Наадмын нээлтэд The Mongolz, Mаgnet Brain, 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийнхан оролцоно

Энэ жилээс эхлэн улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулдаг болно.
Монгол Улсын Шадар Сайд, Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан өнөөдөр Шатар, Жүдо, Бүжгийн спорт, Паралимп, Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам, Зүүн Азийн бүсийн тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн нэр бүхий тамирчид, уран бүтээлчид, хөгжөөн дэмжигчдэдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна.
Манай Улсын шилдэг залуус Улс орныхоо нэрийг 2025 онд олон улсын тавцанд спорт, соёл урлаг, шинжлэх ухааны олон салбарт бахархалтайгаар дуурсгаж өндөр амжилт үзүүлж байна.
- The Mongolz цахим спортын баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, дэд байр эзэлсэн.
- Монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.
- И.Цэлмүүн охин шатрын өсвөрийн дэлхийн тэмцээнээс Монгол Улсын анхны медалийг эх орондоо авч ирсэн.
- Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд холимог төрөл багаараа хүрэл медаль авсан.
- Х.Тэргэл хүү дартсын өсвөр үеийн “ADVANCED TOUR-2025” тэмцээнд тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг тэргүүлсэн.
- Г.Хүслэн охин дэлхийн математикийн тэмцээнд түрүүлж, Монголын нэрийг өндөрт өргөлөө.
- ALPHA GAMING баг PUBG MOBILE-ийн Азийн аваргаа баталж, дахин аваргаар тодорсон.
- Т.Элбэгжаргал хүү 25 гаруй орны 500 хүүхдийн дундаас 1-р байр эзэлсэн.
- Э.Аялгуу охин ой тогтоолтын дэлхийн аваргаас тав дахь “Алтан цом”-оо хүртсэн.
- “Монте Карло-47” циркийн наадамд Монголын уран бүтээлчид онцгой амжилт үзүүлсэн.
- Ардын жүжигчин Э.Амартүвшин “Дэлхийн шилдэг баритон” дуучнаар шалгарсан.
- Залуу уран бүтээлч MAGNET BRAIN “Berlin Music Video Awards”-аас “Шилдэг дуу” шагнал хүртсэн.
- Г.Гансүлд “Città di Barletta” хөгжмийн олон улсын уралдаанаас тэргүүн цом хүртсэн.
- Бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол тамирчид гурван алтан медаль хүртсэн.
Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид олон улсын тавцанд амжилттай тоглож байгаа гээд амжилтын буухиа тасралтгүй үргэлжилж байгаа билээ.
Эдгээр бахархалт амжилтууд нь монголчуудын ой тогтоолт, оюуны хурд, төвлөрөл, авхаалж самбаа, гоо зүй, тэсвэр тэвчээр, ур чадварыг дэлхийн түвшинд батлан харуулж байгаагийн илрэл юм.
Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан "Та бүхний амжилт бол зөвхөн хувь төдийгүй, нийт үндэстний маань нэр хүнд, итгэл үнэмшил, үнэ цэнийг дэлхий дахинд гаргасан бодит илэрхийлэл юм. Эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгасан залуусаараа бахархаж, баярлаж, омогшиж байна. Тиймээс энэ жилээс эхлэн баяр наадмын нээлтэд амжилт гаргасан тамирчдадаа албан ёсоор урьж оролцуулдаг болж байна" хэмээн онцоллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.