БНСУ-ын ээлжит бус сонгуулийн талаар мэдэх ёстой зүйлс

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард цэргийн онц байдал зарласны улмаас улс төр, нийгмийн хямрал үүссэн. Цэргийн онц байдлыг парламент нь цуцалсны дараа хууль тогтоогчид Юн Сок Ёлыг огцруулахыг дэмжсэн. Тус улсын Үндсэн хуулийн шүүх Юн Сок Ёлыг огцруулах эсэх асуудлыг авч хэлэлцэн, өнгөрсөн дөрөвдүгээр сард түүнийг огцруулах шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Өнөөдөр БНСУ шинэ ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Шинэ ерөнхийлөгч таван жилийн хугацаатай нэг удаагийн бүрэн эрх эдэлнэ. Ерөнхийлөгчийг хүлээж буй хамгийн том сорилт бол Юн Сок Ёлын зарласан цэргийн онц байдлын улмаас үүссэн улс төрийн тогтворгүй байдал юм. Зургаахан цаг үргэлжилсэн ч гэсэн цэргийн онц байдал орон даяар жагсаал цуглаан өрнөж, зургаан сарын дотор гурван удаа ерөнхийлөгчийн үүрэг түр гүйцэтгэж буй хүнээ сольсон гэх мэт хямралуудыг дагуулсан.
Мөн шинэ ерөнхийлөгч эдийн засаг удааширч буй явдлыг зогсоож, АНУ-тай хийж буй худалдааны хэлэлцээрүүдийг удирдах томоохон үүргийг хүлээн авна. АНУ одоогоор Өмнөд Солонгосын ган, хөнгөн цагаан, автомашин зэрэг гол экспортын бүтээгдэхүүнд 25 хувийн татвар тавиад байгаа нь эдийн засгийн хувьд дарамт үүсгээд буй.
Гол өрсөлдөгчид
Энэ удаагийн сонгуульд зургаан нэр дэвшигч өрсөлдөж байгаа ч гол өрсөлдөөн хоёр хүний хооронд өрнөнө. Тэд бол сөрөг хүчний Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мюн, эрх баригч Ард түмний хүч намын Ким Мүн Сү нар юм.

61 настай хуульч И Жэ Мюн санал асуулгуудаар тэргүүлж байна. “Gallup Korea”-ийн өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2025.05.28/ хийсэн судалгаагаар сонгогчдын 49 хувь нь И Жэ Мюнийг дэмжжээ. Харин 73 настай Ким Мүн Сүг 36 хувь нь дэмжсэн байна. Гуравдугаар байрт Шинэчлэлийн намаас нэр дэвшсэн И Жүн Сог 9 хувийн дэмжлэг авчээ.
Сонгогчдын хувьд ямар асуудал чухал вэ
Сонгогчдын хамгийн ихээр анхаарч буй зүйл бол уналтад орсон эдийн засаг, амьжиргааны өртөг өсөж буй явдал юм. Залуусын ажилгүйдэл эрс нэмэгдэж, дотоодын хэрэглээ буурсны улмаас 2025 оны эхний улиралд БНСУ-ын эдийн засаг гэнэт ширгэсэн. Эдийн засаг ширгэсний нэг шалтгаан нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын эхлүүлсэн худалдааны дайн юм. Худалдааны дайн нь экспортод түшиглэсэн Өмнөд Солонгосын эдийн засагт хүчтэй цохилт болсон.
АНУ-ын тарифууд хэрэгжиж эхэлснээс хойш буюу дөрөвдүгээр сарын эхээр Өмнөд Солонгосын АНУ руу хийж буй экспорт огцом буурсан. Тарифын улмаас БНСУ-ын хамгийн том агаарын тээврийн компани жилд 100 сая ам.долларын алдагдал хүлээж болзошгүйг анхааруулжээ.
Вашингтон болон Сөүлийн албаны төлөөлөгчид тарифын хэлэлцээр хийхээр хэд хэдэн удаа уулзсан. Гэвч дотоодын улс төрийн тогтворгүй байдал хэлэлцээрийн явцыг удаашруулж, шинэ ерөнхийлөгч сонгогдох хүртэл худалдааны гэрээ хийх боломжийг сааруулж байгаа юм.
Тиймээс И Жэ Мюн, Ким Мүн Сү хоёр эдийн засгийг гол асуудал болгон ярьж, үнийн тогтвортой байдлыг хангаж, орон сууц, боловсрол, ажлын байрны боломжийг нэмэгдүүлэхээ амласан юм.
Дараагийн ерөнхийлөгч шийдэх өөр хэд хэдэн тулгамдсан асуудал бий. Үүнд хүн хүн ам зүйн бүтэц хурдацтай хөгширч буй явдал, төрөлтийн огцом буурч байгаа зэрэг асуудлууд орно. Эдгээр нь зөвхөн Өмнөд Солонгос төдийгүй Япон, БНХАУ зэрэг бүс нутгийн бусад улс оронд ч адилхан ажиглагдаж буй асуудал.
Залуу гэр бүл, ганц бие залуус хүүхэд асрах өндөр зардал, хүйсийн тэгш бус байдал, ажил хөдөлмөр эрхэлж буй эцэг эхчүүдийн эсрэг ялгаварлал зэрэг нь хүндрэл учруулж байгаа гэж мэдэгдэж буй.
Үүнээс гадна бүс нутгийн хурцадмал байдал ч тулгамдсан асуудал болоод байна. Хойд Солонгосын зүгээс байнга заналхийлж байгаа нь БНСУ-ын аюулгүй байдлын хамгийн том асуудал. Пёнян сүүлийн жилүүдэд зэвсэгт хүчнээ эрчимтэй шинэчилж, шинэ төрлийн зэвсэг хөгжүүлэн, АНУ-ын аль ч хэсэгт цохилт өгч чадах тив алгасагч баллистик пуужин туршсаар байгаа. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар БНАСАУ 2018 онд зогсоосон цөмийн зэвсгийн туршилтаа дахин эхлүүлэх бэлтгэл хийж байж болзошгүй юм.
Шар тэнгисийн цаана орших БНХАУ нь Өмнөд Солонгосын хамгийн том худалдааны түнш боловч дипломат харилцаа тогтворгүй хэвээр. БНСУ нь АНУ-тай батлан хамгаалахын салбарт ойр ажилладаг. Тус улсад 30 мянга орчим Америк цэрэг байрладаг юм. Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгос, Япон, АНУ гурав батлан хамгаалахын тал дээр илүү нягт ажиллах болсон. Тэд стратегийн чухал ач холбогдолтой Ази–Номхон далайн бүс нутагт Бээжингийн нөлөөг сөрөх зорилготой ажиллаж байгаа.
Гол өрсөлдөгчдийн бодлогын ялгаа

