НИЙГЭМ

МУГЖ М.Түвшинхүү: Долоон хааны дүр бүтээсэн. 10 болгохсон гэх шунал бий

"Хайлаас модны доор чамайг хүлээнэ" жүжиг өнөөдөр УДЭТ-ын тайзнаа хөшгөө нээж байна. Тус жүжгийн гол дүр болох Эфрайм Кэботод тоглож буй шинэхэн гавьяат Мөнхзаяагийн Түвшинхүүтэй ярилцлаа.

Тэрбээр УДЭТ-д 25 жил ажиллаж, тайз дэлгэцийн 300 гаруй уран бүтээлд оролцож, долоон хааны дүрийг чадварлагаар бүтээсэн нэгэн билээ.

-Одоо бүтээж буй энэ дүр маань миний өмнөх дүрүүдтэй ойрхон ч маш их ажиллагаатай-

-"Хайлаас модны доор чамайг хүлээнэ" жүжиг өнөөдөр нээж байна. Тус уран бүтээлийн талаар яриагаа эхлэх үү?

-Южин О’Нил зохиолчийн бүтээл “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжиг өмнө нь Монголын тайзнаа тоглогдож байсан. Гэвч яг одоогийн нийгэмд дуугарах ёстой хэлэх хэлэмж нь цаг үеэ олсон гэдэг утгаараа манай театрын урын санд орж тавигдаж байгаагаараа онцлогтой.

Мэдээж аливаа бүтээлийг судалгаагүйгээр толилуулахаар сонгодоггүй л дээ. Тус зохиолын хувьд Южин О’Нилын өөрийнх нь амьдралтай холбоотой гэдэг баримт буй. Эл бүтээл нь уран бүтээлчдээс чансаа сорьсон, театрын урын санд зайлшгүй байх ёстой уран бүтээл болж байгаагаараа онцлог болж байна. Иймд манай театрын хамт олон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярт зориулан тоглох гэж байна. Шулуухан хэлэхэд энэ цаг үед жендерийн асуудал хурцаар яригдах боллоо шүү дээ. Биетэйгээ үл ойлголцсон, хэтэрхий нэг зүйлд автсан, хэт буруутгасан, хэлбийж хазайсан зэрэг асуудлууд сөхөгдөж байгаа тул заавал толилуулах ёстой бүтээл.

Миний хувьд тухайн жүжгийн гол дүр болох Эфрайм Кэбот гэх 75 настай өвгөний дүрд тоглож буй. Ганцхан эмэгтэй дүртэй, тэр нь Абби Патнам гэх 35 настай бүсгүйн дүрд О.Долгор маань тоглож байгаа. Бусад дүрүүдэд театрын маань уран бүтээлчид оролцоно. Харин ерөнхий найруулагчаар УДЭТ-ын захирал Н.Наранбаатар ажиллаж байна.

-Бүтээж буй дүрийнхээ онцлогийн талаар дурдвал. Хэрхэн ажиллаж байна?

-Тухайн жүжигчний өөрийгөө илэрхийлэх илэрхийлэмж гэж зүйл бий. Үүгээр ямар дүрд илүү тохирох, ямар дүрд илүү гаршсан зэрэг нь илэрхийлэгддэг. Одоо бүтээж буй энэ дүр маань миний өмнөх дүрүүдтэй ойрхон гэж хэлж болно. Харин маш их ажиллагаатай.

Зохиолын дүрийн хувьд Эфрайм Кэбот нь эдлэн газрын эзэн, гурван хүүтэйгээ амьдардаг, эд баялаг, өөрийнхөө хөдөлмөрөөр босгосон эд баялагтаа их харамч хүний дүр байдал ихтэй. Насны эцэст гурван хүүгийн алинд нь өв хөрөнгөө эдлүүлэх юм бэ, яг над шин энэ эдлэнг цааш үргэлжлүүлээд явах чадал энэ гурван хүүд байна уу, гэж өөрөөсөө асуусан юм шиг байгаа юм. Гэтэл өөрийнх нь төсөөлөлд тэр гурван хүү нь тэнцээгүй юм шиг байгаа юм. Хүн хэчнээн хөгширсөн ч зорилгынхоо төлөө явдаг шүү дээ, тэр үлгэрээр л дахин гэрлэж, хүүтэй болох гэж хичээж буйгаар өгүүлнэ. Хахир, яхир зантай 70 гаруй настай хэдий ч ажлын мал шиг болчихсон өвгөний дүр байгаа юм л даа. 

Дүрийн судалгаа гэж бий л дээ. Тэр ч утгаараа энэхүү жүжигт өмнө нь тоглож байсан Дамдин гуайн амьдралын онцлог, хэв байдлаас харж, хуулж жүжиглэхийг хичээж ажиллаж байна даа.

