаа хийдэг зохицуулалттай. Бид сорьцыг стандартын дагуу аваад, лаборатори луу тээвэрлэх ажлыг хариуцсан. Цусыг Швейцарь луу, шээсийг Герман руу илгээсэн гэсэн үг. Шинжилгээний үр дүн бидэнд биш шууд IFBB холбоонд очсон.
-Хариу хэзээ ирсэн юм бол?
-Нэгдүгээр сарын 10–ны өдөр и-мейл ирсэн. Таван тамирчнаас илэрлээ, энэ мэдэгдлийг өөрсдөд нь хүргэнэ үү гэсэн мэдэгдлийг Монголын бодибилдинг, фитнессийн хөгжлийн холбоонд явуулсан байна. Энэ и-мейл хуулбар байдлаар бидэнд ч мөн очсон. Допинг илэрсэн тамирчин тус бүрд хандсан и-мейл байгаа юм.
Үүндээ, нэгдүгээр сарын 15-ны дотор Б сорьцоо шинжлүүлэх эсэхээ мэдэгдэнэ үү. 15-ны дотор хариу өгөхгүй бол хүлээн зөвшөөрсөн гэж үзэн, шийтгэлдээ орно гэж мэдэгдсэн байна лээ.
Харин дотоодын холбоо нь 10 хоногийн дараа буюу 20-ны өдөр энэ и-мейлийг тамирчдадаа илгээсэн байна.
-Дотоодын холбоо тамирчдад Б сорьц өгөх боломжтой гэдгийг нь амжиж мэдэгдээгүй бололтой?
-Тамирчдад зөвхөн мэдээллийг хүргүүлэх үүрэгтэй. Харин үр дүнгийн удирдлага хийхгүй, үүнийг Олон улсын холбоо хариуцдаг.
Нэгэнт 10 хоногийн дараа тамирчдад мэдэгдэж. Ийм учраас нөхцөл байдлыг тайлбарлаж, IFBB холбоонд хандсан. Тэд Б сорьц болон тайлбар өгөх хугацааг сэргээж өгье гэсэн байгаа. Яг одоо нөхцөл байдал ийм байна.
-Б сорьцын асуудал сөхөгдвөл цаашид МОНАДА оролцох уу?
-Оролцохгүй, Б сорьц нэгэнт авагдан Германы лабораторид хүргэгдсэн. Тамирчин өөрөө хүсэлтээ өгч, шинжилгээний зардлыг хувиасаа төлснөөр тус сорьцыг шинжилнэ. Мөн заавал Б сорьц гэхгүй, нэмэлт тайлбар өгч ч болно. Энэ боломжуудыг тайлбарласан и-мейл тамирчдад дотоодын холбоогоор нь дамжин очсон байх учиртай.
-Аль долдугаар сард болсон тэмцээний үеэр авагдсан шинжилгээний хариу яагаад одоо задрав гэж хүмүүс эргэлзсэн?
-Олон улсын жишгээр энэ процесс уддаг л даа. Манайхан наадмын барилдааны дараа нэлээд яаруулдаг. Тийм учраас бид хурдтай ажилладаг. Олон улсад бол жилийн дараа ч яригдаж эхлэх нь бий.
-Тэгэхээр энэ олон улсын холбоо саяхнаас л допингийн хяналт хэрэгжүүлж эхэлсэн юм байна?
-Өмнө нь хэрэгжүүлж байгаад 2022 оноос хойш хэсэг хугацаанд WADA-гаас хасагдсан юм. Одоо эргээд зорилт тавин WADA-гийн дүрмийг баримтлан ажиллаад эхэлсэн. Биднийг сорьц цуглуулахаар ажиллахад гадаадын хэдэн тамирчин өгөхгүй зугтсан асуудал ч бий.
Нөгөө талд, А сорьцоос допинг илэрлээ гэдэг зөвхөн анхан шат шүү дээ. Эмчийн бичгээр шаардлагатай эм уусан, тэр нь илэрсэн байвал тайлбарлан нотлоод чөлөөлөгдөх ч боломжтой. Б сорьцын хариу өөр гарахыг үгүйсгэхгүй. Ийм учраас шууд эрх хасаад, шийтгээд явчихгүй. Иймд үр дүнгийн удирдлага гэж энэ процессыг нэрлэдэг. Мөн сая хэлсэнчлэн үр дүнгийн удирдлагыг зөвхөн олон улсын холбоо хийнэ.
-Б.Сугарсүрэн энэ процессоос өмнө шууд Монголын спортын арбитрт хандана гээд хандив цуглуулж байна лээ?
-Уг нь хандвал гадаадын арбирт л хандах боломжтой. Олон улсын тэмцээнд, олон улсын тамирчин гэдэг статусаар шинжилгээ авхуулсан шүү дээ. Тийм учраас энэ Үндэсний бөх шиг үйл явц биш, маргавал гадаадын арбитраар шийдэх учиртай юм.
-Бодибилдингийн спортод ер стеройд хэрэглэх нь ил бөгөөд нийтлэг, хэзээ допингийн шинжилгээ гэж авч байсан юм гэхчлэн байр сууриуд харагдсан?
-Товчоор хэлэхэд тариатай, тариагүй холбоо гэж хоёр хуваагдаж ирсэн юм билээ. Харин IFBB холбоо WADA-тай гэрээ зурсан, угаас тариагүй холбоонд нь тооцогдож ирсэн байгууллага юм.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene odoo bohiin holboonii zavaarsan yum haldvarlaad yvaad bga yumy
Увсын бөхчүүдээс яагаад илэрдэггүй вэ. Батсуурь хэрэглэхгүй бол нэгийн даваанд ч унадаг гэсэн хардлага нийгэмд байгаа би үүнтэй сан�##� нэг байдаг.