НИЙГЭМ

Гурван хүний амь аварч, 25 насандаа “Цагдаагийн гавьяа” медаль хүртсэн ахлагч Б.Өлзийсайхан

25 настай ч хорвоод гурван хүний амийг баатарлагаар аварсан цагдаа залуу. Тэсгим хүйтэн өвөл таван зорчигчтойгоор Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт зорчиж явсан суудлын автомашин том оврын автомашинтай мөргөлдөж гурван хүн нь харамсалтайгаар өнгөрсөн ослын газарт анхлан очсон нь цагдаагийн ахлагч Б.Өлзийсайхан байжээ.

Түүнийг Замын үүд сумын хяналтын пост дээр үүрэг гүйцэтгэж байх үед нь тасгийн дарга нь "36 км зайд осол гарсан байна. Бүрэлдэхүүн очихоос урьтаж очоод нөхцөл байдалтай танилц" хэмээснээр ирсэн байна.

"Намайг очиход осол гараад удаагүй байсан. Жолооч болон арын суудалд зорчиж явсан гэх 50 орчим насны эрэгтэй амьд үлдсэн байв. Тус машины жолоочийн биеийн байдал харьцангуй тогтвортой байсан. Харин хижээл насны эрийн хувьд биедээ олон тооны гэмтэл авч, толгойноос нь тасралтгүй цус гарч байсан. Гэхдээ ухаантай.

Би ч дотроо "хамгийн түрүүнд цусыг нь тогтоох хэрэгтэй, мөн түргэн тусламж иртэл ухаан алдуулж болохгүй. Ярилцах хэрэгтэй" гэсээр 40 орчим минут тэнд суусан. Ийн түргэний тэрэг ирснээр уужуу амьсгалах чөлөө гарч билээ. Тэр үед амийг нь аврах сан гэх бодол л тээж байлаа"

-Таны амийг нь аварсан тэр хүнд мэнд үлдэж чадсан уу. Та хоёр сүүлд нүүр тулан уулзсан уу?

-Уулзсан. Ах тэр өдөр Алтан гадас одон хүртээд харьж явсан юм билээ л дээ. Гэтэл тийм золгүй явдал тохиолдсон байсан. Ахтай сүүлд эмнэлгээс гарах үед нь санаандгүй таарсан юм. Суга таяг тулчихсан явж байхдаа надтай цөөн хором уулзаж их л баярласнаа илэрхийлсэн. Бараг нэг жилийн туршид эмнэлгээр явж, шаардлагатай эмчилгээ, сувилгаагаа хийлгээд тэнхэрсэн гэсэн.

Мөн ар гэрийнхэн ослын дараа миний ажилладаг пост дээр хадаг, сүү бариад ирж байж билээ. Бүр "энэ хүүд өгөх ёстой юм байвал өгнө" хэмээн манай цагдаагийн газар очсон гэсэн. Тэгэхэд нь манай газрын дарга "та ямар нэгэн материаллаг зүйл өгөх юм бол хахууль болж хувираад тусгүй юм болно шүү. Түүний оронд ерөнхий газарт талархал бичиж, уламжилсан нь дээр" хэмээн буцаасан байсан.

-Таныг албан үүргээ биелүүлж байхдаа хүний амийг аварсан хэмээн "Цагдаагийн гавьяа" медалиар шагнасан тухай дуулсан. Чамлахаар шагнал биш шүү дээ. Гэтэл 25-хан насандаа энгэртээ гялалзуулжээ дээ.

-"Цагдаагийн гавьяа" надад маш гэнэтийн байдлаар ирсэн. Дээр дурдсанчлан миний амийг нь аварсан хүний ар гэрийнхэн ерөнхий газарт болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй бичиж, талархал илэрхийлсэн байсан. Тэр талархлын хариу надад төд удалгүй энгэрт гялалзах гавьяа болоод ирсэн л дээ.

Нэг өдөр ажил үүргээ биелүүлээд явж байтал утас дуугарч "Чиний гавьяа ирсэн. Маргааш аймгийн төвд ёслолын хувцастайгаа ирээрэй" гэв. Итгэдэггүй юм билээ. Андуурсан юм биш биз дээ, цагдаагаар ажилласан хүн бүхэн авч чадахаар шагнал биш шүү дээ гэсэн бодол тээсээр өглөөг угтсан.

