Т.Золжаргал: Харшлын үед цацлагаас илүү хамраа угаах нь тоосжилтыг 80 хувьтай цэвэрлэдэг

Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгийн хийсэн судалгаагаар манай улсын иргэдийн таван хүн тутмын нэг нь ямар нэг төрлийн харшилтай болох нь тогтоогджээ. Хаврын цагт хуурайшилт, улирал солигдох мөчлөг дээр хүмүүсийн харшил хөдлөдөг учир энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Астма” эмнэлэгийн хүүхэд, харшлын их эмч Т.Золзаяатай талаар ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд харшилтай хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа талаар энэ төрлийн судалгаанд дурдагдах болсон. Шалтгаан нь юу вэ?
Харшлын өвчлөл сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа. Хотжилтын өвчин гэж авч үзэх болсон учир шалтгаан нь гэвэл, монгол орон жилийн дөрвөн улиралтай. Хотод амьдардаг хүмүүс жилийн дөрвөн улирлынхаа гурван улиралд нь дөрвөн хананы дунд аж төрдөг. Зун болж амралт эхэлмэгц хотоос гарч хөдөө явдаг. Задгай талбайд ургамал дүүрэн байгаа. Түүнийг дагаад ургамлын тоосжилт маш их бий. Гурван улирлын турш ямар ч ургамалын тоосжилтгүй агаараар амьсгалж байсан бол гэнэт тоосжилттой агаараар амьсгалаад эхлэхээр дархлааны тогтлолцоо цочирдож хэт мэдрэг болдог. Үүнтэй холбоотойгоор хүмүүс олдмол харшилтай болж, энэ нь жил ирэх тусам өссөөр байна.
-Хүмүүсийн харшил хөдлөх үе харилцан адилгүй байдаг уу?
Юунд мэдрэг байгаа гэдгээсээ хамаараад улирлын шинж чанартай байдаг. Ургамлын тоосны харшил бол дөрвөн сараас эхлээд ургамал ногоо хэзээ хагдарч дуусна тэр болтол үргэлжилдэг. Энэ төрлийн харшлыг дотор нь модлог ургамал, үет ургамал, хогийн ургамал гэсэн гурван байдлаар хуваадаг. Энэ гурван ургамлын үе нь тоосоо гөвөх хугацаатай бөгөөд ороод мод дөнгөж нахиалж ирэх үед хамгийн эхэнд модлог ургамалын харшил эхэлнэ. Энэ нь сар орчим үргэлжлээд тоосоо гөвсний дараа харшлын үе дуусдаг. Цааш үргэлжлээд үет ургамал буюу тариа будааны төрлийн ургамалууд тоосоо гөвж эхэлнэ. Энэ төрлийн харшил нь долдугаар сарын 20-оос наймдугаар сарын эх хүртэл үргэлжлэх буюу үүний дараа хогийн ургамлын харшил хөдлөх үе бий. Бидний сайн мэддэгээр шарилж, багваахай, таван салаа гэх мэт ургамалууд ордог. Харин энэхүү харшил нь наадмын дараа дийлэнхдээ эхэлж есдүгээр сарын сүүл үе хүртэл буюу тухайн жилийн ургамал ногоо хэзээ хагдарч дуусна тэр хүртэл тоосоо гөвнө гэсэн үг. Өвлийн улиралд ахуйн тоосны харшил давамгай хөдлөх нь бий.
-Харшил ерөнхий шинж тэмдгээрээ ижил төстэй юу, заримдаа хүмүүс тогтмол найтаалгаад эхэлбэл харшлын шинж тэмдэг гэж оношлох гээд байдаг шүү дээ?
Хамгийн эхний илэрч байгаа шинж тэмдэг нь хамар нүдний зовиураар илэрдэг. Нүд, хамар, хоолой загатнах, хамар битүүрэх, нус гоожих, найтаах, нулимс гарах, ханиалгах, цээж бачуурах, хэржигнэх, шуугиантай амьсгалах гэх мэт. Эхэндээ бол мэдрэгдэхгүй байдаг учраас хүмүүс анзааралгүй өнгөрөөдөг талтай. Нэг талаасаа шаналгаатай ч гэсэн зарим тохиолдолд тоохгүй явснаас болж харшил хүндэрдэг. Хүндрэлд орохгүйн тулд бага дээр нь зөв зохистой эмчилгээгээ авах хэрэгтэй. Тохирсон эмчилгээг хийлгээд ямар ч харшилгүй хүн шиг, амьдралын чанартай байх боломжтой.
-Нийтлэг тохиолддог ургамлын харшлын үед ургамлаас хол байх хэрэгтэй гэсэн ойлголт л түгээмэл байдаг. Харин хориглох хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүн гэж байдаг уу?
