Гадаад мэдээДЭЛХИЙ

Өөрийгөө энхтайвныг дэмжигч гэдэг Трамп Израил Иранд цохилт өгч буйг хүлээн зөвшөөрч байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийгөө энхтайвныг дэмжигч гэж олон жил ярьсаар ирсэн. Трамп Ойрх дорнодын асуудлаарх тусгай элч Стив Уиткоффыг бүс нутаг руу хэд хэдэн удаа илгээж, дипломат тохиролцоонд хүрэхийг оролдцсон. Гэвч нөгөө талдаа Израил Ираны цөмийн байгууламжид цохилт өгөх үед нь дэмжлэг үзүүл гэж улс төрийн холбоотнууд нь Трампыг шахаж буй.

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Ираны эсрэг хатуу байр суурьтай Америк албан тушаалтнууд Трампыг сэнхрүүлж, цохилт өгөх зөвшөөрөл бүрэн чадсан эсэх нь тодорхойгүй. Гэхдээ довтолгооноос өмнөх өдрүүдэд Трамп ядаж л цохилтыг эсэргүүцэхгүй болсон нь ойлгомжтой байсан гэж Америк болон Израилын эх сурвалж хэлжээ.

АНУ-ын хоёр эх сурвалж хэлснээр тагнуулууд нь Израил ганцаараа цохилт өгөх магадлал өндөртэйг илрүүлсэн байна. Трамп цохилтыг хойшлуулах хүсэлтэйгээ илэрхийлсэн байсан ч гэсэн Израил цохилтоо өгөхөөр төлөвлөж байсан гэж тэд хэлжээ. Энэ байр суурь нь Израилд цохилт өгөх шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж тухайн нөхцөл байдлыг сайн мэдэх хүмүүс хэлсэн байна.

Израил-Ираны мөргөлдөөн эхлээд долоо гаруй хоног өнгөрөхөд Трамп томоохон сонголт тулгараад байна гэж Ойрх Дорнодын бодлогын чиглэлээр зургаан өөр төрийн нарийн бичгийн даргад зөвлөж байсан Аарон Дэвид Миллер хэлжээ.

Түүний хэлснээр бол:

  1. Ирантай дахин дипломат хэлэлцээ хийхийг оролдох
  2. Израил, Ираныг өөрсдөө учраа олог хэмээн орхих
  3. АНУ мөргөлдөөнд оролцож, Ираны газар доорх Фордов байгууламж руу агаарын цохилт өгөх гэсэн гурван шийдвэр байгаа юм.

АНУ мөргөлдөөнд оролцох нь ихээхэн эрсдэлтэй алхам. Гэхдээ Израил Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд АНУ-ын нисэх хүчний B2 нэртэй бөмбөгдөгч онгоц зайлшгүй хэрэгтэй. Тус онгоцгүйгээр Иран газрын гүнд барьсан лабораториудад Израил цохилт өгч чадахгүй юм.

Зургийн эх сурвалж: Bloomberg

Карнегигийн энхтайвны Сангийн бодлогын ахлах судлаачаар одоо ажиллаж буй Миллер "Трамп довтолгоог зүгээр хараад л өнгөрсөн. Одоо тэр барын нуруун дээр суусан, буух аргагүй болсон" гэж хэлжээ.

Цагаан ордон пүрэв гарагт /2025.06.20/ мэдэгдэл хийхдээ, АНУ энэ мөргөлдөөнд оролцох эсэх талаар Трамп хоёр долоо хоногийн дотор шийдвэр гаргана хэмээсэн юм.

Израил Иранд цохилт өгсөн шалтгаан нь цөмийн хөтөлбөрийг нь зогсоон билээ. Техран цөмийн хөтөлбөр нь энхийн зорилготой гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн ч Вашингтон үүнийг нь үгүйсгэж буй. Мөн Олон улсын цөмийн энергийн агентлаг Техран ураныг цөмийн зэвсэгт ашиглах түвшинд ойртуулж баяжуулж байгаа гэж мэдэгдсэн.

