Нэг дороос: БНХАУ хариу арга хэмжээ авч АНУ-ын бараанд 125 хувийн тариф ногдууллаа

НЭМЭЛТ: 2025.04.11, 16:36 минут
БНХАУ өнөөдөр /2025.04.11/ АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авч бараанд нь ногдуулах гаалийн татварын 125 хувь болгон нэмэгдүүллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадын бараанд ногдуулах гаалийн татварыг 145 хувь болгож нэмэгдүүлсний дараа БНХАУ ийм арга хэмжээ авав. БНХАУ-ын Сангийн яам мэдэгдэл хийхдээ “АНУ БНХАУ-д хэт өндөр татвар ногдуулсан нь олон улсын болон эдийн засгийн худалдааны дүрэм, санхүүгийн үндсэн журмыг ноцтой зөрчиж байна. Энэ нь бүхэлдээ нэг талаас үзүүлж буй дээрэлхэлт, дарамт шахалт” гэжээ.
Эх сурвалж: Reuters
НЭМЭЛТ: 2025.04.10, 09:26 минут
Трамп гаалийн татвараа 75 гаруй оронд ногдуулахаа 90 хоногоор хойшлуулсны дараа дэлхий даяар хөрөнгийн зах зээлүүд өсөж, газрын тосны үнэ нэмэгдсэн байна. Лхагва гарагт АНУ-ын S&P 500 индексийн 9.5 хувь, Nasdaq 10 гаруй хувиар буюу 2008 оноос хойш үзэгдээгүй хэмжээнд өсжээ. Dow Jones 7.87 хувиар нэмэгдсэн нь 2020 оны гуравдугаар сараас хойш үзэгдээгүй өсөлт байв.
Технологийн томоохон компаниуд болох “Tesla” 22 хувь, “Nvidia” 19 хувь, “Apple” 15 хувь нэмэгджээ. Уолл Стритийн сүүлийн 18 жилийн бүртгэлээс харвал лхагва гарагт 30 тэрбум гаруй хувьцаа арилжсан нь урьд өмнө нь үзэгдээгүй өндөр хэмжээ болсон байна. Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ дөрөв гаруй хувиар нэмэгджээ. Азийн хөрөнгийн зах зээл ч мөн өссөн байна. Өнөөдөр /2025.04.10/ Азийн зах зээлүүдэд арилжаа эхлэхэд Японы Nikkei 225 индекс 8.24 хувь, Topix 7.33 хуь өссөн байна. Харин Өмнөд Солонгосын Kospi индекс 4.8, Kosdaq 4.2 хувиар нэмэгджээ. Австралийн S&P/ASX 200 индекс 5.09 хувиар өссөн юм.
“Vital Knowledge” фирмийн үүсгэн байгуулагч Адам Крисафулли хэлэхдээ “Хувьцааны үнэ болон зах зээлийн сэтгэл зүй доогуур байсан тул тарифыг 90 хоног хойшлуулсан нь хувьцааны үнэ хүчтэй сэргэхэд хүргэлээ. Тарифын хэрэгжилтийг хойшлуулах нь зах зээлд тулгараад байсан асар том бэрхшээлийг арилгах нь гарцаагүй” гэсэн байна.
Эх сурвалж: CNBC

НЭМЭЛТ: 2025.04.10, 08:54 минут
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт /2025.04.09/ гэнэтийн алхам хийж ихэнх улсуудад тавьсан нэмэлт гаалийн татвараа хариу арга хэмжээ аваагүй 75 гаруй оронд ногдуулахаа 90 хоногоор хойшлуулав. Харин БНХАУ-д тавих гаалийн татвараа 104 хувиас 125 хувиар нэмжээ. Гэхдээ тэдгээр 75 оронд 10 хувийн суурь татвар үйлчилнэ гэдгийг Цагаан ордон онцолсон юм. Трамп Truth Social платформ дээр нийтлэхдээ БНХАУ хариу арга хэмжээ авсан тул тарифыг нь нэмэгдүүлж байна гэжээ.
Түүний ногдуулсан хариу татвар лхагва гарагт /2025.04.09/ зүүний цагаар 00:01 минут буюу Улаанбаатарын цагаар 12:01 минутад хэрэгжиж эхэлсэн. Гаалийн татвар хэрэгжиж эхэлсэн өдрөө Трамп ийм гэнэтийн алхам хийв. БНХАУ Трампын тавьсан гаалийн татварт хариу арга хэмжээ авахдаа АНУ-д бараанд ногдуулсан гаалийн татвараа 34 хувиас 84 хувь болгож нэмэгдүүлж, өнөөдрөөс /2025.04.10/ хэрэгжүүлнэ хэмээсэн. Үүний дараа Трамп БНХАУ-ын тарифыг 125 болгож нэмсэн юм.