Удалгүй гавьяаныхаа найрыг хийсэн. Ажлын хамт олон, гэр бүл, найз нөхөд, надаас олон жил ажилласан мөрдөс нэгт ах нар ч цуглав. Тэд "Насаараа ажиллаад ч авч чадалгүй тэтгэвэртээ гардаг алба хаагчид цөөнгүй. Гэтэл чи авч чадлаа шүү дээ" гэсэнд, ихэд баярлаж билээ.

-Өмнө нь өндөр хүчдэлд цохиулсан хүний амийг бас аварсан гэсэн шүү дээ. Энэ талаар ярихгүй юу?

-2020 он буюу Ковидын үеийн явдал л даа. Анирстар” гэдэг зочид буудалд хөл хорионы нөхцөл байдал дээр үүрэг гүйцэтгээд өглөө нь буух гэж байтал гаднаас хүн орж ирээд “цахилгаанчин тогонд цохиулчих шиг боллоо. Гараад хараач” гэсэн. Гараад хартал үнэхээр дээшээ өргөдөг краны арган дотор нэг хүн хэвтчихсэн, туслах нь газарт буучихсан хүмүүсээс тусламж хүсэж байсан. Би очоод краныг нь буулгах гэтэл машин нь хүчдэлд өртөөд ажиллахгүй болсон байсан л даа. Тэгэхээр нь яаралтай дээшээ авирч гараад араг дотор нь орж удирдах гэсэн ч болоогүй.

Угтаа тэр машины жолооч манай аав байсан юм. Аав руу утасдаж асуувал “Дээшээ өндийх бүр дахин дахин тог цохино шүү. Аль болох доошоо суу” гэсэн. Тэр үед тогонд цохиулсан цахилгаанчин өндийгөөд бас дахиад хүчдэлд цохиулсан. Би бас өөрөө цахилгаанд цохиулаад утсаа алдчихсан. Тэр хүн дахиж тогонд цохиулсныхаа дараа толгойноос нь утаа савсаад хэцүү байсан шүү.

Тэгээд л дахиад хүчдэлд өртөх вий гэсэндээ доош нь дараад өндийх боломж өгөөгүй. Харин Онцгойгийнхон 10 гаруй минутын дараа ирж тусалсан. Бас төвөөс тогийг яаралтай тасалсан. Одоо тэр хүн мэнд, цахилгаанчнаа хийгээд явж байгаа. Нэг гараа тайруулсан гэсэн.

Тухайн үед тогонд цохиулсан хүнээ түргэний тэрэгт суулгаж явуулчхаад тэнд ирсэн хүмүүстэй юм яриад зогсож байхад онцгойгийн мэргэжилтэн над дээр ирсэн. Чи нөгөө тогонд цохиулсан хүн мөн үү, бие чинь зүгээр үү гэсэн. Тэгэхэд нь би "зүгээр ээ" гэсэн ч тогонд цохиулсан хүний биед заавал ул мөр үлддэг юм. Хувцсаа тайл даа гэхэд нь тайлж харахад миний өмссөн савхин хүрмийн дотор тал шатсан байсан. Мөн баруун гарын мөрний хэсэгт гурван газар нэвт цоорчихсон байсан шүү. Яг л вакцины сорив шиг. Сонин юм билээ. Одоо тэр цоорол эдгэчихсэн, сорив нь бүдэгхэн л харагддаг даа.

-Цагдаа болохынхоо урьд ч мөн хүний амийг аварч байсан юм байна лээ. Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Би хугацаат цэргийн албаа 013 дугаар ангид хаасан. Тэр үедээ хамт алба хаасан он жавынхаа амийг аварч байсан юм л даа. Тодорхой сайн дүрсэлж чадахгүй байж мэднэ. Тэр цагаас хойш нэлээд олон жил өнгөрсөн байна шүү дээ.

Нэг оройн жагсаалын үеэр болсон явдал. Бүгд жагсаад ангиас гарч явтал мөр зэрэгцэн алхаж явсан нөхрийг минь машин мөргөсөн. Би тусалчих санаатай бүснээс нь татах үедээ өөрөө хамт мөргүүлж орхисон. Машинд мөргүүлсэн тэр найз минь тэр үед ухаан алдаж, нэг хэсэгтээ эмнэлэгт хэвтсэн. Харин миний хувьд харьцангуй хөнгөн бэртсэн учир долоо хоноод эмнэлгээс гарч байсан юм.

