Трамп ган, хөнгөн цагааны тарифыг хоёр дахин нэмлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп импортын ган, хөнгөн цагаанд оногдуулах тарифыг 25 хувиас 50 хувь болгон нэмэгдүүлэх гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурсан байна. Тариф өнөөдрөөс /2025.06.04/ хэрэгжиж эхэлнэ. Трампын захиргаа дотоодын салбарыг гаднын хямд үнэтэй металлууд сүйрүүлж байна гэж үзсэн тул АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хамгаална хэмээн ийм тариф ногдуулж буй.
Трамп өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2025.05.30/ мэдэгдэл хийж “Nippon Steel” компани “U.S. Steel”-тэй нэгдэж болно гэснийхээ дараа ган, хөнгөн цагааны тарифыг нэмэгдүүлнэ хэмээсэн юм. Тэрбээр хэлэхдээ өмнө нь ган, хөнгөн цагааны татварыг 25 хувь болгосон нь Америкт үйлдвэрлэсэн гангийн үнэд сайнаар нөлөөлсөн гэжээ.
Шинжээчид энэхүү тариф нь АНУ-д сөргөөр нөлөөлнө гэж үзэж буй. “The Peterson Institute” Х дээр бичихдээ “Гангийн импортод 50 хувийн тариф ногдуулснаар Америкийн ган олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар муудаж, хэрэглэгчдэд ирэх зардал нэмэгдэж, гангийн магнатуудын халаасыг зузаатгана” хэмээсэн юм.
Эх сурвалж: Newsweek
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.