ДЭЛХИЙ

Трамп 90 хоногт 90 хэлэлцээ хийхээр зорьсон нь хэт амбицтай явдал

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2025.04.09/ дэлхий дахиныг сандаргаад байсан хариу гаалийн татвараа 90 хоногоор хойшлуулсан. Энэ хугацаанд түүнтэй дэлхийн улс орнууд хэлэлцэж худалдааны дайныг шийдвэрлэх гэж юм. Трамп 90 хоногт 90 тохиролцоонд хүрэх зорилготой байгаа нь бэрхшээлтэй явдал байх болно гэж шинжээчид үзэж байна.

Өнөөдөр /2025.04.14/ дэлхийн хэд хэдэн орны худалдааны албан тушаалтан Вашингтонд айлчилж гаалийн татварын талаар хэлэлцээ хийх юм. Тэдгээр албан тушаалтан дунд Европын холбооны худалдааны асуудал эрхэлсэн төлөөлөгч Маркос Сефчович байх болно. Өнгөрсөн жил АНУ-Европын холбооны нийт худалдаа нэг их наяд гаруй ам.доллар хүрсэн билээ.

Сефчович Вашингтонд хүрэлцэн ирэх үед Трампын гол хэлэлцээч, АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Аргентинд байх юм. Тэр Аргентинд эдийн засгийн реформд дэмжлэг үзүүлэх зорилгоор айлчилж буй. АНУ-Аргентины нийт худалдаа 16.3 тэрбум ам.доллар байтал Европын холбооны төлөөлөгчийг хүлээн авахын оронд Аргентинд айлчилж байгаа нь хачирхалтай явдал гэж зарим хүмүүс үзэж байгаа юм.

Бессент өнөөдөр эзгүй байгаа нь Трампын захиргаа тарифын хэлэлцээг үр дүнтэй удирдан явуулж чадах болов уу гэсэн эргэлзээг шинжээчид дунд үүсгэжээ. “Asia Society Policy Institute”-ийн дарга, АНУ-ын худалдааны төлөөлөгчийн ахлах хэлэлцээч асан Венди Катлер “Ямар нэгэн шийдвэр гаргахад нэлээд нухацтай хэлэлцээ хийх хэрэгтэй. Иймхэн хугацаанд эдгээр орнуудын аль нэгэнтэй нь иж бүрэн хэлэлцээ хийх ямар ч боломжгүй” гэсэн байна.

Цагаан ордны худалдааны зөвлөх Питер Навваро өнгөрсөн баасан гарагт /2025.04.11/ “Fox Business Network” сувагт хэлэхдээ Бессент, АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир, Худалдааны нарийн бичгийн дарга Ховард Лутник нар хэлэлцээний ажлыг амжуулж чадна хэмээжээ. Тэр “Бид 90 хоногийн дотор 90 хэлэлцээ хийнэ. Эцсийн эцэст дарга л (Трамп) ахлах хэлэлцээч байх болно. Тэр анхааралтай харж, дүгнэлт хийгээгүй юуг ч батлахгүй” гэжээ.

Дэлхийн улс орнуудтай хэлэлцээ хийхээс гадна санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулагчид итгэх итгэлийг эргүүлэн олж авах нь ирэх 90 хоногийн өөр нэгэн чухал зорилт. Өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагчид АНУ-ын засгийн газрын бондоо их хэмжээгээр зарсан. Трамп тарифыг 90 хоногоор хойшлуулсан гол шалтгаан нь бонд их хэмжээгээр зарагдсан явдал гэж шинжээчид үзэж байгаа юм. Хөрөнгө оруулагчид аливаа хямралын үед худалдан авдаг алтны үнэ үүнтэй зэрэгцэн түүхэн дээд хэмжээнд хүрсэн.

Катлер хэлэхдээ санхүүгийн зах зээлд үүсээд буй энэхүү үймээ самуун нь Трампын багт хурдан ашигтай хэлэлцээ хийх дарамт үүсгэнэ гэжээ. Тэр “Тэд улс орнуудтай хурдан хэлэлцээ хийж, зах зээл болон бусад худалдааны түншүүддээ гарц байгаа гэх итгэл төрүүлэх үүрэг хариуцлага хүлээж байгаа” хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 14, 2025 08:49

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button