Тайланд, Камбож Улсын хилийн маргаан юунаас болж хурцдав

Тайланд, Камбож хоёрын олон жилийн турш үргэлжилсэн хилийн маргаан пүрэв гарагт /2025.07.24/ эрс хурцадсан. Тайланд Камбожийн цэргийн байгууламжууд руу сөнөөгч онгоцоор агаарын цохилт өгч, Камбож пуужин болон их буугаар гал нээсэн юм. Хоёр улс хилийн орчим амьдардаг 100 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа.
Уг мөргөлдөөний улмаас Тайландын талд 13 энгийн иргэн нэг цэрэг амь үрэгдсэн. Камбож харин хохирлын талаар мэдээлэл хийгээгүй байгаа юм. Талууд бие биеэ эхэлж гал нээсэн хэмээн буруутгаж буй.
Мөргөлдөөн ямар учиртай вэ?
Тайланд, Камбож хоёрын хилийн маргаан 100 гаруй жилийн өмнөөс эхтэй. Камбожийг 1953 он хүртэл Франц удирдаж байх үедээ хилийг зурсан нь маргааны эхлэл болсон.
Хамгийн сүүлийн зөрчил тавдугаар сараас эхтэй. Тухайн үед газар нутгийн эзэмшлийн маргаантай бүсэд хоёр орны цэргүүд гал нээж, нэг Камбож цэрэг амь үрэгдсэн юм. Үүний дараа хоёр тал хэд хэдэн удаа хариу арга хэмжээ авсан. Тайланд Камбож иргэдийг хилээр нэвтрэхийг хязгаарлаж, Камбож Тайландаас жимс, хүнсний ногоо импортлохыг зогсоож, Тайланд кинонуудыг хориглон, интернэтийн холбоосон хязгаарлажээ.
Лхагва гарагт /2025.07.23/ Тайландын таван цэрэг эргүүлд явах үеэрээ газрын тэсрэх бөмбөгт өртөж хүнд шархадсанаар нөхцөл байдал эрс хурцадсан. Тайландын тал энэ тэсрэх бөмбөгнүүдийг Камбож шинээр тавьсан гэж үзэж, хил залгаа хойд зүгийн боомтуудаа хааж, элчин сайдаа татан авч, Камбожийн элчнийг хөөсөн байна. Камбож үүнийг эсэргүүцэж Бангкок дахь Элчин сайдын яамнаас бүх ажилтнуудаа татжээ. Тэд газрын тэсрэх бөмбөгийг байрлуулаагүй гэж мэдэгдэж буй.
Мөргөлдөөн хоёр орны дотоодын улс төрд хэрхэн нөлөөлж болзошгүй вэ?
Камбож нь нэг намын тогтолцоотой орон. Тус улсыг Хун Сен 40 гаруй жил захирсны дараа, 2023 онд хүү Хун Манет нь төрийн эрхийг хүлээн авсан. Гэхдээ Хун Сен Сенатын танхимын даргаар ажилладаг тул түүний нөлөө нь хэвээрээ. Камбож судалдаг “International Crisis Group”-ийн шинжээч Мэтт Уилер хэлэхдээ, энэ маргаан нь Хун Манетийн байр суурийг бэхжүүлэх зорилготой үндсэрхэг үзлийг өдөөх оролдлого байж магадгүй аж. Хун Манет эцгийнхээ сүүдэр дор засагладаг, улс төрийн суурьгүй гэж Уилер хэлсэн байна.
Зарим ажиглагчид уг мөргөлдөөн нь эдийн засагт тулгараад буй асуудлаас анхаарал сарниулах зорилготой гэж үзэж байгаа юм. Камбож, Тайланд хоёрт наймдугаар сарын 1-нээс эхлэн АНУ 36 хувийн гаалийн татвар ногдуулах төлөвтэй.
Тайланд улс төрийн тогтворгүй нөхцөл байдалд байгаа. Тус улсын Ерөнхий сайд Паэтонгтарн Шинаватра огцорч, түүний нам хилийн маргааны асуудал дээр хангалттай хурдан арга хэмжээ аваагүй гэж буруутгагдаж буй.