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр бодлогын мэтгэлцээн хүмүүсийн анхаарлыг тийм ч их татахгүй байгаа ч, энэ удаагийн сонгуулийн үр дүн нь Өмнөд Солонгосын Хойд Солонгостой харилцах хандлагыг өөрчилж магадгүй.
Ардчилсан намын И Жэ Мюн сонгогдвол хоёр Солонгосын хоорондын хурцадмал байдлыг бууруулна гэж амласан. Тэрбээр хоёр орон хоорондын зэвсэгт хүчин шууд холбогдох утасны шугамыг дахин сэргээж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилгыг баримтлах болно гэдгээ илэрхийлсэн.
Харин Ким Мүн Сү Юн Сог Ёлын явуулж байсан хатуу бодлогыг дэмжиж байгаа. Халдлагаас урьдчилан сэргийлэх хүчтэй хамгаалалт бий болгохын тулд баллистик пуужин, АНУ-ын тактикийн цөмийн зэвсгийг дахин байрлуулахыг дэмжинэ гэж тэр мэдэгдсэн. Мөн цөмийн түлш дахин боловсруулах эрхийг авах замаар Өмнөд Солонгосыг цөмийн зэвсэгтэй болох зам руу оруулах хэрэгтэй гэж Ким Мүн Сү үздэг.
Хоёр нэр дэвшигчийн АНУ болон Хятадтай харилцах бодлого ч мөн адил ялгаатай. И Жэ Мюн “прагматик гадаад бодлого” баримтлах ёстой гэж үздэг. Тэр АНУ-тай холбоотны статус, Японтой аюулгүй байдлын хамтын ажиллагааг хадгалах нь чухал гэж хэлсэн юм. Гэхдээ “Үндэсний ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, БНХАУ болон ОХУ-ыг шаардлагагүйгээр өдөөн хатгах хэрэг байхгүй” гэж мэдэгдсэн.
Харин Ким Мүн Сү И Жэ Мюний АНУ-БНСУ-ын харилцааны талаарх амлалтад эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр сонгогдвол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай яаралтай дээд хэмжээний уулзалт хийж, тарифын асуудлыг хэлэлцэнэ гэж амласан юм. Ким “Би АНУ-ын ерөнхийлөгчтэй найрсаг, итгэлцэлтэй харилцаатай” гэж хэлсэн байдаг.
Түүнчлэн тэрбээр АНУ-ын цэргийг Өмнөд Солонгост байрлуулахтай холбоотой зардлын тодорхой хэсгийг Өмнөд Солонгос хариуцах талаар хэлэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Энэ нь Трампын олон жил шаардаж ирсэн зүйл юм.
Хойд Солонгос дахь Хүний эрхийн хорооныхны зөвлөлийн гишүүн И Сон Юн хоёр нэр дэвшигчийн гадаад бодлогын ялгааг өөрчлөгдөшгүй гэж тодорхойлжээ. Тэрбээр И Жэ Мюн өмнө нь хэлж байсан зүйлүүдийг дурдаж, түүнийг БНХАУ, ОХУ-ын талд хэт зөөлөн ханддаг гэж олон хүн үздэг болсон гэсэн юм.
И Сон Юн “Өмнө нь И Жэ Мюн БНХАУ-ынын Тайваньтай харьцах бодлогод Өмнөд Солонгос оролцох ёсгүй, харин Бээжин болон Тайваньд зүгээр л талархлаа илэрхийлээд хол бай гэж хэлж байсан. Мөн АНУ, Япон, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг хамгийн том аюултай алдаа гэж тодорхойлж, Японы талд хэтэрхий орсон үйлдэл гэж хэлсэн. Үүнээс гадна тэрбээр Украйны Ерөнхийлөгч Зеленскийг улс төрийн туршлагагүй хүн байсан тул хэрэггүй зүйл яртж, ОХУ-ыг өдөөн хатган түрэмгийлэхэд хүргэсэн гэж хэд хэдэн удаа хэлж байсан” хэмээжээ.
И Жэ Мюн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр сонгогчдыг татахын тулд өмнөх байр сууриа тодорхой хэмжээнд өөрчилж, илүү төвийг сахисан байдлаар харагдахыг оролдсон гэж тэр хэлсэн юм.
И Сон Юн “Вашингтон, Токио эсвэл Киев дэх эрх мэдэл бүхий хүмүүс И Жэ Мюныг төрийн тэргүүн болно гэх бодолд тийм ч нааштай хандахгүй байгаа болов уу” гэж хэлжээ.
Эх сурвалж: Al Jazeera, CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!