Монголд айлчилж буй Туркменистаны ерөнхийлөгч Сердар Бердымухамедов гэж хэн бэ

Өнөөдөр Монгол Улсад Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов төрийн айлчлал хийж байна. Түүний аав Гурбангулы Бердымухамедов нь 2006 оноос хойш 15 жилийн турш улсынхаа ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад хүүгээ залгамжлагчаар тодруулсан юм.
Туркменистан улс нь 1992 оны 04-р сарын 23-нд манай улстай дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улсад 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийсэн билээ.
Гадаад бодлогын тухайд, Туркменистан Улс байнгын төвийг сахих тухай хууль, Гадаад бодлогын үзэл баримтлал болон бусад хууль тогтоомжийн хүрээнд гадаад бодлогоо хэрэгжүүлдэг. НҮБ-аас хүлээн зөвшөөрсөн байнгын төвийг сахих статустай орон юм.
- ДНБ нь 82.5 тэрбум ам.доллар /2024 он/
- ДНБ 6.3 хувиар тээвэр, харилцаа холбоо 11,6 хувь, худалдаа, 9,9 хувь, хөдөө аж ахуй 4 хувь өссөн байна /2024 он/
- 12.505 ам.доллар /2024 он/4,5% /2025 оны 4 дүгээр сар/
Дэлхийн 100 гаруй оронтой худалдаа хийж буй бөгөөд худалдааны гол түншүүд Хятад, Орос, Иран, Турк улс юм. Гадаад худалдааны эргэлт 20 тэрбум ам.доллар /2024 он/ Экспорт 12.7 тэрбум ам.доллар, Импорт 7.3 тэрбум ам.доллар.
Экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нь байгалийн хий, нефть, нефтийн бүтээгдэхүүн, үр тариа, хивс, хивсэн бүтээгдэхүүн бөгөөд импортын гол нэрийн бүтээгдэхүүн нь машин механизм, хүнсний бүтээгдэхүүн, эм, эмийн төрлийн бүтээгдэхүүн. 2024 онд 77.6 тэрбум шоо метр байгалийн хий, 8.3 сая гаруй тонн газрын тос олборложээ.
Сердар Бердымухамедов нь 1981 оны 9 дүгээр сарын 22-нд Ашхабад хотод төрсөн. 44 настай.
Боловсрол:
- 2001 онд С.А.Ниязов-ын нэрэмжит Туркменистаны Хөдөө аж ахуйн их сургууль, Үйлдвэрийн инженер
- 2011 онд ОХУ-ын ГХЯ-ны Дипломатын академийг Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн
- 2011-2013 онд Женев дэх Аюулгүй байдлын бодлогын төв, Европын болон олон улсын аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн
- 2015 онд Техникийн шинжлэх ухааны доктор (PhD)-ын зэрэг хамгаалсан
Ажилласан байдал:
- 2001 онд Туркменистан Улсын Хүнсний аж үйлдвэрийн холбооны Гадаад эдийн засгийн харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн
- 2001 - 2003 онд Цэргийн алба хаасан
- 2003 - 2008 онд Туркменистан Улсын Хүнсний аж үйлдвэрийн холбооны Жимс, хүнсний ногооны үйлдвэрийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн
- 2008 - 2011 онд Туркменистан Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх
- (ОХУ-ын ГХЯ-ны Дипломатын академид суралцаж байх үедээ)
- 2011 - 2013 онд Туркменистан Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа БТГ-ын зөвлөх
- (Женев дэх Аюулгүй байдлын бодлогын төвд суралцаж байх үедээ)
- 2013 онд Туркменистаны ГХЯ-ны Европын орнуудын хэлтсийн дарга
- 2013 - 2016 онд Нүүрс, устөрөгчийн нөөцийн удирдлага, ашиглалтын асуудал эрхэлсэн агентлагийн дэд дарга
- 2016 - 2017 онд Туркменистаны ГХЯ-ны Олон улсын мэдээллийн хэлтсийн дарга
- 2016 - 2018 онд Туркменистаны Парламент Межлисын депутат (5 дахь удаагаа)
- 2018 – 2019 онд Туркменистаны Гадаад хэргийн дэд сайд
- 2019 - 2020 онд Ахал велаят мужийн орлогч хяким (Мужийн захирагчийн орлогч),
- Ахал велаят мужийн хяким (Мужийн захирагч),
- 2020 -2021 онд Аж үйлдвэр, барилгын үйлдвэрлэлийн сайд
- 2021 оны 02 сар Сайд нарын танхимын дэд дарга
- 2021 оны 07 сар Сайд нарын танхимын эдийн засаг, банк, олон улсын санхүүгийн байгууллагын асуудал эрхэлсэн дэд дарга
- 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн
- албыг хашиж байна
Гадаад хэлний мэдлэг: Туркмен, орос, англи
Монгол-Туркменистаны түүхэн харилцааны тухайд,
Туркменистан Улсын түүх нь Төв Ази, Иран, Кавказ, Исламын ертөнц, Зүүн Европ болон Монголын эзэнт гүрний түүхтэй гүн холбоотой. Туркменийн нутаг дэвсгэр дээр МЭӨ 6–3 дугаар зуунаас анхны суурин иргэншил төлөвшиж, Парфян улс, Сасанидын эзэнт гүрэн, Огуз түрэгүүд, Селжукийн эзэнт гүрэн, Монголын байлдан дагуулалт, Чагатайн ханлиг, Алтан орд, Төмөрийн улс,Хивин, Бухарын ханлигуудын харьяанд нэгдэж, 1880 онд Оросын эзэнт гүрэн эзэлж, 1921 онд Туркестаны Автономит Бүгд Найрамдах Улс, 1924 онд Туркменийн Социалист Бүгд Найрамдах Улс, 1991 онд ЗХУ задарснаар Туркменистан Улс тусгаар тогтносон.