-Юуг нь нуух вэ, жаахан зүггүйтээд театраасаа хөөгдөж байсан үе бий. Гэхдээ би эргээд ирсэн-

-Таны бага нас хэрхэн өнгөрөв. Танай гэр бүлд урлагийн хүн бий юу?

-Бага нас минь бусдын л адил эцэг эхийнхээ гар дээр хүмүүжиж өнгөрсөн. Аав минь цэргийн хүн байсан тул газар бүрээр л явж амьдарсан.

Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй, гэхдээ миний аав цэргийн хүн. Тэр дундаа урлагийн. Урлаг надтай ер ойрхон байсан л даа. Ялангуяа хөгжим хамгийн ойрхон. Миний аав хөгжмийн зохиолч, баян хуурч, удирдаач хүн байлаа. Би гурван настайгаасаа төгөлдөр хуурын ард суугаад л ааваараа бүгдийг нь заалгуулсан.

-Урлагтай, тэр дундаа жүжигчний амьдралтай хэрхэн хувь заяагаа нийлүүлэх болов?

-Тавдугаар ангид байхдаа л жүжигчин болохоор шийдсэн. Гэхдээ тайзны урлагийн хүн болохоо тэр үед мэдээгүй л дээ. Кино үзээд л тэр дунд тоглож байгаа жүжигчдийг хараад “ямар гоё тоглодог юм бэ” гэх бодол төрж байсан. Тэр үеэс хойш судалсан л даа. Ямар шалгуурт тэнцэж байж жүжигчин болох бол гээд л.

Тэгэхэд СУИС-д шалгалт өгч театрын жүжигчний анги авна гэсэн байсан. Элсэн орсон, хамгийн анх жүжигчин хүн тайзан дээр гэх хичээл заасан. Улмаар номын дуу сонсоод театрын тайз бол жүжигчин хүний хамгийн том дэвжээ юм байна гэдгийг ойлгосон. Тэр ойлголтдоо одоог хүртэл үнэнч яваа.

СУИС-д сурч байхдаа би цэрэгт явсан. Цэргээс эргэн ирээд СУИС-даа дахин элсэн ороод дүрсгүйтэж хөөгдөөд л. /инээв/ Тэгж будилж явж явж 2000 онд театрт ирсэн юм. Эргээд харахад 25 жил өнгөрчхөж, миний түүх энэ.

Харин тайзан дээр бүтээсэн дүрүүдийг минь ярих юм бол олон. Гол болон туслах, олны хэсэгт оролцсон. Хүмүүс ярьдаг шүү дээ, тайз дэлгэц нийлсэн 300 гаруй уран бүтээл бий л дээ. Үүнд найруулсан, оролцсон, бүтээсэн, хамтдаа босголцсон уран бүтээлүүд энд тоологдсон. Миний тайлан ердөө л энэ.

-Таныг театраасаа хөөгдөж байсан гэж дуулсан.

-Юуг нь нуух вэ. Би театраасаа нэг удаа “Чи яв” гээд хөөгдсөн. Гуравхан жилийн өмнө шүү дээ, 2022 онд. Гэхдээ би эргээд ирсэн.

-Яагаад хөөгдчихөв?

-Жаахан зүггүйтээд л. Яривал их түүх бий. Гэхдээ явахдаа бас зүгээр ч яваагүй. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад очоод нэг “Үнэ цэн” гэх мюзикл тавьчхаад л буцаад ирсэн.

-Хэр удаад эргээд ирэв?

-Гурав, дөрвөн сар л болсон. Нуугаад яах вэ, сайн муугаараа дуудуулаад өчнөөн олон жил явлаа. Хүнээс ичиж зовоод, эмээгээд байх зүйл үгүй л байна.

-Жүжигчин болсондоо харамсаж байсан үе бий юу?

-Ердөө л байхгүй. Хүмүүс бол янз янзаар л ойлгох байх, жүжигчин хүний мэргэжлийг. Миний хувьд хамгийн сайхан мэргэжил байхгүй юу. Азтай нь миний хань мэргэжлийг маань сайн ойлгодог юм. УГЗ Чимэддоржийн Ганхуяг гэх мундаг найруулагчийн том охин. Өөрийнх нь аав яг над шинг гэрийн бараа хардаггүй, цалин мөнгө багатай байсан тул сайн ойлгоно. Харин ч илүү дэмжинэ. Миний хамгийн шударга шүүмжлэгч шүү дээ. Жүжгийн нээлт, тоглолт дээр ирчхээд их зүйл хэлэхгүй. Харин сургуулилтын үеэр ирж үзэхдээ “Та наад дүрээ тэгээд тоглочихвол дээр шүү” гээд хэлнэ. Хамтдаа ярилцана.