Трамп Израилын цохилтыг дэмжиж магадгүй гэсэн анхны дохио нь дөрөвдүгээр сард үзэгдсэн. Дөрөвдүгээр сарын 17-нд болсон хаалттай уулзалтын үеэр Саудын Арабын Батлан хамгаалахын сайд Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкианд хэлэхдээ “Трампын хэлэлцээр хийх саналыг нухацтай авч үз. Энэ нь Израилтай дайтахаас зайлсхийх боломж” гэж хэлжээ.

Цохилтоос өмнө Израилын Батлан хамгаалах хүчнийхэн болон АНУ-ын Төв командлалын дарга генерал Эрик Курилла нар Ирантай холбоотой тагнуулын мэдээлэл хэлэлцэж байсан аж. Үүнд Ираны пуужингийн нөөц, цөмийн хөтөлбөр, мөн дайны үед АНУ-ын цэргүүд болон Израилыг хамгаалахад шаардагдах алхмуудын багтсан гэж Америк, Израилын эх сурвалж “Reuters” агентлагт хэлсэн юм.

Үүний зэрэгцээ Израил Ирантай агаарын дайн хийхэд хэрэг болох зэвсгийг АНУ нийлүүлж байжээ. Тухайлбал АНУ тавдугаар сарын эхээр Украинд хүргэх байсан пуужингаас хамгаалах зэвсгийг Израил руу илгээсэн гэж барууны болон Украины эх сурвалжууд мэдээлсэн. Энэ явдал нь дайнд шаардлагатай зэвсгүүд өөр тал руу илгээгдэж магадгүй гэсэн Киевийн айдсыг үүсгэжээ.

Трампын анх ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Израил Иранд цохилт өгч болох хэд хэдэн төлөвлөгөөг АНУ-д санал болгож байсан. Тухайн үед Трамп энэхүү саналуудыг хүлээн аваагүй, дипломат аргаар асуудлыг шийдэхийг илүүд үзсэн. Гэхдээ эх сурвалжуудын хэлснээр, Трамп Иранд цэргийн хүч хэрэглэхийг бүрэн эсэргүүцээгүй, зүгээр л тухайн үед цохилт өгөх нь тохиромгүй гэж үзсэн аж.

Эхний удаа ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Трамп гадаад бодлогын хувьд харьцангуй болгоомжтой алхмууд хийж байсан. Гэхдээ тэр 2020 онд Ираны Хувьсгалт гвардын удирдагч, хошууч генерал Касем Сулейманийг дроноор хөнөөх тушаалыг гаргасан.  Хариуд нь Ираны Засгийн газар Трампыг хөнөөх төлөвлөгөө боловсруулсан гэж АНУ-ын прокурорууд үздэг боловч Техран үүнийг үгүйсгэдэг.

Трампын хувьд Ираны асуудал дээр ерөнхийлөгч болохоосоо ч өмнө хоёр талын дарамтад орж байв. “Америкийг дахин агуу болгоё” гэх уриа дор нэгдсэн хэсэг дэмжигчид нь АНУ-ын гадаадад хийсэн дайныг олон мянган америк иргэний амийг авч одсон хэр нь улсын ашиг сонирхлыг гүйцэтгээгүй гэж үздэг. Харин нөгөө хэсэг дэмжигчид нь Ираны цөмийн зэвсгийг Америкийн оршин тогтнолд заналхийлэх, ямар ч үнээр хамаагүй устгах ёстой гэж шахалт үзүүлсээр ирсэн юм.

Нэгдүгээр сард Трамп ажлаа хүлээн авахдаа энх тайвныг дэлгэрүүлэгч, нэгтгэгч гэдгээрээ хүмүүст дурсагдах зорилготой гэсэн. Гэвч тэр Израил, Ираны мөргөлдөөн дээр хийсэн алхам хэлсэн үгээс нь зөрөв.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 21, 2025 12:21

Бузрын жүүдүүд

Зочин
Зочин
6 сар 21, 2025 15:36
Reply to  Зочин

Хорлон сүйтгэгч Иран болоод �##�ан хядагчид л жинхэнэ бузрууддаа тэнэг ээ!!

Холбоотой мэдээ

Back to top button