Гадаад мэдээДЭЛХИЙ

Биткойны ханш рекорд хэмжээнд хүрч, хөрөнгө оруулагчид АНУ бодлогоор дэмжинэ гэж хүлээж байна

Биткойн энэ долоо хоногт анх удаа 120 мянган ам.доллар босгыг давж, даваа гарагт /2025.07.14/ 122 мянган ам.доллароор арилжив. “Крипто долоо хоног” гэж нэрлэгдээд буй үйл явдал АНУ-ын Конгресст явагдаж байгаа юм. Үүнээс криптовалютыг дэмжсэн бодлого гарч ирнэ гэж хөрөнгө оруулагчид найдаж буй.

Конгресс дахь Бүгд найрамдах намынхан даваа гарагт криптовалютын талаар мэтгэлцэж эхэлсэн. Үүнийг хүмүүс “крипто долоо хоног” гэж нэрлээд байгаа юм. Энэ жил гарснаас хойш Биткойны ханш 24 орчим хувиар өсжээ.

Төлөөлөгчдийн танхимд явагдаж буй мэтгэлцээний үр дүнд криптовалютын хэд хэдэн хуулийн төсөл дэмжигдэх магадлалтай. Уг хуулийн төслүүд нь криптовалютын салбар удаан хугацаанд хүсэж ирсэн улсын хэмжээний хууль зохицуулалтын тогтолцоог үүсгэж магадгүй.

Өөрийгөө “крипто ерөнхийлөгч” гэж нэрлэж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бодлого боловсруулагчдыг криптовалютын салбарт ашигтайгаар хууль, журам батлахыг уриалсан.

“IG” фирмийн зах зээлийн шинжээч Тони Сайкамор хэлэхдээ эрэлт хэрэгцээ, цаашид ханш нэмэгдэнэ гэсэн хүлээлт, Трампын дэмжлэг зэрэг нь Биткойны ханш өсөж буй шалтгаан болж байна гэжээ. Тэрбээр “Сүүлийн зургаагаас долоо хоногийн хугацаанд ханш хүчтэй нэмэгдсэн. Энэ эрч хэзээ зогсохыг таамаглахад хэцүү байна. Одоогийн байдлаар бол 125 мянган ам.долларын босгыг хялбархан давахаар харагдлаа” хэмээсэн юм.

Трамп болон түүний гэр бүл өнгөрсөн жилийн хугацаанд криптовалютын салбарт хэд хэдэн алхам хийсэн. Тэрбээр “World Liberty Financial” нэртэй крипто төсөл эхлүүлж, нэгдүгээр сард $TRUMP нэртэй криптовалютаа гаргасан.

Нэгдүгээр сард ажлаа хүлээн авснаас хойш Трампын хийсэн хэд хэдэн эмх замбараагүй алхам бусад салбарт сөргөөр нөлөөлсөн нь криптовалютын салбарт өсөлт авчирсан байна. Биткойноос гадна бусад криптовалютуудын ханш мөн өндөр хэмжээнд хүрээд буй. Тухайлбал хоёр дахь хамгийн том криптовалют болох эфир 3 мянган ам.доллар давж арилжсан нь хоёрдугаар сараас хойш үзэгдээгүй өндөр үзүүлэлт юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинз
Зочинз
7 сар 16, 2025 10:21

Нэгл өдөр ханшин унхан тодорхой

Холбоотой мэдээ

Back to top button