-25-хан насандаа гурван ч хүний алтан амийг аварчээ, та. Ар гэрийнхэн нь ажил мэргэжлийг нь хэр ойлгож, дэмждэг вэ?

-Би өөрөө ч хүний амийг аварчихлаа гээд нэг их онгироод яриад яваад байдаг хүн биш л дээ. Гэрийнхэн маань ч тэр нэг их бахархаж буйгаа хэлээд байдаггүй. Дотроо боддог л байх. Наанаа бол "чи зүгээр үү, бие чинь сайн уу" гэнэ. Харин эхнэрийн минь хувьд бага ангийн багш мэргэжилтэй, багаасаа л нэгэндээ ээнэгшин дассан учир ажил мэргэжлийг минь хэн хүнээс ч илүүтэйгээр сайн ойлгоно, хайрлана.

-Ер цагдаа болох талаар хэзээнээс бодож, шийдэв?

-Би эмээгийн хүү. Эмээ цагдаагийн журмын хашаанд манаач хийнэ. Багаас мөрдөстэй, жимбэгэр хувцастай ах нарыг харж дассаар цагдаа л гоё юм байна. Цагдаа л болох юм шүү гэж бодогдож байсан. Харин заавал болно гэх шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь нэгэн үйл явдалтай холбоотой.

Би дийлэнхдээ эмээдээ хань болж, дэргэд нь байсан. Тэр нэг өдөр яагаад ч юм гэртээ ирчихсэн байх үед эмээгийн бие гэнэт хүндээр өвдсөн тухай хэл ирэв. Бушуу гараад ирвэл эмээгийн манаач хийдэг журмын хашааны хаалга уначихсан байх ба түргэний тэрэг ирэхээс урьтаж цагдаагийнхан алаг машинтайгаа эмнэлэг явсан нь тэр байжээ. Бүр хаалгаа цөм дайраад гарч одсон байж билээ. Эмээ минь эмнэлгийн тусламж цаг алдалгүй авч, цагдаа гэдэг хүн бусдын амь нас, эрүүл мэндийг ямар гайхалтайгаар хамгаалж ажилладаг болохыг зүрхэндээ шингэтэл ойлгосон явдал тэр байсан даа.

Одоо цалин мөнгө, ажлын ачаалал, хүмүүсээс ирэх хандлага харилцаа гээд олон асуудал байв ч тухайн үеийн мэдрэмж одоогийн намайг хүлчхээд хаашаа ч явуулдаггүй байх.

-Цагдаагийн ажил цаг наргүй, цалин нь хүрэлцээгүй гэх хүмүүс цөөнгүй. Хувиараа өөр ажил хийх эсвэл гадаад руу явах нь элбэг болсон цаг шүү дээ. Танд тийм бодол төрж байв уу?

-Хамт ажиллаж байсан нөхөд, таньдаг мэддэг хүмүүс дундаас мэргэжлээсээ халшраад гадаад орныг зорих нь элбэгшсэн. Тэр хүмүүст мөн буруу өгөх аргагүй л дээ. Үнэхээр өнөөгийн Монголын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ дээ. Зугтмаар санагдах үе бишгүй л. Гэхдээ зугтах гэхээс илүүтэйгээр одоогийн өөртөө ахих боломжийг олгох хэрэгтэй санагдсан.

Би цагдаагийн ахлагч цолтой. Офицер болох мөрөөдөл байсан ч нэг гэрээс хоёр оюутан сургах хэцүү учир нэгт ар гэрээ бодсон. Хоёрдугаарт эхнэр маань оюутан байсан, удалгүй хүүхэд минь мэндэлсэн болохоор өрх гэр авч яваа хүний хувьд мөнгө олох үүрэг надад оноогдсон гэх үү дээ. Тэгээд л сурч чадаагүй. Харин дараа жилээс мэргэжлээ дээшлүүлж сурах санаа ч бий, боломж нь ч бүрдэж байгаа гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 21, 2025 08:54

