Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Вакцин хийлгэх нь дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүсийг ч мөн хамгаалдаг

Шинэ судалгааны загварчлал томуугийн вакцин хийлгэсэн хүмүүсийн нэмэгдсэн тохиолдолд зөвхөн вакцин хийлгэсэн хүмүүст төдийгүй вакцин хийлгээгүй хүмүүс ч халдварын эрсдэл буурдаг гэдгийг харуулжээ. Гэхдээ хамгийн өндөр хамгаалалтыг вакцин хийлгэсэн хүмүүс мэдээж авдаг аж.

Питтсбургийн их сургуулийн судлаачид АНУ-ын нэгэн бүс нутгийн 1.2 сая хүнийг хамарсан компьютерын загварчлал хийжээ. Уг симуляц нь гэр бүл, сургууль, ажлын байр, хөршийн хүрээнд томуу хэрхэн өдөр тутам тархаж байгааг загварчилсан байна.

Симуляцдаа 40 хувийн үр дүнтэй вакциныг хэрэглэжээ. Ингэхдээ эрдэмтэд нь дархлаажуулалтын түвшин болон халдвар тархалтын түвшин нь өөр өөр олон тооны томуугийн улирал үүсгэж, 40 хувийн үр дүнтэй вакцин ямар нөлөө үзүүлэхийг загварчилсан байна. Тэд томуугийн улирлын загварчлал тус бүрийг 100 удаа давтан гүйцэтгэсэн байна.

Хүн амын 51 хувь нь вакцин хийлгэхэд томуугийн нийт тохиолдол 32.9–41.5 хувиар буурч байжээ. Энэ үр дүн нь томуугийн улирлын хүнд, хөнгөнөөс хамааран ялгаатай байсан юм. Вакцин хийлгэсэн хүмүүст гол ашиг тус илэрч, вакцин хийлгээгүй хүмүүст ч тодорхой хэмжээнд үр дүнтэй байжээ.

Судлаачид “Улирлын томуугийн үед тархдаг вирустэй төстэй вирусүүдийг авч үзвэл, вакцин хийлгэх нь дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүст тодорхой хэмжээний хамгаалалт шууд бусаар өгсөн. Гэхдээ вакцин хийлгэсэн хүмүүст тогтсон хамгаалалт хавьгүй өндөр байсан” гэж эрдэм шинжилгээний ажил дээрээ бичсэн юм.

Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэснээр та өөрийгөө томуугаар өвчлөх эрсдэлээс илүү сайн хамгаалахаас гадна вакцин хийлгээгүй хүмүүсийг ч тодорхой хэмжээгээр хамгаалдаг байна.

Энэ нь эрүүл мэндийн шалтгаанаар вакцин хийлгэж чаддаггүй хүмүүсийн хувьд маш чухал юм. Зарим хүн дархлааны олдмол болон төрөлхийн дутагдалтай байдаг. Мөн эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг юм. Бусад хүмүүс вакцин хийлгэснээр тэдгээр хүмүүс халдвараас мөн тодорхой хэмжээд хамгаалагддаг гэсэн үг. Хэдий дам хамгаалалт үүсдэг ч, хурдан тархдаг вирусийн хувьд энэ нь хангалтгүй юм.

Эх сурвалж: Science Alert

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button