АНУ гадаадын чинээлэг иргэдэд ажиллаж, амьдрах эрх олгох 5 сая ам.долларын карт зарна
АНУ гадаадын чинээлэг иргэдэд зориулсан алтлан карт зарах төлөвлөгөөтэй байна. Тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт /2025.02.25/ мэдэгдэхдээ АНУ чинээлэг гадаадынханд алтан карт бүхий шинэ эрхийг худалдах зарласан юм. Энэ картыг худалдан авсан хүн АНУ-д амьдрах, ажиллах эрхтэй болохоос гадна цаашлаад иргэншил авах замыг нээнэ. Үнэ нь 5 сая ам.доллар байх аж.
Трамп Цагаан ордноос хэлэхдээ “Бид алтан карт зарна. Одоогийн байдлаар хүмүүс ногоон карт эзэмшиж болдог., Харин энэ бол алтан карт. Энэ картыг 5 сая ам.доллароор зарна. Ингэснээр ногоон карттай адил бүх эрх эдлэхээс гадна АНУ-ын иргэн болох боломжтой болно. Чинээлэг хүмүүс энэ картыг худалдаж аваад манай оронд ирэх юм.” гэжээ. Түүний хэлснээр, алтан картыг ойролцоогоор хоёр долоо хоногийн дараа худалдаалж эхлэх юм.
Сэтгүүлчид Орос олигархиудад ийм карт худалдах эсэх талаар асуухад Трамп
“Магадгүй. Би Оросын зарим олигархиудыг мэднэ, тэд үнэхээр сайхан хүмүүс.” гэж хариулжээ. АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник Трампын хажууд зогсож байхдаа, шинэ алтан карт нь одоо байгаа EB-5 хөрөнгө оруулалтын визний хөтөлбөрийг орлоно гэдгийг мэдэгдсэн байна.
EB-5 виз нь гадаадын иргэд АНУ-д ажлын байр бий болгох төсөлд хөрөнгө оруулалт хийснээр ногоон карт авах боломж олгодог хөтөлбөр юм. Лутник “Мэдээж тэднийг нарийн шалгаж, сайн иргэд мөн эсэхийг нягтална.” гэжээ.
EB-5-ыг АНУ-ын Конгресс 1992 онд баталсан юм. Хамгийн багадаа 1,050,000 ам.доллар, эсвэл эдийн засгийн хувьд хүнд нөхцөлтэй бүс нутагт 800,000 ам.доллар оруулсан хөрөнгө оруулагчдад уг визийг олгох боломжтой гэж АНУ-ын Иргэншил, Цагаачлалын албаны вэбсайтад мэдээлсэн байна.
Трамп болон түүний гэр бүлийн бизнесүүд ч энэ хөтөлбөрийг ашиглаж, томоохон үл хөдлөх хөрөнгийн төслүүдээ санхүүжүүлж байсан аж.Тэрбээр ерөнхийлөгчийн анхны бүрэн эрхийн үедээ EB-5 хөтөлбөрийг олон нийтийн зүгээс шүүмжилж, шинэчлэл шаардлагатай гэж үзэж байв. 2019 онд Трампын засаг захиргаа хамгийн бага хөрөнгө оруулалтын хэмжээг 900,000 доллар, бусад бүсэд 1.8 сая доллар болгон өсгөх шийдвэр гаргасан боловч холбооны шүүх 2021 онд энэ өөрчлөлтийг хүчингүй болгожээ.
Харин Байдены засаг захиргаа 2022 онд EB-5 хөтөлбөрийг дахин шинэчилж, хамгийн бага хөрөнгө оруулалтын хэмжээг одоогийн түвшинд тогтоосон байна.
Эх сурвалж: CNN












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө зараад эхэллээ нөгөө улсыг чинь