-Урлагийн ген өвлөгддөг гэлцдэг. Таны хоёр хүүхэд урлагт хэр элэгтэй вэ?

-Тэгэлгүй яах вэ. Энэ улаан байшинд завгүй, уран бүтээлч эцэг эхээ дагаж ирж, өсөн торниж байгаа хүүхдүүд ямар олон гэж санана. Өнөөдөр та бүхэн харж байгаа байх. Ардын жүжигчин болж байгаа Ж.Оюундарь эгч маань мөн л тэдний адилаар аав, ижийгээ дагаж энэ театрт ирж байсан гэдэг. Одоо аавтайгаа адил Ардын жүжигчин цолоор энгэрээ мялааж байна шүү дээ.

Миний хоёр хүүхэд ч ялгаагүй энд өсөж байна. Хажуугийн нэгдүгээр сургуульд сурдаг тул өглөө надтай хамт ирнэ. Өдөр 13.00 цаг хүртэл энд дураараа гүйлдэж, нэг харахад хичээлдээ явчихсан л байна.

Хамгийн хөгжилтэй нь нэг, гуравдугаар ангид сурдаг тэд минь аль хэдийн өөрсдийгөө жүжигчин гээд итгэчихсэн, болчихсоноор яриад байгаа байхгүй юу. “Аав би жүжигчин болчхоод аль өрөөнд суух вэ” гээд л. Намайг тэр үед нь байхгүйг мэдээд байгаа юм уу, “Би жүжигчин болчхоод таны энэ сандал дээр сууна аа” гэх зэрэг сонин сонин зүйл их ярина аа.

-Ромео эсвэл Гамлет, хүүхдийн жүжгийн ханхүүд тоглоно гэж хэзээ ч байхгүй шүү дээ. Надад зохихгүй-

-Бүтээх юм сан гэх мөрөөдлийн дүр бий юу?

-Уран бүтээлч болгон л яг энэ хариултыг хэлнэ байх. Уран бүтээлч хүн хязгааргүй шуналтай хүн өөрийгөө, ялангуяа уран бүтээлч хүн өөрийгөө хөгширч байна гэж боддоггүй. Найруулагч ямар дүр өгнө түүнд тоглоно, найруулагч ямар дүр өгсөнгүй вэ, түүнд шатаж шунаж дурлана, харамсана. Энэ жүжиг дээр л жишээлэн ярихад, жүжигчид тойрч суугаад зохиолтойгоо танилцах үеэр Эфрайм Кэбот дүр нүдэнд туссан. Энэ дүрд л хүчээ сорих юм сан, магадгүй миний эцсийн дүр ч юм билүү, бүү мэд гэж шунасан. Би азтай байсан, энэ дүрээ авсан.

Тэнгэрийн хүү жүжиг намар шинээр тавигдахад Түмэн Шаньюгийн дүрийн авчих юм сан гэж харсан, авсан. Хаадын хаад жүжиг тавигдахад Гүр хан Жамухын дүр надад оногдох юм бол эцсийн хүчээ шавхаад тоглоно гэж бодсон, авсан байдаг юм.

Ингээд л бодоход жүжигчин хүн дүрийн шунал хязгааргүй гэдэг нотлогдчихож байгаа юм. Цаашид найруулагчид ямар зохиол авч ирээд жүжиг тавина гэхийг мэдэхгүй ч бас л шуналтай. Гэхдээ Ромео эсвэл Гамлет, хүүхдийн жүжгийн ханхүүд тоглоно гэж хэзээ ч байхгүй шүү дээ. Надад зохихгүй.

-Ажаад байхал дэлгэцийн уран бүтээлд цөөн тоглосон юм билээ.

-Тийм ээ, дэлгэцийн уран бүтээлд цөөхөн тоглохыг боддог. Тайзны уран бүтээлд л аль болох олон тоглох сон гэж л. Хүмүүс яагаад гэж асуух байх, дэлгэцийн уран бүтээлд байнга тоглоод байх юм бол хувь уран бүтээлчид өөрт нь халгаатай л даа. Харин тайзны уран бүтээл бол тухайн жүжигчнээс гарч болох бүхий л боломж, чадварыг шалгадаг, шавхдаг.

