НИЙГЭМ

М.Алтангэрэл: Барилга дээрээс хүн унаж амь насаа алдах гэмт хэрэг маш ихээр гарч байна

ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албанаас НМХГ-тай хамтран барилгын компаниудын ажлыг шалгасан талаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Алтангэрэл:

-ХАБ-ын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулах гэмт хэрэг 2018 онд 89, амь насаа алдсан 5 бүртгэгдэж, өнгөрсөн 2017 онтой харьцуулахад 22,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ гэмт хэргийн өссөн үзүүлэлтэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ЦЕГ-аас НМХГ-тай хамтран энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах ХАБ, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, иргэд ААН, байгууллагуудад аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сурталчлах зорилгоор энэ оны 5-р сарын 22-ноос нэг сарын хугацаанд “Аюулгүй ажлын байр” арга хэмжээг Нийслэлийн хэмжээнд зохион байгууллаа. Энэ үйл ажиллагааг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан.

Нэгдүгээрт: Сургалтуудыг зохион байгуулсан. Сургалтыг зохион байгуулахдаа цагдаагийн байгууллагын алба хаагчдыг хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй болгохоор зорьсон. Энэ нь ХАБ-ын хууль тогтоомж, барилгыг шалгахад анхаарах асуудал, нийтлэг илэрсэн зөрчлийн талаар 954 албан хаагчийг хамруулсан сургалт зохион байгуулсан.

Хоёрдугаарт: Нийслэлийн хэмжээнд хөдөлмөр хамгаалал, тоног төхөөрөмж ашиглаж нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ААН байгууллагуудын ХАБ-ын инженерүүдэд нэгдсэн сургалтыг зохион байгуулсан. Эдгээр сургалтыг зохион байгуулахдаа зөвхөн тэнхимийн сургалтаар зохион байгуулаагүй. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа барилгуудын судалгааг гаргаж үзээд барилгын үйл ажиллагаа явуулдаг “Жунсон” ХХК компанитай хамтран 1083 инженерт үзүүлэх сургалтыг зохион байгуулсан. Үзүүлэх сургалтыг явуулахдаа “Жунсон” компанийн үйл ажиллагаа явуулах арга барил, хамгаалах талбайн эмх цэгц, барилгын хамгаалах торыг хэрхэн хийсэн талаар сургалтуудыг тус, тус зохион байгуулсан нь үр дүнтэй арга хэмжээ болсон.

Үүний дараагаар хяналт шалгалтыг НМХГ-тай хамтран Нийслэлийн хэмжээнд хийсэн. Нийслэлийн хэмжээнд хийхдээ арга хэмжээ тооцох зорилгыг урдаа бариагүй, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, барилгаас унаж гэмтэх, барилга дээрээс ямар нэгэн материал унах, тоног төхөөрөмжид гар хуруугаа тасдах зэрэг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчлүүдийг илрүүлэх, илэрсэн зөрчлүүдийг газар дээр нь арилгуулахыг урдаа барин ажилласан.

Цагдаагийн байгууллагаас НМХГ-тай хамтран Нийслэлийн дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын 299 байгууллагад хяналт шалгалт хийсэн. Давхардсан тоогоор нийтдээ 896 зөрчил илэрсэн. 298 зөрчлийг газар дээр нь арилгуулсан, 264 зөрчил дээр хугацаатай албан мэдэгдлийг өгсөн. Эрүүгийн хуулинд заасан хариуцлага хүлээлгэхгүйгээр гарсан зөрчилд “Зөрчлийн тухай хуулийн 10.15-р зүйл болон 11.2 зүйлд зааснаар иргэн болон ААН-ийг 1000-3000 нэгжээр тэнцэх хэмжээний төгрөг”-өөр буюу нийтдээ 362 зөрчилд 52450 мянган төгрөгөөр торгуулийн арга хэмжээг авсан. Барилга, тоног төхөөрөмж ашигладаг ААН байгууллагын 2018 онд гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлүүдийг авч үзэхэд нийтлэг илэрч байгаа зөрчлүүдэд “Барилга дээрээс төмөр унах, барилгын гадна талд аюулгүй байдлын самбар байршуулдаггүй, барилга руу гарах шатанд тодорхой хэмжээний бэхэлгээ хийдэггүй, албан хаагч ажилчдаа тусгай хувцсаар хангадаггүй зэрэг зөрчил илэрч байсан.

Энэ удаагийн шалгалтаар мөн адил дээрх зөрчлүүд маш ихээр илэрч байна. НХМГ-тай хамтран барилгуудыг биечилж шалгасан. Эдгээр зөрчлөөс болоод барилга дээрээс хүн унах, тоног төхөөрөмжийн чанар муугаас болж тогонд цохиулах, барилга дээрээс хүн унаж амь насаа алдах гэмт хэргүүд маш ихээр гарч байгаа. Иймд барилга үйл ажиллагаа явуулдаг удирдлагууд болон албан хаагч ажилчдын хувь хүний болгоомжгүй, хайхрамжгүй асуудлаас энэ гэмт хэрэг үйлдэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн ХАБ, эрүүл ахуйн тулд хууль тогтоомжоо биелүүлэх дагаж мөрдөх мөн ХАБ-ын хууль дүрэм журмыг өдөр тутмын ажилдаа хэвшиж ажиллахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна хэмээн ярилаа.

Түүнчлэн Байгууллага дээр шалгалт явуулаад зөрчил илэрч байвал албан мэдэгдлийг өгөөд илэрсэн зөрчлийг арилгаж байгаа. Цаашид НХМГ-тай хамтран төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг байнга хийхээр төлөвлөсөн.  2018 оны байдлаар 89 хүн гэмтэж бэртсэн гэмт хэрэг бүртгэгдсэн. Удаа дараа илэрсэн зөрчилд үйл ажиллагаа зогсоох хүртэл арга хэмжээг авахаар прокурорт санал хүргүүлэн ажиллаж байна. 

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button