БНХАУ-ын үйлдвэрийн гарц удааширсан ч жижиглэнгийн худалдаа өсөв

БНХАУ-ын үйлдвэрийн гарцын өсөлт тавдугаар сард сүүлийн зургаан сарын хамгийн доод түвшинд хүрч удааширсан байна. Харин жижиглэн худалдаа эсрэгээрээ өсөлттэй гарсан нь АНУ-тай худалдааны дайн хийж, түр хугацаанд эвлэрэл зарлаад буй нөхцөлд Хятадын эдийн засагт амсхийх зай гаргаж өглөө.
Энэ хоёрдмол үзүүлэлт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татварын дарамт, үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал зэргээс шалтгаалж Хятадын эдийн засаг хэцүүхэн нөхцөлд байгааг харуулж буй. БНХАУ-д орон сууцны үнийн уналт зогсох ямар нэгэн шинж тэмдэг алга. Тус улсын ДНБ-ий томоохон хувийг үл хөдлөхийн салбар үүсгэдэг.
БНХАУ-ын Үндэсний статистикийн газраас мэдээлснээр үйлдвэрийн гарц өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 5.8 хувиар өссөн нь дөрөвдүгээр сарын 6.1 хувиас буурсан үзүүлэлт байв. “Reuters” агентлагийн эдийн засагчдаас санал асуулга явуулж үйлдвэрийн гарц 5.9 хувийн өсөлттэй байна гэж таамагласнаас мөн доогуур үр дүн гарав. Энэ нь 2023 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн бага өсөлт юм.
Харин жижиглэн худалдаа 6.4 хувиар өсөж, дөрөвдүгээр сарын 5.1 хувийн өсөлтөөс илүү үр дүн үзүүлжээ. Мөн 5 хувийн өсөлттэй байна гэсэн таамгаас давж гарсан байна. Энэ нь 2023 оны арванхоёрдугаар сараас хойших хамгийн өндөр өсөлт болов.
Гэсэн хэдий ч эдгээр тоон үзүүлэлт нь хөрөнгө оруулагчид болон шинжээчдэд сул байгаа эдийн засгийн өсөлт сэргэнэ гэх итгэл төрүүлж чадсангүй. Дотоодын томоохон компаниудын индекс даваа гарагт /2025.06.15/ богино хугацаанд өсөөд дараа нь эргэн унасан юм.
“Capital Economics” компанийн Хятадын эдийн засаг судлаач Зичүн Хуанг "Гаалийн татвар өндөр хэвээр байгаа. Төсвөөс үзүүлэх дэмжлэг буурч, бүтцийн хүндрэлүүд үргэлжилж байгаагаас үзэхэд эдийн засгийн өсөлт энэ жил цаашид ч удаашрах төлөвтэй" гэж хэлжээ.
Энэ сарын эхээр нийтлэгдсэн өөр тоо баримт БНХАУ-ын экспорт тавдугаар сард 4.8 хувиар өссөн ч АНУ руу гаргасан экспорт 34.5 хувиар буурсныг харуулсан. Энэ нь 2020 оны хоёрдугаар сараас хойших хамгийн огцом уналт болсон юм.Мөн өнгөрсөн сард Хятадын дефляц улам гүнзгийрсэн байна.
Жижиглэн худалдааны өсөлтөд Хөдөлмөрийн баярын амралтын өдрүүдийн, засгийн газрын хуучин барааг шинээр солих хөнгөлөлттэй хөтөлбөрүүд нөлөөлсөн. Мөн энэ жил “618” хэмээх онлайн дэлгүүрийн баяр илүү урт үргэлжилсэн нь хэрэглээг өсгөхөд тусалжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.