Шударга л хэлье. Бидний үеийнхэн бол киноны мэргэжлээр төгссөн хүн байхгүй. Камертай ч харьцаж үзээгүй шүү дээ, миний үеийнхэн болоод надаас дээш үеийнхэн. Хатуухан хэлэхэд Монголд киноны мэргэжлийн жүжигчин гуравхан л байдаг юм. Н.Сувд, Ц.Гантөмөр, Баатархүү нар. Тэд Бүх холбоотны их сургуулийн киноны жүжигчний ангийг төгссөн. Харин бусад уран бүтээлчдийн хувьд театрын жүжигчний ангийг дүүргэсэн. Энэ нь ганц миний хувийн бодол, үнэлэмж биш л дээ. Манай театрын ноён нуруу байсан Б.Баатар найруулагчийн бидэнд ярьсан зүйл л дээ. “Заа өндөр минь битгий л кино хийгээд яваарай даа” гэж байв. Тэр үед би кинонд их л явдаг байж л дээ. Хүмүүс хэлдэг л дээ “Чи яагаад кинонд тоглодоггүй юм бэ, дүрээ үлдээхийг хүсдэггүй юм уу” гэж. Дүрээ үлдээхийг хүсдэггүй жүжигчин хүн гэж үгүй л дээ.

-Хамгийн дурсамжтай хийгээд хүч шаардсан дүрээ нэрлэ гэвэл, ямар жүжгийн хэний дүрийг нэрлэх вэ?

-Бүгдээрээ. Одоо тоглогдох гэж буй жүжгийн дүртэй нийлбэл 17 жүжгийн гол дүрд тоглосон байна. Үүний дотор долоон хааны дүр бүтээжээ. Энэ бүр дээр хамгийн сайнаараа л хичээсэн. Гэхдээ би өөрийгөө хэчнээн сайн гэж үнэлээд яах билээ. Сайн мууг би ч шүүхгүй, мэргэжлийнхэн болоод үзэгчид л жинхэнэ дүнг нь тавьчихдаг юм л даа.

-Сонсоод байхад театрынхан таныг “Өндөр өө” ахаа гэж дуудах юм. Хэн, хэзээнээс энэ нэрийг оноогоод өгчхөв?

-Анх 2000 онд театрт ороод “Кармен” жүжгийн гол дүрд тоглож байх үед жүжигчин ах эгч нар маань л “энэ яасан өндөр нөхөр вэ” гээд л дуу алдаж байсан. Сүүлд манай гавьяат Болд-Эрдэнэ намайг “Өндөрхүү” гэж билээ. Ингэж ингэж өнөө Түвшинхүү гэдэг нэр “Өндөрхүү” болж солигдох нь тэр.

Тухайн үед би залуу ч байж, аав ээжтэйгээ хам амьдарч байсан үе. Нэг өглөө би унтаад сэрэхгүй байхаар нь аав санаа зовохдоо театр руу залган “Байна уу, дуудлага хэдэн цагаас билээ” гээд асуухад нь жижүүр “та хэн бэ” гэхэд нь “Өндөрхүүгийн аав нь байна аа” гэж гэнэ. Аав хүртэл тэгж дууддаг болж шүү дээ./инээв/ Би ч энэ нэрдээ дасчихсан.

-Та чинь Азийн хамгийн өндөр жүжигчин гэсэн билүү?

-Саяхан манай театрын залуучууд “Өндөрөө ахын өндөр нь яг хэд юм” гэж байна. Хариуд нь би “Ах нь суучихсан байна лээ 2 см буусан байна, 195 см байсан юм” гэхэд манай маркетингийнхан Азийн хамгийн өндөр жүжигчин гээд сошиалд тавьчихсан. Яах вэ үнэн л дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 5, 2025 11:19

ЗА ЭРХЭМ ӨНДӨХҮҮ ЧИ БЭЛЭН ҮҮ? БИ ЧИНГИС ХААН КИНОНЫХОО БҮХ ТӨСӨЛ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛААД ДУУССАН УДАХГҮЙ ЗУРАГ АВАЛТ ЭХЭЛНЭЭ ЧИ ИРЭЭД ЧИНГИС ХААНЫ ДҮР ЭСВЭЛ ДАЯН ХААНЫ ДҮРИЙГ АВАХ ЮМ УУ? ЮУТАЙ Ч ПРОБОД ОРООТОХ.

Zochin
Zochin
3 сар 5, 2025 19:14

Garaal orool tuushtai bai duu olon sharvah muuhaishu zunduul haanuud bn

Зочин
Зочин
3 сар 5, 2025 19:44

Гавьяат болгий

Bagana
Bagana
3 сар 6, 2025 07:26

Sulhan jujigchin nench tanihgui 7 haan

Зочин
Зочин
3 сар 7, 2025 15:31

Uhsen baas

Холбоотой мэдээ

Back to top button