Эх сурвалж: Reuters
Зарлагдахдаа л дэлхий даяар хөрөнгийн зах зээлийг донсолгосон Доналд Трампын гаалийн татвар лхагва гарагаас /2025.04.09/ хэрэгжиж эхэлсэн юм. Трампын 180 гаруй улсад ногдуулсан хариу татвар лхагва гарагт, зүүний цагаар 00:01 минут (Улаанбаатарын цагаар 12:01 минут) хүчин төгөлдөр хэрэгжих болсон.
Түүний оноосон татвар нь олон жилийн турш үргэлжилсэн дэлхийн худалдааны дэг журмыг ганхуулж, эдийн засгийн уналт үүсгэж магадгүй гэх айдсыг нэмэгдүүлж сэн юм. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2025.04.02/ татваруудыг танилцуулснаас хойш АНУ-ын хамгийн өндөр үнэлгээтэй 500 компанийг хамардаг S&P 500 индекс 1950 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш үзэгдээгүй гүн уналтад орсон. Одоо тус индекс баавгайн зах зээл рүү ойртож буй. Зах зээл хамгийн сүүлийн өндөр үзүүлэлтээсээ 20 хувиар буурсан бол баавгайн зах зээл гэж үздэг. Баавгайн зах зээл гэдэг нь хувьцааны ханш үргэлжлэн унаж, үүний улмаас хөрөнгө оруулагчид хувьцаагаа зарахад хүрэхийг хэлдэг байна.
Трампын татвар АНУ-аас гадна Европ болон Азийн хөрөнгийн биржүүдийг уналтад оруулаад буй. Тэр үүнийг үл хайхарч, хөрөнгө оруулагчдад тариф хэр удаан үйлчлэх тал дээр хоёрдмол мессеж өгч байгаа юм. Трамп гаалийн татваруудаа байнгын зүйл гэж тодорхойлсон ч дэлхийн удирдагчдыг хэлэлцээ хийхийг шахалт үзүүлж байгаа хэмээсэн.
Мягмар гарагийн /20225.04.08/ орой Трамп “Хэлэлцээ хийх хүсэлт олон орон холбогдож байна” гэжээ. Мөн тэр БНХАУ ч хэлэлцээ хийхээр горилно гэж бодож буйгаа илэрхийлсэн юм. БНХАУ TikTok-ийг худалдахыг зөвшөөрвөл Трамп гаалийн татварын хөнгөлөлт үзүүлж болно гэж хэлсэн байгаа.
Түүний захиргаа ойрын холбоотон, худалдааны түнш болох Япон, БНСУ мөн Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелонитай ирэх долоо хоногт хэлэлцэхээр тохиролцсон. Вьетнамын Шадар сайд өчигдөр Трампын Сангийн сайд Скотт Бессенттэй хэлэлцсэн юм.
Германы Сангийн сайд Жоерг Кукиес лхагва гарагт хэлэхдээ Европын хамгийн том эдийн засаг болох тус улс худалдааны хурцадмал байдлаас болж эдийн засгийн уналтад орох эрсдэлтэй гэжээ. Хөрөнгө оруулалтын “JP Morgan” банк оны эцэс гэхэд дэлхийн эдийн засаг уналтад орох магадлал 60 хувь байна гэж тооцоолсон байна.
“Reuters” болон “Ispos” фирмийн явуулсан санал асуулгаар америкчуудын 73 хувь нь Трампын гаалийн татвар өдөр тутмын хэрэглээний барааны үнийг өсгөнө гэж таамаглаж байгаа. Лхагва гарагаас хэрэгжиж эхэлсэн тарифын үр нөлөө хэсэг хугацаанд мэдрэгдэхгүй. Учир нь хэрэгжиж эхлэхээс өмнө АНУ-руу хөдөлсөн каргонуудын бараа тавдугаар сарын 27-ноос өмнө нь ирвэл гаалийн татвар төлөхгүй юм.
Өнгөрсөн бямба гарагаас Трамп суурь хариу татвар болох 10 хувийн тариф хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Лхагва гарагаас хэрэгжиж эхэлсэн нь АНУ-ыг хамгийн их мөлжиж буй 50 гаруй орнуудад тогтоосон тариф. Үүнд Европын холбоо, БНХАУ, Япон, Тайвань, БНСУ гэх мэт орнууд багтаж байгаа юм.
“S&P” болон “UBS” фирмийн тооцоолсноор Трампын тарифын улмаас АНУ-д хувцасны үнэ 37 хувь, тоглоом, видео тоглоомын үнэ 30 хувь, компьютерын эд анги 30 хувь, ухаалаг утас 27 хувь, барилгын материал 22 хувь, нисэх онгоцны эд анги 11 хувь, телевиз 10 хувь, эмнэлгийн оношилгооны багажийн үнэ 10 хувиар нэмэгдэх магадлалтай байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп