Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаанууд: Вакцин аутизм үүсгэдэггүй

Вакцин хийсний улмаас хүүхэд аутизмтай болдог гэх мэдээлэл үе үе гарч ирдэг. Сошиал орчинд явж буй нийтлэлүүд дээр:

  1. Вакцин доторх бодисууд, тодруулбал тимесорал аутизм үүсгэдэг
  2. Улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний вакцины (MMR) үүсгэдэг дархлааны урвал аутизм үүсгэдэг
  3. Аутизм зөвхөн ганц төрлийн вакцинаас үүсдэггүй, гэхдээ сүүлийн жилүүдэд олон өвчний вакцин хийдэг болсон нь аутизм үүсгэх болсон гэж бичсэн байдаг.

Уг аргументуудад эрдэмтэд хариу өгч, хэд хэдэн судалгаа явуулсан юм. Тэдгээр судалгаанууд вакцин аутизм үүсгэдэггүй гэх үр дүнг үзүүлжээ.

Тимесорал

Тимесорал аутизм үүсгэдэг гэх яриа АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газраас (FDA) хийсэн шалгалтын үр дүнд үүсжээ. “FDA” явуулсан шалгалт нь хүүхдүүдэд өгч буй вакцины тоо нэмэгдсэнээр даган таригдаж буй тимесоралын тун нэмэгдэж байгааг илрүүлсэн юм. Тимесорал мөнгөн ус молекулын бүтцэдээ агуулдаг бодис. Зарим мөнгөн ус агуулсан бодисууд хүүхдийн тархины хөгжлийг гэмтээдэг гэдгийг тухайн үед эрдэмтэд мэдэж байжээ. Тимесорал нь тархины хөгжлийг гэмтээдэг бодисуудын нэг биш юм. Гэсэн хэдий ч мөнгөн устай тул тимесоралыг ихэнх вакцины орцонд оруулахаа зогсоожээ.

2004 онд Дани улсын судлаачид 1971-2000 оны хооронд вакцин хийлгэсэн бүх хүүхдүүдийг хамруулж хийсэн судалгааг нийтэлсэн юм. Судлаачид “Тимесоралыг Дани улсад хэрэглэдэг байсан үед аутизмын тохиолдол өссөн хандлага ажиглагдаагүй” гэж бичсэн байна. Мөн тимесоралыг хэрэглэхээ зогсоосон ч гэсэн аутизмын тохиолдол нэмэгдсээр байсан аж.

Их Британид явагдсан 14 мянган хүүхэд хамруулсан судалгаа вакцин нь аутизмын тохиолдол цөөрөхтэй холбоотой гэх үр дүнд хүрчээ.

Зургийн эх сурвалж: Caltech Science Exchange

Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын вакцин

MMR-ын вакцин аутизм үүсгэдэг гэх яриа Британи эмч Уэйкфилд 1998 онд “The Lancet” сэтгүүлд нийтлүүлсэн судалгаанаас гаралтай. Тус судалгааг цааш шалгаж үзсэний дараа 2010 оны хоёрдугаар сард “The Lancet” сэтгүүл нийтлэлээсээ хураан авсан байдаг. Тэр жилийн сүүлээр тус судалгааг ахлаж бичсэн эмчийн эмчлэх лицензийг хурааж авчээ.

Уэйкфилдийн судалгаа нь 12 хүүхэд сурсан ур чадвараа хийж чадахаа больж, чадвар нь илүү муудаж, хэвлийн өвдөлтийн шинж тэмдэг үзүүлсэн тул шинэ эмгэг байж магадгүй гэх саналыг дэвшүүлсэн юм. Тэдгээр хүүхдүүдийн наймынх нь эцэг эх хүүхдүүддээ MMR вакцин хийлгэсний дараа ийм шинж тэмдэг илэрч байгааг анзаарсан гэж Уэйкфилд бичсэн байна. Өөрөөр хэлбэл түүний ахлаж явуулсан судалгаанд MMR-ын вакцин аутизм үүсгэдэг гэх тодорхой агуулга байхгүй юм.

Тус судалгаа нийтлэгдээд удалгүй Финланд эрдэмтэд Уэйкфилдийн тодорхойлсон синдром сүүлийн 14 жилд MMR-ын вакцин хийлгэсэн хүүхдүүдэд илрээгүй гэх судалгааг танилцуулжээ. 1999 онд нийтлэгдсэн Их Британи хүүхдүүдийн судалгаа вакцин нь аутизмаар оношлогдохтой холбоогүй, хүүхдүүд вакцинжуулагдсан эсвэл хэр эрт вакцинд хамрагдсан нь холбоогүй гэсэн үр дүн үзүүлсэн байна.

2001 онд нийтлэгдсэн Калифорни хүүхдүүдийн судалгаа MMR-ын вакцин хийлгэсэн байх болон аутизмаар оношлогдох нь ямар нэгэн хамааралгүй гэх үр дүнд хүрсэн юм. Мөн Дани улсын эрүүл мэндийн мэдээллийн систем дэх датагаар хийсэн судалгаа MMR вакцин хийлгэсэн хүүхдүүд аутизмаар оношлогдох эрсдэл бага байдаг гэсэн үр дүнг харуулжээ.

Олон вакцин хийдэг болсон учир аутизм тусдаг

Сүүлийн жилүүдэд вакцины орц нь илүү цөөн тооны эсрэгтөрөгч агуулдаг болж ирсэн. Зарим өвчний вакцин вирусийн зөвхөн нэг полисахарид, уургийн молекул агуулдаг байна. Энэ хэмжүүрээр харвал хүүхдүүд илүү олон төрлийн вакцин хийлгэж байгаа ч тэдгээр нь өмнөхөөсөө цөөн тооны эсрэгтөрөгч агуулдаг гэсэн үг.

2013 онд АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн судалгаа вакцины эсрэгтөрөгчийн хэмжээ болон аутизмаар оношлогдох эрсдэл хоёр ямар нэгэн хамааралгүй болохыг тогтоожээ.

Эх сурвалж: Stat News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button