Харшил анх мэдрэгдсэн үед харшлын сорил өгөөд ямар харшилтай гэдгээ заавал мэдэх хэрэгтэй. Үүнийгээ мэдсэний дараа ямар хүнсийг хориглох шаардлагатайгаа ч мөн мэдчих боломжтой. Харшилтай гээд шууд хамааралтай үгүйг нь мэдэхгүй хүнснүүдийг хориод байх шаардлагагүй. Жишээ нь, модлог ургамлын харшилтай гэсэн хариу гараад бусад сорил нь зүгээр байлаа гэхэд модонд ургадаг самар жимс, ялангуяа алим ч юм уу модлог ургамалаас гаралтай хүнсний бүтээгдэхүүн идэх үед харшилдаг. Яагаад гэвэл алим нь өөрөө модтойгоо ижил молекул бүтэцтэй. Үет ургамал ч гэсэн ялгаагүй өөрийн гэсэн солбих урвалаар харшил өгдөг хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг. Шарилж буюу хогийн ургамлын харшлын хориглох хүнсэнд айраг ордог.Хогийн ургамалын харшилтай хүмүүс наадмын үеэр нарийн ойлголтгүйгээс болж айраг их уудаг. Айраг нь хогийн ургамлын харшилтай холбоотой байдаг учраас харшлыг маш их сэдрээдэг. Тэгэхээр уухгүй хориглох нь зүйтэй юм.
-Харшлын үед хамрын цацлагыг хяналтгүй хэрэглэх тохиолдол их ажиглагддаг. Энэ нь зөв үү?
Хамрын цацлаганы хувьд хоёр төрөл. Цацангуут шууд онгойдог болон эмчилгээний буюу гурав юм уу дөрөвдөх хоногоосоо аажимдаа хамрыг битүүрүүлэхгүйгээр үрэвслийг нь дардаг гэсэн төрлүүд байдаг. Хүмүүс ихэвчлэн үйлчилгээ хурдантайг нь бодоод хамрын битүүг шууд онгойлгодог цацлагыг тогтмол хэрэглэдэг тал бий. Энэ нь аажимдаа хамрын ургацагатай болох, цацлагандаа хамрын битүү онгойхгүй болох гэсэн гаж нөлөөг үзүүлдэг. Ер нь харшлын үед цацлагыг эмчийн зөвөлгөө авч байж хэрэглэх нь зүйтэй.
-Хамрын цацлагаас өөр үр дүнтэй ямар арга байдаг вэ?
Юун түрүүнд хамрын цацлага хэрэглэхээс илүүтэйгээр угаалга маш чухал байдаг. Хамар угаах зориулалтын давсаар хамрын салстыг угаах нь тоосжилтыг 80 хувьтай цэвэрлэж болдог. Амьсгалж байгаа агаарын тоосжилт хамрын салстад шигдчихдэг учраас, улмаар тэндээ үрэвсэл хавангаа үүсгээд, шүүрлээ ялгаруулдаг. Иймд хамрын салстыг угаах нь зовиур шинж тэмдгийг багасгадаг маш үр дүнтэй арга гэдгийг зөвлөмөөр байна. Хамрын цацлагыг аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа түрүүн дурьдсан хурдан хамар онгойлгогч цацлагыг замбараагүй хэрэглэсэнтэй холбоотой мэс засал хийлгэхээс өөр аргагүй болсон тохиолдол элбэг байдаг. Үүний оронд хамрыг зориулалтын давсаар угаах хэрэгтэй.
-Хамрын ханиад болон харшлын шинж тэмдэг төстэйгөөс үүдэж андуурч, зөрүүлж эмчилгээ хийх тохиолдол их байдаг шүү дээ?
Хаврын улиралд ханиад, харшил давхцах хугацаа хэсэг үргэлжилдэг. Ихэвчлэн хамар салстын загатнаагаар ялгаж болно. Ханиад хүрсэн үед загатнах мэдрэмж бараг л байхгүй. Харин ханиадны үед ерөнхий хордлогын шинж тэмдэг буюу дотор муухайрах, толгой өвдөх, бие сульдаж тамирдах, халуурах гэсэн шинж тэмдэгүүд илэрдэг. Харшлын үед эдгээр шинж тэмдэг илрэхгүй. Хэрвээ ялгаж мэдэхийг хүсвэл цусны шинжилгээ өгч болно.
-Харшил хөдлөхөөс урьдчилан сэргийлэх ямар арга байдаг вэ?
