Top StoriesСПОРТ

О.Энхбаатар: Ирэх олимпийн эрхийн төлөө өдөр бүр хичээж байна

-Гудамжны шийднээс дэлхийн талбайд-

Хавар намрын сэрүүн салхийг зүсээд, хөлд нь тоос босгосон шороон талбайн голд нэгэн шийд. Тэр бол гудамжны сагсны ертөнц. Энд цуглах охид, хөвгүүд бөмбөг шидэж, мөрөөдөл хөөж эхлэв. Энэ үе бол монголын 3х3 сагсан бөмбөгийн жинхэнэ эхлэл юм.

3х3 сагсан бөмбөг хэмээх нэр томъёо монголын гудамжны орчинд ам дамжин яригдаж, дэлхийн чиг хандлагыг даган орж ирсэн үе саяхан. 2010-аад оны эхээр Монголд 3х3 төрлийг илүү албан ёсоор сурталчилж, тэмцээн уралдаан зохиож эхэлсэн. 2017 онд Монголын 3х3 сагсан бөмбөг жинхэнэ мэргэжлийн талбайд тоголж, Азийн аваргын алтан медалийг хүртсэн юм. “Ulaanbaatar MMC Energy” баг дэлхийн цуврал тэмцээнүүдэд оролцож, 2019 онд "FIBA 3x3 World Tour"-ийн шилдэг найман багийн нэг болов. Эндээс л дэлхий Монголын багийг биширч, “энэ бол аз биш, энэ бол ур чадвар” гэж хүлээн зөвшөөрч эхэлсэн юм.

Өнөөдөр Монгол Улсын 3х3 сагсан бөмбөг бол спортын шинэ бахархал, залуусын хүсэл мөрөөдлийн билэг тэмдэг болсон. Тиймдээ ч энэ сар манай улсад 3х3 дэлхийн гурван том тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Олимпын оноо цуглуулах эл тэмцээнүүдэд оролцохоор баг тамирчид бэлтгэлдээ гарчээ.

Ийнхүү 3х3 сагсан бөмбөгийн тамирчин О.Энхбаатартай бэлтгэлийн дундуур цөөн хором ярилцлаа.

-Өнөөдрийн 3х3 сагсан бөмбөгийн тамирчин О.Энхбаатарын түвшинд ирэхийн тулд хэзээ эхэлж, ямар цаг үеийг туулсан бэ?

-Анх МУИС-ын шигшээд тоголж, энэ бүхэн эхэлсэн. Одоогоос 13 жилийн өмнө сагсан бөмбөгийн ертөнцөд хөл тавьж байжээ. Их сургуулиа төгсөөд ажлын байран дээр гарч ажлынхаа хажуугаар сонирхлоороо сагсаар хичээллэдэг байсан. Харин яван явсаар ажлаасаа гарч энэ л зүйлдээ өөрийнхөө хүчийг зориулах ёстой гэж бодож, одоо бүх зүйлээ сагсанд зориулж байна. Илүү мэргэжлийн тамирчин болохын тулд.

-Сагсан бөмбөгийн 5х5 болон 3х3 төрлийн ялгааг та тайлбарлавал?

-Сагсан бөмбөгийн 3х3 төрөл нь тал талбай дээр тоглодог. Хамгийн их ачаалалтай тоглолт болж өнгөрдөг. Хамгаалсан бол буцаад хурдтай довтолгоондоо орох шаардлагатай болдог. Довтолгооны 12 секундтэй, самбараас аваад гурваас заавал тоглолтоо эхлүүлнэ. 3х3 нь хүнээс олон чадвар шаарддаг. Харин 5х5 төрөлд холбогч бол холбогчоо, хамгаалагч бол хамгаалагчаа л хийдэг. Харин 3х3-т холбогч, хамгаалагч, төв гээд бүх л байрлал дээр тоглодог.

-Сагсан бөмбөг багийн спорт. Хувь хүний спортоос ялгарах олон зүйл байдаг уу?

-Хувь хүний спортод нэг хүн нэг хүнтэйгээ өрсөлдөж ялалт, ялагдлаа хүлээдэг. Харин багийн спортын амжилт хэзээ ч нэг хүнээс шалтгаалдаггүй. Багийн бүх тоглогч бие биеэ сайн мэдэрч байж л тоглодог. Ялагдал эсрэг багт биш баг хамт олны ойлголцлоос шалтгаалдаг. Олон хүн нэг хүн шиг сэтгэж, нэг багц болж тухайн спортын талбай дээр амжилттай байна гэдгээрээ л өөр гэсэн үг.

-Танд шантрах үе тохиолддог байх. Энэ үед өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ?

-Шантрах үе гардаг. Наад зах нь тэмцээн уралдаан дөхсөн үед өдрийн гурван удаа бэлтгэл хийнэ гэдэг хүнд шүү дээ. Энэ үед хүн болгон л шантардаг байх. Өглөө босоод цайгаа уучихаад уул руу гүйлтэд гарна. Хүрч ирээд нэг цаг амраад өдөр, оройн бэлтгэл. Бэлтгэлийн дундах амралтын үеэр дэрэн дээр толгойгоо тавиад нүдээ аних үед олон зүйл бодогддог. Үнэхээр их ядарч байгаагаа мэдэрч болимоор санагдах үе гарна. Энэ үед “Бусад хүн надтай адил ядарч байгаа. Тиймээс хичээх хэрэгтэй. Дуртай спортдоо амжилт үзүүлж, баг хамт олныхоо хичээл зүтгэлийн нэгээхэн хэсэг болж яваа надад шантрах эрх байхгүй. Чи хичээх ёстой” гээд л өөртэйгөө ярина. Ер нь тамирчин хүн өөртэйгөө их ярьдаг.

