Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт өнгөрсөн онд рекорд их хэмжээнд хүрчээ

“Energy Institute” дэлхийн эрчим хүчний өнгөрсөн жилийн тайланг гаргасан байна. Өнгөрсөн онд эрчим хүчний салбарын ялгаруулсан нүүрсхүчлийн хийн хэмжээ түүхэн дээд түвшинд хүрсэн юм. Ингэснээр сүүлийн дөрвөн жил нүүрсхүчлийн хийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрэв. Энэ нь сэргээгдэх эрчим хүч түүхэн дээд түвшинд хүрсэн ч, газрын тос, нүүрс зэрэг ашигт малтмал түлшний хэрэглээ нэмэгдсээр байгаатай холбоотой юм.
Дэлхийн эдийн засгийг чулуужмал түлшнээс аажмаар салгах нь хүнд сорилт хэвээр байна гэдгийг тус тайлан онцолжээ. Ялангуяа Украины дайн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийг өөрчилж, Ойрх дорнодын зөрчил мөргөлдөөн нийлүүлэлтийн аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэл үүсгээд буй нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа аж.
2023 он хүн төрөлхтөн агаарын температур бүртгэж эхэлснээс хойших хамгийн халуун жил болсон. Тэр жил агаарын дундаж температур аж үйлдвэрийн хувьсгалын өмнөх үеэс цельсийн 1.5 хэмээс давсан анхны жил болсон юм.
2024 онд дэлхийн нийт эрчим хүчний нийлүүлэлт 2 хувиар өссөн байна. Газрын тос, байгалийн хий, нүүрс, атомын эрчим хүч, усан цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүч зэрэг бүх эх үүсвэрүүд өсөлттэй гарчээ. Иймэрхүү бүх төрлийн эрчим хүч нэгэн зэрэг өссөн тохиолдол хамгийн сүүлд 2006 онд гарч байсан аж.
Ийнхүү эрчим хүчний нийлүүлэлт өссөнөөр 2024 онд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг ойролцоогоор 1 хувиар ихэсгэжээ. Тодруулбал 2024 онд хүн төрөлхтөн 40.8 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан байна.
Чулуужмал түлшний дотроос байгалийн хийн нийлүүлэлт хамгийн их өсөлт үзүүлж, 2.5 хувиар нэмэгджээ. Харин нүүрсний хэрэглээ 1.2 хувиар өсөж, дэлхийд хамгийн их ашиглагдаж буй энергийн эх үүсвэр гэх статусаа хадгалсан хэвээр байна. Харин газрын тосны нийлүүлэлтийн өсөлт 1 хувиас доогуур байжээ.
Сэргээгдэх эрчим хүч болох нар, салхины хэрэглээ 2024 онд 16 хувиар өссөн аж. Энэ нь эрчим хүчний нийт эрэлтээс 9 дахин хурдан өсөлт юм. Тайланг хамтран бичсэн "Kearney" зөвлөх компанийн ажилтан Ромэн Дебарре "Өнгөрсөн жил дэлхийн эрчим хүчний хувьд геополитикийн хурцадмал байдал ихэссэн онцгой жил боллоо" гэжээ.
Харин "KPMG" компанийн зөвлөх Вафа Жафри "COP28 чуулган сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг 2030 он гэхэд гурав дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Гэвч бодит ахиц жигд бус байна. Сэргээгдэх эрчим хүч дэлхийн хэмжээнд эрчимтэй өсөж байгаа ч шаардлагатай түвшинд хүрэхгүй байна" гэж хэлсэн юм.
COP28 нь 2023 онд Дубайд болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн чуулган. Тус чуулганаар улс орнууд эрчим хүчний салбарт чулуужмал түлшнээс аажмаар татгалзаж, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэглэх зорилготой гэрээнд гарын үсэг зурсан билээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.