Мундаг хүүд хамгийн сайн сайхныг хүсье. Хүү минь эргүүлийн офицер �##�бан туша�##�д томилогдсоныхоо дараахан ээлжтэй шөнө нь үүрээр хаяг тодорхойгүй тоосгон супермаркетын арын гудманд байдаг байшинтай угаартчихлаа гээд холбоо тасарчихсан дуудлагаар жолоочтойгоо явсан байдаг. Хотын дүүрэгт тоосгон супермаркет зөндөө ш дээ. Хүү хоёр газрыг тооцоолж эхний газраа очоод хараад гэрэлтэй айлуудыг онцлоод яг дэлгүүрийн арын хашаар уу харт�##� 3 байшин голын байшин гэрэлтэй байж хашааны ха�##�га цоожтой нохой хуцаад байгаа ч ямар ч хүн харагдахгүй шууд хашааг нь давж ороод хашааны ха�##�гыг онгойлгож жолоочтойгоо хоёулаа гэрэлтэй байшинд ортол үүдэнд нэг орны өмнө нэг орон дээр нэг 3 эмэгтэй ухаан �##�дсан байж бүх цонх ха�##�тыг онгойлгож анхны тусламж үзүүлж, араас ирэх түргэнд зам за�##�гахаар жолоочоо гаргасан байна. Ирсэн түргэн та нар хурдан олж дахиад 5 минут л болсон бол найдваргүй байж гээд аваад явж. Цэргийн госпит�##�ьд ээж 2 охинтойгоо эмчлүүлж 2 охин нь нэг хоёр хоноод гарч ээж нь эрчимт эмчилгээнд хэвтэж байгаа гээд хүүгийн ажил дээр охидууд нь ирж манайх энд ирээд удаагүй бид хаягаа сайн мэдэхгүй байсан биднийг цаг �##�д�##�гүй олж 3 хүний амь аварсанд баярл�##�аа гээд мөн сайтад мэдээлсэн байдаг. Харин жижүүрээс бууж ирэхэд нь нохойд уруулсан �##�баны өмдийг нь оёж суухдаа хүүгээ чин сэтгэлээсээ ажлаа хийж байгаад нь бахархаж билээ.

Зочин
Зочин
8 сар 21, 2025 11:08

Бцянтай хүү байна, урт наслаг

Зочин
Зочин
8 сар 21, 2025 11:08

Буянтай хүү байна, урт наслаг

Зочин
Зочин
8 сар 21, 2025 12:45

Энгэр дээр зүүх тэмдэг яах вэ. Энэ хүүг офицер болгож ирээдүйд нь том хөрөнгө оруул�##�т хийгээч. Тэр удирдлага нь хөөцөлдөж ХСИС нь урилга явуулдаггүй юм уу. Цагдаагийн �##�банд их ирээдүйтэй хүү байна. Харж л байгаарай

Зочин
Зочин
8 сар 21, 2025 13:55

Ажлын амжилт хүсье.
Би бас цагдаа байсан. Замын цагдаа 13, 14 жил орчим. Энэ хугацаанд амьтан хүнд муу хэлүүлэн, хара�##�, зүхэл дунд 500 орчим согтуу жолоочийг саатуулж байлаа. Энэ олон хүн дотор хүн �##�ах хэмжээний согтуу нь цөөн байсан байж болно. Хөл дээрээ тогтож чадахгүй юмнууд ч машин бариад явж байгаад баригдаж л байсан. Гэхдээ одоо бодож байхад 500 хүний хэд нь өөрсдийгөө болон өрөөлийг эрсдэлд оруулах байсан бол гэж. Цагдаагийн энэ ажлыг “хэрвээ” гэж дүгнэх боломжгүй ч сэтгэл дотроо “ядаж 1, 2 хүний амь, нас, эрүүл мэндийг хамга�##�сан байх даа” гэж дотроо бодож л явдаг. Цагдаагийн �##�ба сайхан �##�ба, дийлэнх нь уужимхан дотортой, сайн з�##�уус байдаг шүү. Дотроо айж, эмээн, уурлаж байсан ч журмын дагуу ажиллаж явдаг жирийн л эрчүүд байдаг. Миний хувьд аавынхаа ажлыг өвлөж, хар багаас цагдаад дурлаж ажилласан хүн. Гэхдээ өөрийн нэр хүндээ бодож олны хэл ам, ЦЕГ-т тааруу үнэлгээ авчих вий гэж айхдаа �##�ба хаагчидаа хавчиж, дарамт�##�сан нэг хурандаагаа даргаас болж хайртай �##�баа өөрийн хүсэлтээр орхисондоо би.

Холбоотой мэдээ

Back to top button