УБЦТС алслагдсан дүүргийн хэрэглэгчиддээ зориулж, цахилгаан хангамжийн зөвлөгөөний аяныг эхлүүллээ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК (УБЦТС) нь 2025 оны тавдугаар сарын 6-10-ны өдрүүдэд хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн аюулгүй байдалд чиглэсэн түр явуулын зөвлөгөөний цэгүүдийг ажиллуулж эхэллээ. Энэ арга хэмжээ нь төвөөс алслагдсан бүсэд амьдардаг иргэдэд цахилгаан эрчим хүчтэй холбоотой мэдээ, мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилготойгоор өргөжиж буй юм.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд УБЦТС нь нийслэлийн есөн дүүргийн хороодоос тус бүр нэг айлыг сонгон цахилгааны засвар, шинэчлэлтийг үнэ төлбөргүй хийж өгч байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд оршин суудаг ахмад настантай өрхийг сонгон цахилгаан хангамжийг нь бүрэн шинэчилсэн байна.
Кабель ашиглалт засварын төвийн инженер Л.Баттулга: “Гэр хорооллын өрхүүд ачаалалдаа тохироогүй кабель ашигласнаас болж галын эрсдэл өндөр байдаг. Энэ удаа тухайн өрхийн кабель утсыг стандартын дагуу шинэчилж, салаалсан хэрэглээг салган аюулгүй байдлыг хангаж өгсөн нь чухал алхам боллоо.”

УБЦТС ТӨХК-ийн Кабель ашиглалт засварын төвийн мастер М.Энхтүвшин: “Манай хамт олон тус айлын цахилгааны монтажийг дахин төлөвлөж, мэргэжлийн түвшинд гүйцэтгэсэн. Энэ бол хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах, цахилгааны ослоос урьдчилан сэргийлэх нэг арга юм. Манай байгууллагын хувьд жил бүр тус нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулдаг. Үүгээрээ нэг ч гэсэн айл цахилгааны аюул эрсдэлгүй байгаасай хэмээн хэрэглэгчидтэй ойр ажлууд зохион байгуулдаг."

Сонгинохархан дүүргийн 26-р хорооны ажилтан Г.Ягаанцэцэг: “УБЦТС компани манай хороотой хамтран 26 дугаар хороонд оршин суух нэг айлыг сонгон тус айлын цахилгааны асуудлыг шийдэж өгөх ажлын саналын дагуу сонгогдсон айлд бүрэн шинэчлэлт хийж дууслаа. Кабель ашиглалт засварын төвийн хамт олонд иргэдэд тустай ажил өрнүүлж байгаад хорооны ажилтны хувьд баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Аюултай нөхцөлд байсан ахмад настны айлд иж бүрэн шинэчлэлт хийж, цахилгааны эрсдэлийг арилгаж өгсөн нь үнэхээр сайшаалтай ажил боллоо.”

УБЦТС ТӨХК хэрэглэгчдэдээ ойрхон, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх, аюулгүй хэрэглээг төлөвшүүлэх чиглэлд тасралтгүй анхааран ажиллаж байгаагийн нэг жишээ бол энэхүү арга хэмжээ юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Захын хорооолуудад тог сайн байна уу