Д.Жаргалмаа: Ихэр охидоороо энгэрээ чимж 32 насандаа хоёрдугаар зэргийн одон хүртлээ

Ихэр охидын ээж, Эх үрсийн баяраар "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонгоор энгэрээ мялаасан Д.Жаргалмааг баярын дугаартаа онцолж, ярилцлаа.
Түүний хувьд 32 настай. Нэг хүү, гурван охины ээж. Том хүү нь 10 , удаах охин нь тав харин ээждээ одон хүртээсэн охид ой найман сартай аж.
-Юуны түрүүнд "Эхийн алдар" одонг энгэртээ гялалзуулсан баярт өдрийн мэндийг дэвшүүлье. Одонгоор шагнуулсан мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байлаа. Нэг их догдлол тээлгүй гэрээсээ гарсан ч Төрийн ордонд мөр зэрэгцэн зогсох ээжүүдийгээ хараад ихэд догдолсон. Одон хүртэх мэдрэмжийг ямар нэгэн зүйлтэй төсөөлөмгүй л алдар санагдлаа. Ерөнхийлөгчтэй гар барих, цаашлаад хүмүүсээс ерөөлийн сайхан үгсийг харамгүй сонслоо.
Гэсэн ч гадна намайг хүлээж буй хоёр ихэр охиноо хэрхэж байгаа бол гэж бодсоор л байв. Их сонин, сэтгэлд нэг зүйл тээглээд, тороод ч байх шиг болсон /инээв/
Хүмүүс намайг жаахан юм байж одон авчихдаг гээд л хэлж байна. Тэдэнд хандаж би "азтай болохоороо л ихэр төрүүлээд одон авчихлаа" л гэж хэлдэг.
Би өрөө эхээс гурвуулаа. Ээж, аав өвдөх эсвэл бэрхшээл тулгарсан үед олон хүүхэдтэй айл нөмөртэй, сайхан санагддаг байсан. Тийм ч болохоор өөрөө заавал дөрвөн хүүхэдтэй болно доо гэж боддог байсан юм. Тэр мөрөөдлөө биелүүлж чадсан. Одоо хүүхдүүдээ эрүүл саруул өсгөж, сургууль цэцэрлэгт нь оруулчихвал л боллоо. Гарыг нь ганзагад, хөлийг нь дөрөөнд гэж бид бүгд ярьдаг шүү дээ.

-Ихэр хүүхдүүд өсгөхөд дан ганц ээж сайн байгаад зогсохгүй гэр бүлийнхний дэм хэрэгтэй байдаг санагддаг.
-Нөхөр цэргийн хүн учраас гэртээ байхаас байхгүй нь их. Гэртээ буй үедээ хамгийн сайнаараа тусалдаг ч гэлээ миний хамгийн сайн хамтрагч, тулах багана бол миний том хүү. Мөн ээж аав, дүү нар минь чадахынхаа хэрээр дэм болсоор ирсэн.
Ихэр охид төрүүлж үзээд их зүйлсийг ойлгосон. Харагдаж байгаагаасаа өөр, ачааллын хувьд ч илүү санагдсан. Гэхдээ тэр хэрээрээ аз жаргалыг мэдрүүлж чаддаг нь хайрламаар.
Том хоёр маань таван насны зөрүүтэй, эсрэг хүйснийх учир нэгэнтэйгээ муудалцах нь их. Харин хоёр ихэр маань харьцангуй эвтэй.
-Ихрийн удам бий юу. Анх ихэр хүүхэд гэдсэндээ тээж буйгаа хэрхэн мэдсэн бэ. Яаж хүлээж авч байв?
-Монголын гурван ихэр эмээ гээд байдаг шүү дээ. Тэр гурван ихэр манай аавын талын холын хамаатан. Ихэр хүүхэдтэй болохыг мөрөөдөж л байснаас болно гэж төсөөлөөгүй. Кесаров хагалгаагаар төрдөг учраас дараагийн төрөлтөөрөө ихэр байвал л гэх бодол бол байсан.
Тэгээд л цагаан сарын үеэр хөдөө ээж аав руугаа явж байхад гэнэт дунд охин маань совиносон юм уу бүү мэд "ээжээ миний гэдсэнд хоёр хүүхэд байгаа" гээд хэлчихдэг юм байна. Баяр дуусгаад эхо үзүүлэхээр очихдоо эмчээ шоглоод "миний гэдсэнд хоёр хүүхэд байна гэж байх уу" гээд асуухад "хоёр л байна шүү дээ" гэж билээ.
Хоёр ихэр хүүхэд тээнэ гэдэг шавилхан биетэй надад физиологийн хувьд дасан зохицох, тэсэж гарахад нэлээд хүч шаардсан. Ямар ч байсан шүд зууж тээсээр, сүүлийг хоёр сарын хугацаанд эмнэлэгт хэвтэж хоёр охиноо төрүүлсэн.