Урьдчилж эм уух ямар ч шаардлагагүй. Амьсгалж буй агаарт харшилтай ургамал тоосоо гөвөөд эхэлчихсэн, тэр агаараар амьсгалж байгаа тохиолдолд тухайн биед харшилын урвал явагдаж эхлэнэ. Тэр үеэс намдаах зорилгоор эмийг ууж эхлэнэ.
Харин сорил, шинжилгээгээ өгөөд өөрийгөө ямар харшилтай гэдгээ мэддэг бол харшлын вакциныг урьдчилж хийлгэх боломжтой. Монголд бол шарилжны харшлын вакцин байдаг бөгөөд дөрөвдүгээр сараас хийж эхэлдэг. Долдугаар сараас харшил хөдлөх магадлал өндөр байдаг тул гурван сарын хугацаанд мэдрэгшлээ дарах зорилгоор урьдчилж хийнэ.
-Харшлын эмийг тогтмол уух нь сөрөг нөлөөтэй юу?
Харшлын эмнүүд нь 24 цагийн үйлчилгээтэй. Ихэнх эмнүүд нь ямар ч гормон агуулаагүй учир сөрөг нөлөөгүй гэж ойлгож болно. 24 цаг өнгөрөөд эмийн үйлчилгээ дуусч, ахиад л харшлын тоосжилттой агаараар амьсгалж, шинж тэмдэг дахина. Энэ үед харшлын эмийг яг л уух ёстой хугацаанд нь уух хэрэгтэй.
Харин хурдан үйлчилгээтэй, шинж тэмдгийг дардаг гэдэг утгаар нь гормон эмчилгээг хүмүүс маш их хийлгэдэг. Энэ эмчилгээ нь бусад эд эрхтэнд гаж нөлөөтэй. Бусдаас дам сонсоод сардаа нэг удаа, жилдээ нэг удаа гээд маш өндөр тунтай гормоны буюу дааврын тариа хийлгэчихдэг. Энэ нь нөхөн үржэхүйн насны хүмүүсийг үргүйдэлд хүргэх магадлалтай байдаг. Мөн ходоодны шархлаа, яс сийрэгжиж, яс хугарамтгай болох дотоод шүүрлийн бүхий л зүйлийг доголдуулна. Харшил гэдэг нь нэгэнт үүсгэгдсэн л бол жил бүр л давтагдах зүйл. Тийм учраас аль болох мэргэжлийн эмчдээ хандаад стандартын дагуу хор нөлөөгүй эмчилгээг сонгоорой гэж зөвлөе.
-Ярилцсанд баярлалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Cetirzine зэрэг хөнгөн, хор хөнөөл бага эмийг жортой болгодог буруу. Үнэтэй, хүчтэй нөлөөлдөг эм л жортой олгогдог. Cetirizine бол хөгжилтэй улсад ч эмийн сангаас хүн жоргүй авч болдог хямд эм. Авах гэтэл жор нэхэхээр гайхлаа. Нэг хүн а ллергины шоконд орсон тухайгаа ярьсан. Юун эмнэлэг орж амжихгүй амьсга л нь таглагдсан гэж байна. Жоргүй бол хүн байнга эмтэй явдаг тул шаарлага гарв�##� бага дээр нь эм уучихад зогсооно. Зогсоохгүй ч хурдыг нь сааруулж багасгана. А ллергитай хүмүүсийн амь насаар тоглож байна. Анх эмч хүн энэ эмийг бичсэн. Жоргүй тул дараа жилээс нь өөрөө аваад уучихдаг байсан. Өөр нэг эмч үнэтэй жортой эм бичиж өгснийг уугаад амьсга л бөглөрөөд үхэх шахсан. Шууд эргээд хор нөлөө багатайгаар нь үүнийг уудаг. Одоогоор а ллерги яагаад үүсдгийг ШУ тогтогогүй байгаа. 4 хананы дунд байж байгаад нэг улир �##�д нь хөдөө гарснаас а ллэргитдэг гэвэл тэрйгээ ШУ-ы үндэслэлтэй батлах хэрэгтэй болно. Магадгүй гэж ярина уу гэхээс шууд ийм учраас гэж тод ярьж болохгүй байх. Яагаад гэвэл зарим нь а ллэргитдэггүй тул ШУ -ы арга ашиглаж батлах боломжгүй, ЭСрэг бат�##�гаа болж гарч ирнэ.
Хүнд а ллөргитэй хүн ганц хамраа ч биш бүр усанд орж бие, үс, хувцаснаасаа тоосыг норгож авч хаях хэрэгтэй болдог. Учир нь бороонд хөдөлдөггүй учраас усны дус�##� бүтцийг нь эвддэг гэсэн үг. Хөнгөнүүд нь жоохон эм, маск заск зүүгээд болно.