Нарүхито хаан гэргий Масакотой хүндэтгэлийн цайллагын үеэр танилцаж байжээ

Японы эзэн хаан Нарүхито болон түүний гэргий хатан Масако Овада нар нь 1986 оны 11-р сард Испанийн хатан хаан Эленагийн хүндэтгэлийн цайллагын үеэр танилцаж байжээ. Тухайн үед Масако Харвардад эдийн засгаар суралцаж байсан бөгөөд улсынхаа Гадаад хэргийн яаманд тэнцэж орсон гуравхан эмэгтэйн нэг байжээ.

Масако бол Японы дипломатч Хисаши Овадагийн охин бөгөөд бага насаа Москва, Бостоны хооронд өнгөрөөж Оксфордын их сургуульд ч мөн суралцсан бөгөөд түүний боловсрол мэдлэг, биеэ авч яваа байдал зэрэг нь хунтайжийн сэтгэлийг эрхгүй татсан аж. Тэдний талаар хэвлэлүүд шуугиж эхлэх үед Масако хунтайжтай хайр сэтгэлийн холбоогүй хэмээн үгүйсгэж, хэвлэлийн бага хурал хийж байсан ч удаатай юм.

Энэ бүхнийг даван туулж Нарүхито хэд хэдэн удаа Масакод гэрлэх санал тавьсан боловч Масако өөрийн дипломат карьертаа төвлөрч ажиллахыг хүссэн тул эхний саналыг даруй хүлээж авалгүй хойшлуулсаар гурав дахь саналд зөвшөөрч, сүй тавьсан бөгөөд 1993 оны 6-р сарын 9-нд Токиод албан ёсоор эхнэр нөхөр болж, хуримаа хийсэн байна.

Тухайн үед Масако 29 настай, Нарүхито 33 настай байжээ. 2019 онд Акихито хаан ширээнээс татгалзсаны дараа Нарүхито 2019 оны 5-р сарын 1-нд Японы 126 дахь эзэн хаанаар өргөмжлөгдөж байсан билээ.
Хааны гэр бүл тэдний хуримыг төдийлөн шууд хүлээн аваагүй бөгөөд нарийн ээдрээг үл огоорон хунтайж Нарүхито түүнтэй гэрлэсэн юм. Энэ гэрлэлт нь Японы түүхэнд угсаа залгамжлагчтай "жирийн айлын" охин гэрлэсэн хоёр дахь тохиолдол болсон юм.

2001 онд тэдний охин Айко гүнж мэндэлжээ. Хэдийгээр Масако хатан олны нүднээс далд байхыг илүүд үзэж ирсэн нь Нарүхитог хаан ширээнд суусны дараа олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцсоор байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.