-Хоёр хүүхэд зэрэг өсгөх амаргүй гэлээ. Яг ямар тохиолдолд хамгийн бэрхшээлтэй санагддаг вэ?
Хүүхэд зэрэг өвдөх л хэцүү. Манай Монголын өвөл ямар билээ, эмнэлгийн хүртээмж, эмийн үнэ, олдоц гээд л асуудал ихтэй. Тэр үеүдэд хүүхэд зэрэг ханиад авах юм бол улаан гэрэл аслаа л гэсэн үг. Хоёр хүүхэд аваад эмнэлэгт хэвтэх бэрхшээлтэй байдаг учраас заавал гэрээр асрах хэрэгцээ гарна. Тиймээс аль болох өвдөхгүй л байгаасай гэж хүсдэг дээ.
Үүнээс гадна олон нийтийн газар хоёр мөөмөө зэрэг гаргаад хөхүүлэх л хамгийн эвгүй санагддаг. Мөн шөнө унтахдаа хоёр талдаа ээлжилж хөхүүлнэ, нэг биш хоёр хүүхэд уйлах бүрийд нь сэрнэ гээд л. Урт шөнүүд бол бишгүй л байсан. Гэхдээ одоо ой найман сар хүрчихсэн, хоолоо өөрсдөө иддэг, уух зүйлээ бариад уучихдаг болсон гээд чадварууд нь нэмэгдсээр. Живхнээс нь гаргачихвал болох гээд байна.
-Ихрүүд бие бялдар, царай төрх төстэй ч ааш зангийн хувьд өөр байдаг гэдэг шүү дээ.
-Тийм шүү. Тэс өөр хоёр ертөнц. Нэг нь ууртай, нөгөө нь дөлгөөхөн. Тэр нь амар санагдах нь бий. Нэг нь өвдөөд уйлагнаж байхад нөгөө нь тайван унтчихна гэдэг ихэр хүүхэдтэй ээжүүдийн хувьд аз тохиол.
-Өнөөдөр ээжүүдийн, бяцхан үрсийн баяр тохиож байна. Мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?
-Олон хүүхэдтэй ээжүүддээ хандаж, та нар үнэхээр хүчтэй шүү, сайн ээж нар шүү гэж хэлмээр байна. Муу ээж гэж байдаггүй. Тэр дундаа ихэр хүүхэд өсгөж, хүмүүжүүлж байгаа эцэг эхчүүдэд битгий шантраарай, хамгийн сайнаараа байгаа шүү гэж хэлмээр байна. Мөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье. Жилийн 365 өдөр хүүхэд бүхэн жаргалтай байх болтугай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
үнэхээр гоё монголын үрс маш олон болтугай
Үртэй хүн л хамгаас баян харагддаг мөнгөтэй том машинтай хүмүүс огт баян харагдахгүй хулгайч юм шиг харагддаг болоод бгаа