Путин, Трамп нар Орос-Украины дайнаас хойш анх удаа уулзаж, хэлэлцээ хийнэ

Дональд Трамп “АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд би ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай 2025 оны наймдугаар сарын 15-ны өдөр Аляска мужид уулзана" хэмээн мэдэгдсэн юм.
Европын удирдагчид Украиныг урд хүлээж буй хэлэлцээнүүдээс орхигдуулахгүй байх тал дээр хичээл зүтгэл гаргаж байх хооронд ийн Трамп, Путинтай дипломат уулзалт хийх талаараа дэлхий даяар зарлаж орхив.
Бямба гарагт Их Британид АНУ-ын Дэд ерөнхийлөгч Дэвид Вансийн зохион байгуулсан болсон уулзалтын дараа хэд хэдэн Европын орны удирдагчид, Трампын дипломат хүчин чармайлтыг дэмжиж байгаа ч аливаа энхийн яриа хэлэлцээ гал зогсоохоос өмнө эхэлж болохгүй бөгөөд Украин энэ хэлцлүүдийн нэг хэсэг байх ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Мөн, Франц, Итали, Герман, Польш, Их Британи, Европын Холбоо болон Финландын удирдагчдын гаргасан мэдэгдэлд Украинд өрнөж буй алан хядлагыг зогсоох, Оросын Холбооны Улсын түрэмгий дайныг дуусгах, мөн Украинд шударга, тогтвортой энх тайван, аюулгүй байдлыг бий болгох чиглэлд Ерөнхийлөгч Трампын хийж буй ажлыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ирэх Баасан гарагт болох Трамп, Путины Аляскийн дээд хэмжээний уулзалтад оролцох талаар дурдагдаагүй. Гэсэн хэдий ч Цагаан ордон зарим уулзалтад Зеленскийг оруулах асуудлыг няцаагаагүй талаар зарим ойрын эх сурвалж CNN-д мэдээлсэн байна. Цагаан ордны нэг төлөөлөгчийн хэлснээр, Зеленскийтэй холбоотой яриа хэлцэл, уулзалт магадгүй Трамп, Путины уулзалтын дараа болох аж.
Оросын цэргүүд 2022 онд Украин руу довтолж эхэлснээс хойш АНУ, ОХУ-ын удирдагчдын биечлэн хийж буй анхны уулзалт энэ болж буйгаараа онцлог.
Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф Оросын төрийн тэргүүнтэй уулзахаар Москвад очсоныхоо дараа Дональд Трамд, Владимир Путин нар утсаар ярьснаасаа хойш, дээд хэмжээний уулзалт хаана болох нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байсан билээ.
Уулзалтыг хийх боломжтой улсуудад Унгар, Швейцар, Итали, АНЭУ-ыг авч үзэж байсан бөгөөд Путин анх Унгарыг илүүд үзэж байсан талаар түүний ойрын эх сурвалж мэдээлсэн байна. Мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ойр дотно харилцаатайг харгалзан Италид уулзах санааг дэмжээгүй талаар хэвлэлүүдэд мэдээлсэн юм.
Энэ дээд хэмжээний уулзалт маш богино хугацаанд бэлтгэгдэж байгаа бөгөөд нарийн мэдээлэл нь хараахан тодорхой болоогүй байна. Хоёр орны төрийн тэргүүн яг хаана уулзах, хэдийд болохыг одоогоор зарлаагүй.
Цагаан ордны нэг албаны хүний хэлснээр, Трамп хоёр удирдагч оролцсон гурван талт дээд хэмжээний уулзалт хийхэд нээлттэй хэвээр байгаа ч Путины хүсэлтээр хоёр талын уулзалт, хэлэлцээ хийхээр бэлтгэж эхэлсэн гэв. Лхагва гарагт Трамп, Путинтай утсаар ярьсныхаа дараа Зеленскийтэй Европын удирдагчдын хамт гурван талт уулзалт хийх боломжийн талаар ярилцжээ. Харин Москвагийн зүгээс Путин, Зеленский нарын шууд уулзалтыг зохион байгуулахыг өнөөг хүртэл татгалзсаар ирсэн тул хоёр талт уулзалт зохион байгуулахаар ажиллаж эхэлсэн юм.
Путин сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлэхдээ, Зеленскийтэй уулзахыг эсэргүүцээгүй гэдгээ цохон тэмдэглэсэн боловч тодорхой нөхцөл болзлууд хангагдсан тохиолдолд ийм уулзалтыг хийнэ хэмээн мэдэгдсэн юм.
Трамп Баасан гарагт олон нийтийн сүлжээнд Путинтай уулзах төлөвлөгөөгөө зарласнаас хойш АНУ-ын холбоотнуудыг дэмжлэгт татан оролцуулахын тулд тал талд эрчимтэй дипломат ажиллагаа өрнөж эхлэв.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Fox News, CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.