-Энэ их хичээл зүтгэлийн үр дүнг талбай дээр амжилттай гаргах чухал биз?

-Маш өндөр бэлтгэлийг даагаад гарчихсан хүн талбай дээр өөр тоглолтыг үзүүлдэг. Сэтгэл зүй ч их сайн бэлтгэгдсэн байдаг. Өөртөө итгэлтэй, арга техник, ур чадвартай болдог.

-Тоглолтын үед ямар зүйл хамгийн сайхан санагддаг вэ?

-Шидээд оруулах, амжилттай хамгаалах, төвд сайн тоглох гээд амжилттай болсон тохиолдолд хожих итгэл нэмэгдэж, багийнхаа болон өөрийн тоглолтыг мэдэрч эхлэх нь сайхан санагддаг. Гол нь ямар тоглолтоос, яаж үйлдэгдэж байгаагаас шалтгаалдаг. 

-Энэ сард зохион байгуулагдах дэлхийн томоохон тэмцээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

-Зургаадугаар сарын 18-19-нд Дэлхийн эмэгтэйчүүдийн цуврал “FIBA 3x3 Women’s Series Ulaanbaatar 2025” тэмцээн, 20-21-нд эрэгтэйчүүдийн Дэлхийн Их Дуулга “FIBA 3x3 Ulaanbaatar World Tour” тэмцээн, мөн 23-29-нд 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.

-Бид өмнө нь олимпын эрхийг атгаад, алдаж байсан. Энэ жилээс оноо цуглуулах тэмцээнүүдийг ч эх орондоо зохиох нь ээ.

-Тийм шүү. 2020 оны Токиогийн олимпийн эрхээс шүүрээд л алдсан. Бидэнд трм сургамж л болсон. Тиймээс л одоо бүх цагаа энэ спортод зориулж, тамирчин хүний мөрөөдөл болсон хүн төрөлхтний эв найрамдлын наадамд хөл тавихын тулд бэлтгэж байна. Хүн ер нь хүрэх цэгээ олчихсон байхад, түүн рүүгээ л зүтгэнэ.

-Тэгэхээр талбайн эзэн баг болох нэлээн давуу талтай байх. Сэтгэлзүйд хэр нөлөөтэй вэ?

-Тэгэлгүй яах вэ. Сэтгэлзүйн хувьд бүх зүйлээрээ илүү байна гэсэн үг. Нөгөө талдаа монголынхоо нэрийг хамгаалах ёстой болж байна шүү дээ. Тэгэхээр асар их хариуцлага бидэнд ирж байна. Хөгжөөн дэмжигчдийн уухайн дунд илүү өөртөө итгэлтэй болдог. Тиймээс талбай дээр зохиогдох тэмцээнүүдийг ирж, үзээрэй, дэмжээрэй.

-Манай улсын 3х3 төрлийн сагсны хөгжил ямар шатандаа байгаа вэ?

-Асар хурдацтай хөгжиж байгаа. Хөгжих хөгжихдөө азидаа, цаашлаад дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байна. Бид ч илүү мэргэжлийн түвшинд очиж, түүнийгээ сайжруулахын тулд бэлтгэгдэж байна. Ерөнхийдөө маш хурдан, сайн, давуу тал ихтэйгээр хөгжиж байна.

-Энэ онд Азийн аваргад оролцоогүй. Яагаад оролцоогүй вэ?

-Магадгүй би жил болгон Азийн аваргад оролцох байх. Харин жил болгон “аав” болохгүй шүү дээ. Бүл нэмсэн. Амьдралд минь тохиох цөөн баярт мөчүүдийн нэг. Тиймээс тэмцээндээ оролцоогүй. Хэдий би тамирчин ч гэсэн хажуугаар нь амьдрах хэрэгтэй. Гэр бүлээ нэгт тавьж, сонгох үе хааяа нэг гардаг даа.

-Энэ жилийн 3х3 багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд Г.Болор-Эрдэнэ, Г.Дөлгөөн гээд хоёр залуу тамирчин дуудагдсан байна тийм үү?

-Тийм ээ. Манай дүү нар. Бид эртнээс дүү нартаа халаагаа бэлдэж, өгөх хэрэгтэй. Манай хоёр хоорондоо ч сайн найзууд, их сайн ч дүү нар. Харилцаа үүсгэхэд хялбар учраас дүү нартайгаа хамт байх их гоё. Одоо удахгүй аль нэгийг нь сонгоод авч явна. Сагсан бөмбөг ийм л спорт. Нэгийг нь сонголоо гээд, оодрохгүй. Нөгөөх нь үлдлээ гээд гомдохгүй. Ер нь хатуужил суучихсан байдаг.

-Олон хүүхдүүд “Кадра” ах шиг болно гэж ярьдаг. Та тэдэнд хандаж үг хэлбэл?

-Тууштай байх. Тууштай байх нь бүхий л зүйлийн үндэс. Тууштай байснаараа хүлээцтэй болно, тэвчээртэй болно, сахилга баттай болно. Ерөөсөө л ийм. Тэгэхээр эхэлсэн л бол тууштай байх хэрэгтэй. Шантрах үе байгаа ч анх эхэлсэн үеэ бодож, ирээдүйн өөрийгөө харах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button