ФОТО: “Үжин” төвийн багачуудад барьсан шинэ жилийн бэлэг

Хүчирхийллийн золиос болсон хүүхдүүдийг асран, хамгаалдаг “Үжин” төв өнөөдөр /2019.12.30/ шинэ унаатай боллоо. Зохиолч Б.Шүүдэрцэцэг “Үжин” төвийн нөхцөл байдалтай танилцаж, өнгөрсөн аравдугаар сараас эхлэн уг төвийг автомашинтай болгох аяныг цахим орчинд өрнүүлсэн. “Дөрвөн настай ч төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн охин, хүчирхийллийн улмаас бие давхар болсон 15 настай охин амаржиж, бяцхан охиноо өлгийдөн авсан, долоон настай охин бэлгийн мөлжлөгт өртсөн” зэрэг хэргүүдийг өөрийн нүдээр үзэж, танилцсан зохиолч бүсгүй хоёр сарын хугацаанд 1940 гаруй иргэн аж ахуйн нэгжээс 22 сая төгрөгийн хандив цуглуулж чаджээ.
ТЭД Ч БАС БАЯРЛАХ ЭРХТЭЙ
Үжин төв өмнө нь хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээ хичээл сургууль болон бусад газрууд руу зөөхдөө үргэлж олон нийтийн унаагаар зөөвөрлөдөг, тэднийг эрүүл мэндийн үзлэгт оруулах, шинжилгээ өгөх зэрэгт ч явган нүцгэн явдаг байсан бөгөөд цочролд орсон хүүхдүүдэд энэ нь хүндээр тусдаг байж.

Ийнхүү хүүхдүүд шинэ оны босгон дээр олны хайр, дэмжлэгээр өөрийн гэсэн унах унаатай болж байна. Мөн энэ үеэр бусад аж ахуйн нэгж байгууллагууд хүүхдүүд зориулан бэлэг, ном, ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн худалдах авах зэрэг тэдэнд шаардлагатай байгаа бодит тусламжуудыг хүргэсэн юм.

Төрийн дэмжлэг туслалцаагүйгээр үйл ажиллагаа явуулдаг Үжин төвийн хоёр байранд яг одоо 16 хүүхэд /охин, хүү нийлсэн/ хүмүүжиж, хамгаалагдаж байгаа бөгөөд тэдэнтэй сэтгэлзүйч, эмч, багш нийлсэн зургаан ажилтан ажиллаж байна.
Үжин төвийн талаарх сурвалжилгыг ЭНД ДАРЖ уншина уу.
Т.САНТ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гоё
Гоё мэдээ