Европ 2027 оны сүүл гэхэд ОХУ-аас хий худалдаж авахаа зогсоохоор бэлтгэж байна

Европын Комисс мягмар гарагт /2025.06.17/ ОХУ-аас байгалийн хий, шингэрүүлсэн хийн (LNG) импортлохоо 2027 оны эцэс гэхэд бүрмөсөн зогсоох санал дэвшүүлэв. Энэхүү төлөвлөгөөг Унгар, Словак хориг тавьж зогсоох боломжгүй болгохын тулд хууль эрхзүйн арга хэмжээ авна.
Европын орнууд олон арван жилийн турш ОХУ-аас эрчим хүч импортолж ирсэн. 2022 онд Орос Украин руу цэргээ оруулж бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойш энэхүү эрчим хүчний харилцаагаа төгсгөхөө Европын холбоо амласан юм. Мягмар гарагт /2025.06.17/ санаачилсан төлөвлөгөө нь уг амлалтыг хуульчлах зорилготой.
“Reuters” агентлагийн олж авсан Европын комиссын дотоод бичиг баримтад 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ОХУ-аас хоолойгоор болон шингэрүүлсэн байдлаар байгалийн хий оруулж ирэхийг хориглохоор тусгажээ. Гэхдээ зарим нөхцөлт энэ өөрчлөлтийг хийх илүү урт шилжилтийн гаргаж өгөх аж.
2025 оны зургаадугаар сарын 17-ноос ОХУ-тай байгалийн хий худалдаж авах богино хугацааны гэрээ хийсэн бол бол нэг жилийн шилжилтийн хугацаа олгоно. Өөрөөр хэлбэл 2026 оны зургаадугаар сарын 17 гэхэд байгалийн хий худалдаж авахаа зогсоох ёстой.
Харин одоо хүчин төгөлдөр байгаа урт хугацааны Оросын хий нийлүүлэх гэрээнүүдийг 2028 оны 1-р сарын 1-нээс эхлэн хориглох тул энэ өдрөөс хойш Европ Оросын хийг ашиглахгүй болно гэсэн үг.
Одоогоор Францын “TotalEnergies” болон Испанийн “Naturgy” зэрэг компаниуд 2030-аад он хүртэл хүчинтэй Оросоос шингэрүүлсэн байгалийн хий худалдаж авах гэрээтэй байгаа.
Тус төлөвлөгөөний дагуу Европын холбооны шингэрүүлсэн байгалийн хийн терминалууд ОХУ-ын хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэхээ аажмаар зогсооно. Мөн ОХУ-аас хий импортолдог компаниуд гэрээнийхээ талаарх мэдээллийг Европ болон холбооны гишүүн орны эрх баригчдад заавал мэдэгдэх ёстой.
Гэхдээ төлөвлөгөө эцэслэн батлагдахаас өмнө өөрчлөгдөх боломжтой. Европын холбооны эрчим хүчний асуудал хариуцсан комиссар Дэн Йоргенсен даваа гарагт /2025.06.16/ хэлэхдээ “Энэ нь бол хориглож буй явдал тул компаниуд гэрээгээ зөрчлөө гэж шүүхэд дуудагдахгүй. Гэнэтийн, хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдол гэж үзнэ” хэмээжээ.

Хориг тавих боломжгүй
ОХУ-аас байгалийн хийг одоо ч гэсэн хоолойгоор авч буй Унгар, Словак хоёр улс Москватай ойр харилцаатай. Тэр харилцаагаа хадгалахыг эрмэлзэж байгаа. Оросын байгалийн хийг орлох эх үүсвэрт шилжих нь эрчим хүчний үнийг өсгөнө гэж Унгар, Словак үздэг. Тиймээс тэд ОХУ-д хориг арга хэмжээ тавихыг эсэргүүцсээр ирсэн. Европын холбоо нэг гишүүн улс эсэргүүцвэл л хоригийг баталдаггүй дүрэмтэй. Энэ хууль дүрмийг Унгар, Словак ашиглаж байсан юм.
Харин энэ удаа Европын Комисс хоригийг батлахдаа бүх гишүүн орнуудын санал нэг байх шаардлагагүй, олонхын саналтайгаар батлах боломжтой хуулийн үндэслэлийг ашиглахаар төлөвлөж байгаа гэж Европын холбооны албаныхан хэлжээ.
Ихэнх гишүүн улс хоригийг дэмжиж байгаа ч зарим импортлогч орнууд гэрээг зөрчсөнөөр компаниудад торгууль ногдох, олон улсын арбитрт дуудагдах эрсдэл бий гэж болгоомжилж байна.
Одоогийн байдлаар Европын хэрэглэж буй байгалийн хийн 19 орчим хувь нь ОХУ-аас ирдэг. Энэ нь 2022 оноос өмнө байсан 45 хувиас ихээхэн буурсан үзүүлэлт юм. Оросоос шингэрүүлсэн байгалийн хий одоо ч гэсэн импортолдог орнуудад Бельги, Франц, Нидерланд, Испани зэрэг улсууд багтаж буй.
Францын аж үйлдвэрийн сайд Марк Ферраччи даваа гарагт /2025.06.16/ хэлэхдээ “Бид энэ төлөвлөгөөг зарчмын хувьд бүрэн дэмжиж байна. Гэхдээ бизнес эрхлэгчдэд хамгийн аюулгүй, оновчтой хувилбаруудыг олох нь чухал” гэжээ.
Цагаан ордонд Доналд Трамп ирснээс хойш Вашингтоны Украины дайны бодлого эрс өөрчлөгдсөн. АНУ, Украин, Европын холбоо ямар нэгэн болзолгүйгээр дайнд 30 хоног гал зогсоох хүсэлтэй байгаа. Гэвч саналыг нь Москва хүлээн аваагүй тул Европын холбоо Кремльд нэмж хориг тавьсан. Өмнө нь барууны орнууд нэгдмэл байдлаар хоригоо зарладаг байсан бол энэ удаад Европын холбоо Вашингтоныг хүлээлгүйгээр хориг ногдуулсан.
Шинэхэн хориг нь Москва өмнөх хоригуудаас бултахдаа ашигладаг “сүүдэр” дэх газрын тос тээвэрлэгч онгоц болон санхүүгийн фирмүүдийг онилох юм. Трамп Москвад шинэ хориг тавихаас цааргалж буй. Яагаад хориг тавихгүй байгаа гэх асуултад Трамп “Яагаад гэвэл ямар нэгэн зүйл хийх боломж байгаа гэж бодож байгаа болохоор. Хэрвээ хориг тавивал нөхцөл байдлыг улам дордуулна. Гэхдээ нэмж хориг тавих боломжтой үе гарч болно” гэж хариулсан.
ОХУ-д хориг тавихыг барууны орнуудаас гадна АНУ-ын хууль тогтоогчид дэмжиж буй. Тухайлбал АНУ-ын Конгрессын дээд танхим буюу сенат Москвагийн эсрэг шинээр тавих хоригийг баталсан байгаа. Одоо Трамп гарын үсэг зурвал баталгаажна. Шинжээчид Трамп ийнхүү цаг алдаж байгаа нь Путиний хувьд ашигтай байх болно гэж үзэж буй.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.