Трамп, Зеленскийн уулзалт: Гурван талт уулзалт зохион байгуулж, Путинтай хэлэлцээ хийнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Европын удирдагчдын хэлэлцээ Цагаан ордны Зууван танхимд зөвхөн удирдагчдын хүрээнд дахин эхэлсэн талаар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
Баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай Аляскт зогсож байхад Путин Украин болон Европын улсуудыг өөрийнх нь хийж буй ахиц дэвшилд саад хийхгүй байхыг анхааруулсан юм. Харин өнөөдрийн Цагаан ордны уулзалт бол Европын хариу үйлдэл нь байлаа.
Цагаан ордны нэгэн албан тушаалтан мөн Зеленский болон Европын удирдагчид одоо Трампын хамт Зууван танхимд байгаа гэдгийг баталсан.
Аляскад болсон уулзалтын дараа Европын удирдагчид яаралтайгаар Вашингтонд цугласан нь учиртай. НАТО-г олон удаа шүүмжилж ирсэн Америкийн Ерөнхийлөгчийн тогтворгүй байдлын талаар тэдний дунд аль хэдийнэ байсан эргэлзээг баасан гарагийн уулзалт улам бүр гүнзгийрүүлсэн билээ.
Гэвч энэ бол Барууны хамтын ажиллагаа яаж ажиллах ёстойг харуулсан жишээ байв.Трампын уриалгаар үг хэлсэн Европын удирдагч бүр өөр өөрийн сэдвийг хөндсөн юм. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Трампын санал болгосон Путин, Зеленский нарын гурван талт уулзалтад дөрөв дэх суудал нэмэгдэж, тэр нь Европ байх ёстойг онцлов. Германы канцлер Фридрих Мерц Путины хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, харин Трамп дэмжсэн гал зогсоох асуудлыг тулгасан. Их Британийн Ерөнхий сайд Киер Стармер Украинд аюулгүй байдлын баталгаа олгох нь чухлыг дурдсан бөгөөд үүнийг НАТО-гийн харилцан хамгаалах заалтыг жишээ болгон санал болгожээ.
Либерал төвч үзэлтнүүдийн төлөөлөл болсон Макроноос эхлээд популист консерватив чиг баримжаатай Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони хүртэл улс төрийн өргөн хүрээний удирдагчид нэгэн дуугаар байр сууриа илэрхийлсэн нь үнэхээр сонирхолтой явдал болов. Европын холбооноос гарсан Британи ч далай давсан түншүүдтэйгээ хамт бат зогслоо. Трампын зочид бүрэн бэлтгэлтэй ирсэн бөгөөд хэзээ ч гаргадаггүй нэгдмэл байдлыг харуулсан юм.
Трампын энхийн санаачилгыг өмнө нь хэн ч хийгээгүйг илүү урагшлуулсан хэмээн зочид нь онцолж байв. Тэдний зорилго нь Путины хүсч буйгаас өөр, үнэхээр шударга энх тайванд хүрэхийн төлөө урт хугацаанд идэвхтэй оролцох үндэслэлийг улс төрийн төдийгүй сэтгэл зүйн талаас ч бүрдүүлэх явдал байсан нь харагдсан.
Хамтарсан штабын дарга, генерал Дэн Кейн болон түүний баг өнөөдрийн Цагаан ордонд болох уулзалтад бэлтгэх хүрээнд Украинд олгох боломжит аюулгүй байдлын баталгааны асуудлаар ажиллаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.
Мөн Европын засгийн газрууд ижил төстэй хэлэлцүүлэг явуулж байгаа гэж эх сурвалж нэмж хэлэв. Харин АНУ-ын оролцооны ямар хувилбарууд яригдаж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Трамп АНУ-ын цэргийг Украинд илгээх боломжийг бүрэн үгүйсгээгүй юм. Кейний энэхүү төлөвлөлтөд оролцож буй нь АНУ Украинд бодитоор туслахад бэлтгэлтэй байгаагийн тод илэрхийлэл гэж хэлж болохоор байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет, генерал Кейн нар өнөөдөр Цагаан ордонд байсан бөгөөд Ерөнхийлөгч Трамп Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский болон Европын удирдагчидтай уулзсан юм.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Украинд аюулгүй байдлын баталгаа олгохтой холбоотой төлөвлөлтийн үйл явцад Кейний гүйцэтгэж буй үүргийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан юм.
Гэсэн ч энэ бүхэн Орос, Украины хоорондын гүнзгий, бараг эвлэрэшгүй зөрчлийг даруй шийдвэрлэж чадахгүй. Мөн Путин энэ бүхнийг анхааралтай ажиглаж байгаа.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай маш сайн ярилцсан хэмээн мэдэгдэв. Тэрбээр “Би Ерөнхийлөгч Трамптай маш сайн ойлголцсон гэж бодож байна. Бид чухал, асуудлаар ярилцсан” гэсэн юм
Түүний дурдсан гол асуудлууд,
- Аюулгүй байдлын баталгаа: Өөрөө болон танхимд суугаа удирдагчдын хувьд Украины аюулгүй байдалд анхаарч, хамтдаа байгаад талархсан юм.
- Хүмүүнлэгийн асуудал: Украин улсаас хүчээр авч явсан хүүхдүүдийн талаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путин руу Трамп болон АНУ-ын Тэргүүн хатагтай захидал бичсэнд талархаж байгаагаа тэмдэглэв.
- Гурван талт уулзалт: Хэрэв Орос гурван талт уулзалтад зөвшөөрвөл, Зеленский Трампын оролцохыг баяртайгаар хүлээн авна гэлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нартай уулзалт зохион байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлсэн гэдгээ мэдэгдсэн юм.
Тэрбээр, олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, Цагаан ордонд Европын удирдагчидтой уулзах үеэрээ Путинтай утсаар ярьсан гэв.
“Уулзалтуудын төгсгөлд би Ерөнхийлөгч Путин рүү залгаж, түүнийг Зеленскийтэй тохиролцох уулзалтын зохион байгуулалтыг эхлүүлсэн. Уулзалтын байрлал нь хараахан тодорхойгүй байна. Энэхүү уулзалтын дараа гурван талт уулзалт болох кбөгөөд үүнд хоёр Ерөнхийлөгч болон би оролцох юм. Энэ бол бараг дөрвөн жил үргэлжилж буй дайны хувьд маш сайн, эхний алхам болсон гэж үзэж байна” гэж Трамп бичжээ.
Трампын хэлснээр, өнөөдрийн уулзалтууд нь Украинд олгох аюулгүй байдлын баталгааны асуудалд төвлөрсөн гэв.
“Бүх хүн Орос, Украины хооронд энх тайвны хэлэлцээ хийх боломж гарч байгаад маш их баяртай байна” хэмээн Трамп нэмж бичсэн юм.
Эх сурвалж: CNN
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.