Дэлхийн шүрэн хадны 84 хувь нь цайралтад өртөж байна

Олон улсын шүрэн хадны төлөөх санаачилга (ICR) лхагва гарагт /2025.04.23/ мэдэгдэл хийхдээ дэлхийн шүрэн хадны 84 хувь нь түүхэнд бүртгэгдсэн хамгийн хүчтэй цайралтад өртөөд байна гэжээ. Энэ нь 1998 оноос хойш дэлхий даяар шүрэн хад цайрч буй дөрөв дэх тохиолдол болов.
Хамгийн сүүлд 2014-2017 онд цайралт явагдахад дэлхийн шүрэн хаднуудын гуравны хоёр нь өртөж байснаас илүү өргөн цар хүрээг энэ удаагийн цайралт хамарч байгаа аж. Далайн температур нэмэгдсэнээс үүдэлтэй 2023 онд эхэлсэн одоогийн цайралт хэзээ дуусах нь тодорхойгүй байна.
“ICR”-ын нарийн бичгийн дарга Марк Экин “Манай гарагийн дүр төрхийг бүрэн өөрчилж, далай амьдрал тэтгэх чадвар нь өөрчлөгдөж буй явдлыг бид харж байна” гэжээ. Өнгөрсөн жил агаарын температур бүртгэж эхэлснээс хойш хамгийн халуун жил байсан. Туйлуудынхаас бусад далайн гадаргын дундаж температур өнгөрсөн жил цельсийн 20.87 хэм байсан юм.
Шүрэн хад цайрах үед шүр бие дотор нь амьдардаг замгийг хөөдөг байна. Тус замаг нь шүрний өнгийг үүсгэж, амьдрахад шаардлагатай шим тэжээлийнх нь ихэнхийг бүрдүүлж өгдөг. Ийм учраас замаггүй бол шүрэн хад цайвар харагддаг юм. Цайрсан шүрэн хад шим тэжээлийн дутагдалд ордог тул ямар нэгэн өвчинд нэрвэгдэх нь амархан болдог эрсдэлтэй.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Насжилт өндөртэй, өгөршөөд үхээд шороо болоод дуусна