Паэтонгтарн нь Тайландын нөлөө бүхий удирдагч асан Таксин Шинаватрагийн охин юм. Тавдугаар сараас эхэлсэн хилийн маргааны үеэр Пантонгтарн Хун Сентэй утсаар ярьж буй бичлэг алдагдсан. Үүний улмаас тэр хүчтэй шүүмжлэлд өртөж, ажлаа хүлээлгэн өгсөн. Тэрбээр Хун Сенийг "ах аа" хэмээн дуудаж, ямар нэгэн зүйл хүсвэл “би зохицуулчихъя” гэж хэлсэн аж.
Мөн тэр Хун Сентэй ярихдаа Тайландын армийн өндөр албан тушаалтныг шүүмжилсэн юм. Тайландын улс төрд зэвсэгт хүчин нь ихээхэн нөлөөтэй байдаг. Паэтонгтарн үүгээрээ улсынхаа зэвсэгт хүчнийг доромжилсон гэж шүүмжлэгдсэн юм.
Хун Сен түүний гэр бүлийн дотнын найз байсан гэгддэг. Ийм учир шүүмжлэгчид Паэтонгтарн хувь хүний харилцааг улсын эрх ашгаас дээгүүр тавьсан хэрэг гэж дүгнэсэн байна.

“ISEAS–Yusof Ishak” хүрээлэнгийн судлаач Тита Сангл хэлэхдээ “Паэтонгтарны Пхе Тай нам хэцүүхэн нөхцөл байдалд байгаа. Тэд зэвсэгт хүчнийхээ шаардлагыг дагахгүй бол өөр гарцгүй болсон” гэж хэлжээ.
Хямралыг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ?
Камбож өмнө нь энэ хилийн маргааныг Олон улсын шүүх (ICJ)-ээр шийдүүлэхийг хүссэн. Гэвч Тайланд тус шүүхийн харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй тул “ICJ”-ээр дамжуулан маргааныг шийдвэрлэх магадлал бага.
Одоогоор Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо (ASEAN)-г даргалж буй Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим хоёр тал нөхцөл байдлыг намдуулж, хүчирхийллээ зогсоохыг уриалсан юм. Гэсэн ч “ASEAN”-ийн нь гишүүн орнуудын дотоод хэрэгт оролцохгүй байх зарчимтай энхийн хэлэлцээг зуучлах боломж багатай гэж Тита Сангли үзэж байна.
Тэрбээр “Цорын ганц боломжит гаднын зуучлагч бол БНХАУ. Учир нь БНХАУ Камбож болон Тайланд дээр шууд нөлөө үзүүлэх чадвартай” гэжээ. БНХАУ-ын эдийн засгийн нөлөө хүчтэй ч Камбож талдаа Бээжин илүү ойр харилцаатай тул Бангкок болгоомжилж байгаа юм. Мөн бүс нутгийн бусад улсууд ч БНХАУ-ын давамгайлалд санаа зовж байгаа тул Бээжин зуучлагч болох нь тэдэнд таатай бус байж мэднэ.
Тайландын түр Ерөнхий сайд Пумтам Вечаячай пүрэв гарагт /2025.07.24/ мэдэгдэл хийхдээ “Ямар нэгэн дайн зарлаагүй. Мөргөлдөөн одоогоор өргөжөөгүй” хэмээж, хэлэлцээр хийхийн тулд эхлээд тулаан зогсох ёстой гэжээ.
Харин Хун Манет НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хандан хурдан шуурхай хуралдаан зарлах хүсэлт гаргаж, Тайландыг шалтгаангүйгээр цэргийн түрэмгийлэл үйлдлээ хэмээн буруутгасан байна.
Эх сурвалж: The Guardian, BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.