Торгоны зам өнөөгийн Туркменистаны Мерв (одоогийн Мары хот), Ниса (Парфийн эзэнт гүрний нийслэл), Куня-Ургенч (одоогийн Көнеүргенч хот, Хорезмийн хаант улсын нийслэл байсан) зэрэг 29 газраар дайран өнгөрч байв. Дээрх 3 газар ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан.
Торгоны замын тодорхой хэсгийг Хүннү нар эзэмшилдээ авч, торгоор татвар авч, гуравдагч оронд гаргадаг байжээ. Торгоны замаар дамжин Монгол, Туркменийн худалдаачид туркменийн хөвөн эдлэл, хивс, гар урлал, үнэт чулуу зэргийг тээвэрлэн авч ирснийг Монголчууд өргөнөөр хэрэглэж, түүний оронд нь морь, арьс шир, цэргийн техник болон хүнсний бүтээгдэхүүн экспортолж байв. Эдгээр нь өндөр чанартай, удаан эдэлгээтэй, гоёмсог хийцтэй байсан тул Монголчуудын нүүдлийн амьдралд тохиромжтой төдийгүй туркменийн алдартай гар хивс нь монголын язгууртнуудын гоёл чимэглэл, эрх мэдэл, хөрөнгө чинээг илэрхийлэх хэрэгсэл болж байлаа.
XIII зуунд Туркмен үндэстэн нь өнөөгийн Узбекистан, Туркменистан, Афганистан, Тажикистан зэрэг Төв Азийн нутгуудад төвлөрч байсан Хорезмын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байв. 1218 ондЧингис хаан Хорезмын эзэнт гүрэнтэй найрсаг харилцаа тогтоох, худалдааг хөгжүүлэх зорилгоор 500 худалдааны элчийг Хорезмын эзэнт гүрэнд илгээсэн ч Хорезмын султан Мухаммед тэднийг тагнуул хийсэн хэмээн хороосон байна. Энэ явдалд Чингис хаан ихэд хилэгнэж, 1221-1231 онд Хорезмын улсыг эзлэн дайтах ажиллагааг өрнүүлэв.
Зүчи хаан 1219-1225 оны хооронд Хорезмыг дайлахад оролцож, Чингис хаан нутаг буцах болоход түүнд цэрэг таслан өгөөд Эрчис мөрнөөс баруун тийш бүх газрыг өгч, дайлуулах зарлиг буулгасан байдаг. 1221 оны 4 дүгээр сард Чингис Хааны бага хүү Тулуй 30.000–50.000 цэргийн хамт “Хаадын сэтгэл зүрх” хэмээх Туркменийн Мерв хотыг бүсэлж, 6 хоногтулалдан эзлэв.
Хожим 1396 онд доголон Төмөрийн хүү Шахрух Хорезмийг захирах үедээ Мервийг сэргээн босгох ажлыг эхлүүлсэн ч хэзээ ч өмнөх сүр хүчээ эргүүлэн авч чадаагүй бөгөөд дараагийн үед Илхант улс, Чагатай ханлигт багтсан. Хорезмын хотуудыг эзлэх явцад монголчууд урлаг, гар урлалын олон мянган дархан, гар урчуудыг сонгон авч, Монгол нутагт шилжүүлж, соёлын солилцоог идэвхжүүлсэн байна.
Мерв, Ниса, Ургенч зэрэг хотуудыг дамнасан худалдааны болон цэргийн зам нь Монголын тээвэр, албан ёсны холбоо, сүлжээний бүтцэд чухал үүрэгтэй байв. Торгоны замын дагуу Чагатайн цэрэг, элч нар туркмений нутгаар дамжин Зүүн ханлиг болон Илхаант улстай харилцаж байв.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.