Орон нутагт хар тамхитай холбоотой хэрэг гаралт өсжээ

Дэлхийн “Хар тамхи, мансууралтай тэмцэх” өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас холбогдох байгууллагуудтай хамтран Буянт-Ухаа, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтууд, Орхон аймгийн Баян-Өндөр суманд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ухуулга, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.
2018 онд 199 гэмт хэрэгт 402 хүн холбогдон шалгагдсан бол 2019 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 96 гэмт хэрэгт 188 хүн холбогдон шалгагдаж байна. Урд оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 7,3 хувиар буюу 7 нэгжээр, холбогдогч 1,1 хувиар буюу 2 нэгжээр өссөн байна.
Нийт холбогдогчийн 87 хувь буюу 164 нь эрэгтэй, 13,8 хувь буюу 24 нь эмэгтэй бол 86 хувь нь 19-35 насны залуучууд, 4,7 хувь буюу 9 нь насанд хүрээгүй хүн байна.
Гэмт хэрэгт холбогдогчдын 54,2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Боловсролын байдлаар нь үзвэл:
67,5 хувь нь бүрэн дунд,
23,4 хувь нь дээд,
6,3 хувь нь бүрэн бус дунд,
1 хувь нь тусгай дунд боловсролтой байна.
Харин гадаад улсын долоон иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсоноос ХБННУ-4, БНСУ-1, Франц-1, Энэтхэг-1 байна.
Сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг орон нутагт гарах хандлага байна. Тухайлбал, 2019 оны хагас жилийн байдлаар орон нутагт хар тамхины 13 гэмт хэрэг бүртгэгдсэн байгаагаас Орхон аймагт 8, Сэлэнгэ аймагт 1, Булган аймагт 1, Төв аймагт 1, Дорнод аймагт 1, Өмнөговь аймагт 1 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.
Ж.ДӨЛГӨӨН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.