Top StoriesДЭЛХИЙ

Путин “ялалт” байгуулж, Трамп хатуу сонголттой нүүр туллаа

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ—ын ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалт, хэлэлцээний талаар CNN-ий нийтлэлч, шинжээч Стефен Коллинсоны нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскад болсон дээд хэмжээний уулзалтаар өөрт хэрэгтэй бүхнээ авлаа. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн урьдчилан тогтоосон шалгуураар бол бараг юу ч олж чадсангүй. Уулзалтын эхэнд хоёр удирдагч улаан хивсэн дээр зэрэгцэн алхаж, Путиныг олон улсын тавцанд дахин “хууль ёсны” мэт харагдуулсан нь харагдах байдлаараа “ялалт” байв.

Хамгийн том буулт нь Трампын хүлээн зөвшөөрсөн Оросын байр суурь байлаа. Тэрбээр гал зогсоохоос илүү, сүүлчийн энхийн хэлэлцээрт төвлөрөх ёстой гэж үзсэн нь Украинд илүү хүнд байдал авчирч, Орост хугацаа хожих боломж олгосон байна. Мөн Трамп түр хориг арга хэмжээгээ азнахаар болж, Москва тодорхой ашиг хүртэв.

Европын холбоотнуудын мэдээлснээр, уулзалтын үеэр Путин Донбасс дахь эзлэгдээгүй хэсгийг Украинд өгөхийг шаардаж, оронд нь Херсон, Запорожийн фронтыг царцаах санал тавьсан байна. Энэ нь Киевийг хүндхэн сонголт хийхэд хүргэж, ирээдүйд Орос дахин довтлох суурийг тавьж мэднэ гэж шинжээчид анхааруулжээ.

Гэсэн ч Трамп зарим талаар барууны түншүүдээ тайвшруулсан. Тэр Украин дайны дараа АНУ-аас тодорхой хэмжээний аюулгүй байдлын баталгаа олгох боломжтой гэж дурдсан ч, яг ямар хэлбэртэйг тодорхойлоогүй. Мөн энэ долоо хоногт Ерөнхийлөгч Зеленскийг Цагаан ордонд хүлээн авч уулзахдаа зарим Европын удирдагчдыг оролцуулах магадлалтай байгаа нь энхийн үйл явцыг өргөжүүлэх оролдлого гэж харагдаж байна.

Трампын өмнө тулгарч буй сонголтууд

Аляскийн уулзалтын дараа Трамп өөрийнхөө тавьсан өндөр хүлээлтэд хүрч чадаагүй. Тэрбээр цаашид хэд хэдэн замаас сонголт хийх шаардлагатай болж буй. Тухайлбал,

  • Украинд шахалт үзүүлж, Оросын эзлэн түрэмгийллийг хууль ёсны мэт болгож, олон улсын дэг журмыг сулруулах уу
  • Эсвэл нэр хүндээ сэргээхийн тулд хориг арга хэмжээг дахин ашиглан Путины тооцооллыг өөрчлөх үү
  • Оросын хүсч буй урт хугацааны энхийн хэлэлцээрт оролцож, олон жилийн сунжирсан үйл явцыг сунгах уу
  • Эсвэл урт хугацааны, амархан дуусчихгүй энхийн үйл явцаас уйдаж, бүхнийг орхих уу

АНУ-ын Батлан хамгаалахын хуучин албан тушаалтнуудын үзэж буйгаар, Трамп бодлогоос илүү имижид анхаарах болон том зургаар нь мэт харагдуулахад дуртай. Энэ сул талыг Путин овжин ашиглаж, бодит буулт хийхгүйгээр Трампыг зурагтаар сайн харагдуулж чадсан гэжээ.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт буюу өнөөдөр Европын удирдагчдын өргөн бүрэлдэхүүний хамт Вашингтонд очиж, Трамптай уулзахаар бэлтгэж байгаа ч дайн тасралтгүй үргэлжилсээр байгаа.

Фронтод Оросын ялалт эсвэл ялагдал ойрын хэдхэн долоо хоногт харагдах болно. Цаг агаар сэрүүсч, хөрс чийгшиж, давшилт хийхэд бэрх болохоос өмнө Путинд аравдугаар сарын дунд үе хүртэл хугацаа бий. Энэ бол бүтэн хоёр сар гэсэн үг. Түүний цэргүүд өдгөө маш их хохиролтой, багахан давшилтуудыг Зүүн Украинд хэн ч мэдэхгүй шахам тосгодыг эзлэхээс илүү стратегийн ололт болгон хувиргахын ирмэг дээр ирчихээд байна.

Трампын “энхийн ерөнхийлөгч” гэх имижид өгсөн цохилт

Трамп олон улсын хэд хэдэн маргааныг намжаасан хэмээн өөрийгөө “энхийн ерөнхийлөгч” гэж сурталчилдаг. Гэвч Украинд дайн дуусгах амлалтаа биелүүлж чадаагүй нь түүний нэр хүндэд том цохилт болов. Тэр нэгэнтээ “Украины дайныг 24 цагт зогсооно” гэж байсан бол Аляскийн дараа “Энэ бол тун ярвигтай асуудал” хэмээн хэлж, хүлээн зөвшөөрсөн байна.

Трампын сүрдүүлсэн хоёрдогч хориг арга хэмжээ нь Оросын нефть, хийг худалдан авч буй талуудыг шийтгэх тухай байсан. Гэвч энэ нь хоёр ч удаа хэрэгжээгүй үлдсэн бөгөөд 2025 онд дахин Путинд дайнаа зогсоох шахалт үзүүлэхгүй. Гэвч аль хэдийн түүнд Энэтхэг, Хятадын удирдагчдын зүгээс шахалт үзүүлсэн нь илт. Магадгүй Трампын урилгыг зөвшөөрөн Аляскад уулзахаар зорих шалтгаан нь ч болсон байх.

Путин өөрийн хоёр гол эрчим хүчний худалдан авагч, бодитоор бол санхүүжүүлэгч болсон улсуудаас ирэх эдийн засгийн дарамтын дор урт хугацааны дайн үргэлжлүүлэхийг хүсэхгүй байгаа. Эдгээр улсууд өөрсдөө ч АНУ-ын тарифын дарамтыг тэсвэрлэх шаардлага үүсчихсэн. Иймд Путин хэдий дайны талбарт давшиж байгаа ч, хэлэлцээний ширээний ард туйлын удаан, болгоомжтой хандаж байна.

Путин ч Трампын амбицийг овжин өдөөж, түүнийг магтан сайшаасан. Трамп ийм магтаалыг итгэж хүлээн авч байгаа нь АНУ-ын холбоотнуудад түгшүүр төрүүлж буй. Эцэст нь, Аляскийн уулзалтаар Орос цаг хожиж, Украины хувьд нөхцөл байдал улам төвөгтэй болсон. Трамп өөрийгөө дэлхийн энхийг тогтоогч мэтээр харуулахыг хүссэн ч, түүний гаргасан буултууд Путиныг илүү хүчтэй болгож, ялагч мэт харуулах боллоо.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зөнч
Зөнч
8 сар 18, 2025 11:51

Шуудан зөөгч трамп.Цусан гарт путиныг буухад амэрик цэргүүд улаан хивс дэвсэх гээд путины онгоцны шатны үүдэнд мөлхөж байсан нь Америкийн сүр хүч гээд байгаад эргэлзэхэд хүргэж байна.Бараг 21р зууны шилдэг онигоо ..АМЭРИК УЛС ИЙМ БОЛТЛОО ДОРОЙТСОН УУ?

Холбоотой мэдээ

Back to top button