Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын холбоо Хятад компаниудыг ихэнх эмнэлгийн хэрэгслийн тендерт оролцохыг хориглов

Европын Холбоо Хятадын компаниудын жилд эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдан авалтын зарим тендерт оролцохыг хориглохоор боллоо. Тодруулбал засгийн газрын зарласан, 5 сая еврогоос дээш үнэтэй тендерт Хятад компаниудыг оролцохоос хоригложээ. Европын компаниуд Хятадын зах зээлд шударга боломж олгогддоггүй гэж дүгнэсэн тул ийм шийдвэр гаргасан байна.

Европын Комисс энэ талаар баасан гарагт /2025.06.19/ зарлажээ. Энэ нь 2022 онд хэрэгжиж эхэлсэн “Олон улсын худалдан авалтын хэрэгсэл” хэмээх шинэ журмын хүрээнд гаргаж буй анхны арга хэмжээ юм. Тус журам нь Европын компаниуд гадаад зах зээлд ижил тэгш оролцох боломж үүсгэх зорилготой.

Энэ алхам нь сүүлийн үед улам хурцдаад буй Европын холбоо,БНХАУ-ын харилцааг даамжруулах төлөвтэй байна. Европ Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан машинд татвар тавьсан бол, БНХАУ Европын холбооноос орж ирдэг согтууруулах ундаанд хязгаарлалт тавьсан. Европын холбоо эдгээр асуудлыг долоодугаар сард болох дээд хэмжээний уулзалтаар шийдэхийг хэлэлцэх хүсэлтэй байгаа.

Европын холбооны нэгэн албан тушаалтан хэлэхдээ, “Medtech Europe”-ийн тооцоогоор 2023 онд тус тивийн эмнэлгийн технологийн зах зээл нийт 150 тэрбум еврогийн үнэлгээ хүрсэн аж. Үүний 70 хувийг засгийн газрын худалдан авалт бүрдүүлсэн байна. Гэхдээ 5 сая еврогоос дээш үнэтэй тендерүүд нийт тендерийн ердөө дөрвөн хувийг эзэлдэг ч, үнийн дүнгээрээ 60 хувьд бүрдүүлдэг байна.

Ийм өндөр үнийн тендерт оролцох компаниудын бүтээгдэхүүний 50 хувиас илүүг Хятадаас нийлүүлээгүй байх юм. Харин өөр ханган нийлүүлэгч байхгүй нөхцөлд энэ хориг үйлчлэхгүй. Европын холбооны гишүүд энэ алхыг зургаадугаар сарын эхээр дэмжсэн юм.

Европын Комисс өмнө нь мэдэгдэхдээ, Хятад эмнэлгийн тоног төхөөрөмжийг худалдан авахдаа дотоодын компаниудаа давуу эрх олгодог гэж байсан. Мөн тендертээ хэт хямд үнэ шаарддаг нь ашиг орлогоо боддог олон улсын компаниудын хувьд өрсөлдөх боломжгүй орчим үүсгэсэн хэмээжээ.

БНХАУ-ын Худалдааны яам энэ алхмыг өмнө нь дотоодын компаниудаа хамгаалах протекшионист үйлдэл гэсэн юм. Мөн Европын холбоог шударга, ил тод байхыг уриалж, асуудлыг хамтын ажиллагаа, яриа хэлэлцээгээр шийдэх хэрэгтэй гэж мэдэгдэж байв.

Европын комисс нөхцөл байдлыг сайжруулах тал дээр Хятадаас дорвитой санал ирээгүй гэжээ. Гэсэн ч хэлэлцэх боломж нээлттэй хэвээр гэдгийг онцолсон юм..

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button