Нийгэм мэдээ

Сар шинийн барилдаанд дараалж түрүүлсэн Улсын аварга Оргихын Хангай гэж хэн бэ

17-р жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жил ирлээ. Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны 3-8-ын даваа битүүний өдөр үргэлжилж, Улсын аварга О.Хангай түрүүлсэн. Харин Улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэсэн билээ.

О.Хангайн хувьд Сар шинийн барилдаанд түрүүлсэн хоёр дахь удаа энэ болов.

Тэрбээр "Хэдийгээр шөрмөсний гэмтэлтэй байсан ч хичээн барилдаж, түрүүг авсандаа баяртай байна" хэмээн даруугаар сэтгэгдлээ илэрхийлжээ. ЕТГ-ын дарга Г.Занданшатарт гутлын түрийнээс боорцог гарган өгч буй бичлэг нь олон нийтэд эерэг өнгө аясаар түгж байна.

Бид Улсын аварга О.Хангайн талаар нийтэд ил байдаг мэдээллүүдийг түүвэрлэн хүргэхээр бэлтгэлээ.

Улсын аварга энэ хүдэр эр айлын ганц хүү. Доороо гурван охин дүүтэй. Түүний аав Ж.Оргих насаараа газар тариалан эрхэлж байгаа бол ээж Ч.Баярлах нь нярав. Түүнийг ХААИС-ийн төгсөх ангийн оюутан байхдаа Буянт сумынхаа наадамд бэлтгэлгүй барилдаж, сумын начин цол хүртсэн гэдэг. Энэ өдрийг О.Хангай аваргын өнөөдрийг хүртэл барилдаж байгаа, цол ахисаар аварга болж, улам чамбайран чангарч буйгийн үүтгэл шалтгаан гэж хэлж болох.

Учир нь түүнийг сумын начин цол хүртсэний дараа аавынх нь төрсөн дүү сайн бөх болоорой хэмээн ерөөгөөд зодог, шуудаг авч өгсөн гэх түүхтэй. Ингэж л тэр өнөөдрийн аварга, ирээдүйн цагийг эзэлсэн их аварга болохын төлөө зорьж, хичээж эхэлжээ.

Онцолбол, 2013 онд төрөлх нутаг Ховд аймгийнхаа баяр наадамд түрүүлж, наадамчин олныг шуугиулж, ижий ааваа баярлуулжээ. Ингээд дараа жил нь буюу 2014 оны цагаан сарын барилдааны тавын даваанд улсын арслан Х.Мөнхбаатар, зургаагийн даваанд улсын аварга С.Мөнхбат, долоогийн даваанд улсын аварга Ч.Санжаадамбыг заан цолтойд нь өвдөг шороодуулж, үзүүр түрүү булаалдахаар улсын гарьд Д.Рагчаатай үлдсэн байдаг.

Энэ цагаас хойш Монгол түмэн Оргихын Хангай гэх залууг нүдэлж, дэмжиж, захыг нь мушгиж итгэл дэвсэн өлгийдөж авсан юм. Тэрбээр олон түмний итгэлийг ч алдалгүй дааж, үнэнхүү сайн барилдаж 2017 онд Улсын харцага цолонд хүрээд тухайн жилийнхээ улсын их баяр наадмын дөрвийн даваанд улсын заан Б.Пүрэвсайханыг, тавын даваанд улсын арслан Э.Оюунболдыг, зургаагийн даваанд аймгийн арслан Б.Сериктэй тунан барилдаж, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд харцага цол хүртсэн билээ.

Сумын начин О.Хангай 10 жилийн дараа Улсын аварга О.Хангай болов

Түүний зам мөр дандаа дардан, шулуун байсангүй. Учир нь улсын харцага цолонд хүрснээсээ хойш заалны барилдаанд төдийлөн амжилтгүй, улсынхаа баяр наадамд зодоглосон ч дээгүүр даваанд өгсөж барилдаж чадалгүй өвдөг шороодчихоод байв. Мөн болоогүй төрөлх нутаг Ховд нутгийнхаа хүчтэнүүдтэй "ам мурийж" эв түнжингүй хэсэг явсан. Үүнд дарамт шахалт, үл ойлголцол нөлөөлсөн гэдэг. Магад хүмүүсийн хэлдэгчлэн олны хэл ам ч нөлөөлснийг үгүйсгэх аргагүй. Учир нь морь болоод бөхөд олны хэл ам шууд нөлөөлдөг, хүрдэг муу талтай гэж учир мэдэх хүмүүс ярьцгаадаг.

Гэсэн ч тэр үүрэхээ үүрч, давахаа давж Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн үндэсний их баяр наадамд түрүүлж, аварга цол хүртсэн юм. Энэ өдөр Ховдынхон Монгол даяар Буянт голоо дуулж, О.Хангай аваргын нулимс дуслуулан ярьсан сэтгэлийн үг бөхөд хайртай ард түмэн бидний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн билээ.

Луу жилийн Цагаан сарын барилдаанд аваргууд түрүүлдэг уламжлалыг О.Хангай үргэлжлүүлсэн нь

Сар шинийн барилдаан үргэлж л шударга, шуурхай болдог тул ард түмэнд дандаа баяр бэлэглэдэг. Тус барилдаан цол олгодоггүй учир бөхчүүд тухайн жилийнхээ өнгийг тодорхойлох гэж үнэн хүчийг үздэг. Тэр ч утгаараа чөлөөтэй, санаснаа хийж барилдсан бөх амжилт гаргах магадлал өсөж, таамаг эвдэгддэг.

Мэдээж хүчний спорт учир хэн эртэй, бяртай, бэлтгэл сайтай нь дээгүүр даваанд үлдэх боломжтой. Энэ бол энгийн, нийтлэг ойлголт. Аль ч спортод энэ онол үйлчилдэг. Тэгвэл бүтэн жилийн хугацаанд зохион байгуулагдсан улс, аймгийн алдар цолтой болон чансаа өндөр бөхчүүдийн барилдаануудад жигд зодоглож, тогтмол дээгүүр сүүлийн даваанд тунаж барилдсан бөхийг цагаан сарын барилдааны түрүү бөхөөр тодрох магадлалтай хэмээн таамаглаж болох үндэслэлтэй. Учир нь дараалсан олон барилдаанд буюу сар бүр зодоглож үзүүр, түрүүнд шалгарч үлдэнэ гэдэг тухайн бөхийг формтой, бэлтгэл сайн, өнгөтэй байгааг илтгэж буй хэлбэр юм.

Могой жилийн барилдаанд ч түүнийг өнгөтэй зодоглоно, түрүүлэх ч магадлалтай талаар манай редакц бөхийн таамгаар бичиж байсан билээ. Өмнөх луу жилд ч мөн адил. Таамгийн дагуу О.Хангай аварга хоёр жил дараалан, Сар шинийн барилдааны түрийг аваад байна.

Д.МӨНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

hovdiin hogiin hulgaich

Зочин
Зочин

Оргихын Хангай гэж Оргихын Хангайг л хэлнэ биз дээ! Өөр Оргихын Хангай гэж байхгүй байхаа?

Зочин
Зочин

Гоё бөх шүү.

Холбоотой мэдээ

Back to top button